Анализ | 7 мин уншина

Игзаар хүрснээ эрх чөлөөний өдрөөр…

Игзаар хүрснээ эрх чөлөөний өдрөөр…
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 3

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Манайхан энэ өдрийг уламжлал ёсоор баяр болгон тэмдэглэж, хуралдаж өнгөрөөж байна. Уг нь эрх чөлөөний өдөр бол тэмдэглэлт ойгоос ялгаатай. Ямарч  эрх чөлөөг тэмцлээр олдог, тэмцэж хамгаалдаг учир энэ өдөр бол эрхээ хамгаалах, эрхээ, эрх чөлөөгөө сануулах өдөр. Зарим улс оронд энэ өдөр телевизүүд эфирээ тодорхой хугацаанд хааж, сонинууд нүүр хуудсаа цагаанаар гаргаж эрх чөлөөгөө хамгаалдаг, сануулдаг юм билээ. Харин манай сэтгүүлчид эрх чөлөөний өдрөөрөө тэгж байсан удаагүй, энэ удаа ч тэгсэнгүй. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр ноднингийнхоосоо ухарч, яг энэ өдрүүдэд нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнасан хэрэгт эрүү үүсгүүлэх тухай ТЕГ-ын албан мэдээ гараад байхад л “бүх юм болж бүтэж байна” гэж салбарын толгой байгууллага-МСНЭ болон мэргэжлийн холбоод үзэж байгаа бололтой юм.

Үгүй шүү, найзууд аа. Сэтгүүлчид бид, манай салбарынхан буруу дэвэх нь их болжээ. Гүтгэхийг Эрүүгийн хуулиар шийтгэж, 100 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн төслийг эсэргүүцэж Телевизүүдийн болон Өдөр тутмын сонины холбооныхон эфирээ зогсоож, сонинууд зарим нүүр хуудсаа цагаанаар гаргаж байлаа. Энэ аргыг Монголын сэтгүүлзүйд хамгийн анх алдарт сэтгүүлч Ц.Балдорж агсан, Б.Ганболд эрхлэгч нарын удирдлага, заавраар өдөр тутмын сонины бидний хэдэн нөхөд эхлүүлж,  УИХ-ын гишүүдийн тойрогт төсвөөс мөнгө хуваарилсныг эсэргүүцэн сонины хоёрдугаар нүүрээр цагаанаар нь гаргаж эсэргүүцэж байлаа. Харин гүтгэхийг Эрүүгийн хуулиар шийтгэхийг эсэргүүцсэн нь хоёр дахь тохиолдол. Тухайн үед алсаа болон агуулгыг харалгүйгээр “100 сая хүртэлх төгрөг” гэх торгуулийн хэмжээний өндөр тооноос сэтгүүлчид маань сүрдсэн, айсан, тэмцсэн нь үнээн. Гэтэл үнэн хэрэгтээ сэтгүүлчид гүтгэхгүй байхад л болох юм, цаашид ч гэсэн.  Хэрвээ гүтгэхийг гэмт хэрэгт тооцуулж чадсан бол гагцхүү шүүхээс зөвхөн хууль хэрэглэж байж сэтгүүлчдийг торгоно, шийтгэнэ. Харин холбоодын тэмцэл, нэрээ бодсон улстөрчдийн гэнэтийн ухралт хоёрын үр дүнд гүтгэхийг зөрчилд тооцсоноор одоо дурын цагдаа бараг л үзэмжээрээ сэтгүүлчдийг торгож, бас дуудан байцааж байгаа. Миний хувьд сэтгүүлчид гүтгэх давуу эрхгүй, харин гүтгэхгүй ажиллах үүрэгтэй гэж үздэг бөгөөд энэ нь өнгөрсөн үйл явдал учир энд дахин нуршихгүй.

Харин шинэ үйл явдал, өнөөдрийн бүх арга хэмжээг зориулж, бүтэн өдөржин ярьж болох шинэ кэйс байна.  

Нэр бүхий есөн сэтгүүлчийг чагнаж тагнажээ. Ингээд хаяж өнгөрөөж болох ердийн мэдээ мөн үү, энэ. Хардагдсан Ц.Нямдорж сайдын тайлбар, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “өмгөөлөл” хангалттай юу. Сэтгүүлчдийг тагнасныг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санал хүргүүлсэн Тагнуулын ерөнхий газар, түүнийг нь олон нийтэд мэдээлсэн прокурорын албан эх сурвалжийг үл тоож, орхиж болох юм уу. Нүд үнэнч, чих худалч л гэдэг. Тэгвэл аль ч улс оронд тагнуулын байгууллага бол төрийнхөө нүд, чих л байдаг. Хэрвээ тэд энэ удаа нүд, эсвэл буруу сонссон чих байв уу, сайн мэдэхгүй. Гэхдээ л баримт, үндэслэл байгаа учраас л эрүүгийн хэрэг үүсгэж  яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт санал хүргүүлэх хүртлээ ажилласан байна. Мөн чанартаа энэ бол хаяг нь сэтгүүлчдийг чагнаж тагнасан болохоос цаад агуулга нь олон нийтийн мэдэх эрхэнд халдаж, хэвлэлийн эрх чөлөөг хааж боомилсон үйл явдал юм. Гэтэл сэтгүүлчид бид “гүтгэх эрхийг минь хариуцлагын гадна үлдээж өгөөч, торгуулийн хэмжээ  нь их байна” гэж эсэргүүцэн тэмцдэг хэрнээ олон нийт-үзэгч, уншигчдынхаа мэдэх эрхийг яагаад хамгаалж дуугарахгүй байна вэ. Сэтгүүлчид бид хамгийн энгийн ч хамаагүй, ер нь хэн нэгний асуудлыг нийтийн хүртээл, нийгмийн дуулиан болгож чаддаг хэрнээ өөрсдийнхөө эрх, эрх чөлөөг хамгаалах болохоор яагаад ийм үлбэгэр, зөвхөн үйл явдлын хагас дамжуулагч болчихдог юм бэ.

АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулж дэлхийд “Уотергейтийн хэрэг” хэмээн алдаршсан түүхийг бид мэднэ. Эрх баригчид нь 1972 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас дөрвөн сарын өмнө өрсөлдөгч намынхаа байранд чагнах төхөөрөмж тавьж улмаар зорилгодоо хүрч Никсон төрийн тэргүүнээр сонгогдсон юм. Тагнуулын энэ хэрэг эхлэх үеэс л сэтгүүлчдийн дунд “Мөнгийг дага”, “Үнэнийг дага” гэсэн талцал явсан бөгөөд эцэстээ үнэн ялж, хоёр жилийн дараа Никсоныг Ерөнхийлөгчөөс огцруулснаар энэ хэрэг төгссөн юм. Сэтгүүлчдийн ялалтаар хэрэг явдал дууссан ч, АН-ын сонгуулийн штаб нь Вашингтоны Уотергейт зочид буудалд байрлаж, тагнуулж, чагнуулсан учир энэ нэрээр түүхэнд алдаршин үлджээ.

Монголын жишээ гэвэл тухайн үеийнхээ МАХН-ын нэр бүхий гишүүдийн утсыг чагнасан гээд М.Энхсайханы Засгийн газрын Тагнуулын дарга нь огцорч байсан байна. Одоо сэтгүүлчдийг тагнах “захиалга өгсөн” гэж хардагдаад байгаа Ц.Нямдорж гишүүн тухайн үедээ УИХ-ын ажлын хэсгийг ахлан энэ хэргийг шалгаж байжээ. Мөн АТГ-ын дарга, дэд дарга нь ажилтнаа тагнаж чагнасны учир хоёулаа шүүхээс ял авч байв.  Саяхны жишээ гэвэл Х.Тэмүүжинг Хуульзүй, дотоод хэргийн сайд байхад нь тагнаж чагнасан гээд цагдаагийн удирдлагуудыг мөн л буруутгаж нийгмийн дуулиан болгож байв. Хамгийн сүүлд, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад Ерөнхий сайд нь даалгавар өгч тагнасан, чагнасан хэмээн бөөн асуудал дэгдээж, үүнийгээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг  огцруулах улс төрийн далим болгож чадсан юм. Одоо энэ хэрэг яаж шийдэгдсэн, тухайн үедээ хэвлэлийн баатар болж байсан “тагнуулчид” нь хаана явна вэ. Сэтгүүлчид энэ маягаар чагнасан, тагнасан гэх хэрэг бүрийг эхнээс нь дуустал, ийм хэрэгт оролцсон хүмүүсийнх нь асуудлыг шийдэгдтэл тасралтгүй бичиж, нийгэмд хүргэж байлаа. Харин өнөөдөр өөрсдийг нь тагнасан гэх ТЕГ-ын албан мэдээнд яагаад  ач холбогдол өгөхгүйгээр хаяж, гээгээд улсын зөвлөгөөн, гоё нэртэй форумууд хийгээд явчихав аа. Түрүүлж дуугарах ёстой, магнайлж явах үүрэгтэй салбарын дээд байгууллага маань учрыг ухаж, ултайхан хөдлөхийн оронд яаран сандран хэний эрх ашгийг хамгаалсан мэдэгдэл хийчихэв ээ. МСНЭ-ийн шинэ удирдлагууд завсаргүй уулзалтууд хийж, орон нутгийн сэтгүүлчдээ орон байртай болгон ажлаа эрч хүчтэй  эхэлж байгаад талархалтай байна. Гэхдээ сэтгүүлчдэд өнөөдөр ИТХ, юм уу аймгийн Засаг дарга нарын дэмжлэгтэй түрээсийн байрнаас хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө илүү хэрэгтэй. Тагнуулахгүй, чагнуулахгүйгээр ажлаа хийх эрх, эрх чөлөө хэрэгтэй. Нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнасан гэх хэрэгт эрүү үүсгүүлэхээр ТЕГ-аас санал ирүүлсэн тухай мэдээлэлтэй бараг зэрэгцэж хийсэн МСНЭ-ийн мэдэгдлийг хараад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр  үнэндээ игзаар хөдөлсөн шүү. Тэнд сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалдаг мэргэжлийн байгууллага бус, эрх барьж байгаа намын Хэвлэлийн албанаас мэдээлэл хийж байгаа мэт, мөн өөрсдийгөө төрийн эрх мэдэл хуваарилах онолоор дөрөв дэх засаглалынхан гэж  дэс тоонд хэт итгэсэн дүр зураг харагдсаныг шууд хэлье. Олон сэтгүүлчдэд тэгж анзаарагдсан энэ алдаагаа цаашид засч залруулан бүгдийг “Сайтын холбоо” нэртэй санхүүгийн ерөнхий гэрээлэгчийн туган дор нэгтгээд байхгүйгээр бүх сэтгүүлч, редакцийн эрх ашгийн төлөө ажиллана гэдэгт итгэж байна.

Х.Баделхан сайдын тэргүүлдэг Барилга, хот байгуулалтын яамнаас эхлээд зарим яам, агентлаг  хэвлэл мэдээллийнхэнтэй холбоодоор нь дамжуулан хамтарч ажиллах тухай ярьж байна билээ. Одоо холбоогүй салбар, хуваагдаагүй холбоо гэж Монголд бараг байхгүй болсон. Тэгээд ч орчин цагт нэг холбоо байтугай нэг редакци ч бүтнээрээ сэтгүүлзүйг төлөөлөх боломжгүй болж, ялангуяа цахим орчинд иргэний сэтгүүлзүй илүү хүчтэй болж байгааг бид хүлээн зөвшөөрөх цаг болжээ.  Иймд бид энэ өдөр бид тагнасан хэргийг илчилж чаддаггүй юм бол эрх ашгаа хамгаалж, эрх баригчдад сануулъя. Хамгийн наад зах нь “есөн сэтгүүлчийг тагнасан” гэх асуудлаар Сү.Батболдын тэргүүлдэг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдахыг шаардмаар байна ш дээ.  Сошиалын түрж буй хүчтэй давалгааг сөрж, сэтгүүлзүй-сошиал, сэтгүүлч-сэтгэгдэлчин хоёрын ялгааг гаргатал мэргэжлийн ур чадвартаа санаа тавья. Яг сэтгүүлзүйн гал тогоонд гурил зуурдаг, зуурч ирсэн сэтгүүлчдэд бол хэн засаглах, МСНЭ-ийг хэн удирдахаас илүүтэй хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх чөлөө, эх сурвалжаа нууцлах эрх чөлөө, санхүүгийн эрх чөлөө л хамгийн чухал бөгөөд хамгаас үнэ цэнэтэй. Тагнуулж чагнуулсан нь худлаа юм бол эдгээр эрх чөлөөгөө нэхье, ядаж л нэгнийхээ бичсэнийг бүтнээрээ нь болон сэглэн хуулдаг хулгайгаа зогсоох талаар бодлогын шийдвэр гаргахгүй юм уу. Энэхүү нийтлэл магадгүй зарим хүний бас л игзаарыг хөдөлгөх л байх. Гэхдээ салбарынхаа болж бүтэж байгаагаас илүүтэй болохгүй бүтэхгүй байгаагаа  жижиг гэлтгүй ярьдаг өнөөдөр нь өнөөдөр юм. Иймийн учир ихэнх нөхөд маань баярын пост шидэж байхад ингэж эсэргүү дуугарч байгаа маань энэ  өдрийн үнэ цэнийг хамгаалсан миний тэмцэл юм. Ямарч том үйл хэрэг жижгээс эхэлдэг учир мэдээний жижиг хулгайгаас эхлээд сэтгүүлзүйгээр дамжуулж олон нийтийн мэдэх эрхийг тагнасан хэргийг эсэргүүцэж байгаа юм. Мөн ямарч эрх, эрх чөлөөг үргэлжид сануулж байж өнгө ордог, бүтэн байдаг болохыг сануулж байгаа юм.  

Манайхан  сэтгүүлзүйдээ, сэтгүүлч мэргэжилдээ хайртай, бас үнэнч. Бид нэг намын үзэл суртлын дуу хоолой болох цагтаа болсон ч, Монголд ардчиллыг авчрахад эрх чөлөөний дууч нь байж, хагаралгүй, хэрүүлгүй, тархи нь хэтэвчээ захирч чаддаг санхүүгийн хэт сонирхолгүй сэтгүүлзүйг өвлүүлсэн ахмад үеэ үргэлжид хүндлэх ёстой. Тэднийгээ залгамжилсан манай үеийнхэн зах зээл, шилжилтийн хүнд үеүдэд үзгэндээ үнэнч, үгэндээ эзэн явсаар ирсэн. Харин өнөөдөр энэ хоёр үе маань хамтаараа зарим /зарим шүү/ залуусын хэт үгүйсгэл,  хов тойрсон эмоцийн улс төр, хэт хэрүүл мөлжсөн ордны сэтгүүлзүй гуравтай хамтдаа урагшилж, суралцаж л байна. Учир нь,  Монголын сэтгүүлзүй нийтээрээ, нэгэн цулаараа зарчимдаа үнэнч явж байж л нийгмийнхээ баллуур бус, гэрэлтүүлэх лаа нь болох ёстой юм. Бид үүнийгээ мэддэг, ойлгодог. Харин бодит байдал дээр, яг өнөөдөр Монголын сэтгүүлзүй нийтээрээ юунд үнэнч байж, хаашаа яваад байгааг өчүүхэн ч эргэлзээгүйгээр зовхио өөд нь өргөөд зоригтойхон хэлчихнэ хэд байна вэ?

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн