Дэлхий | 2 мин уншина

ОХУ-ын мужийн захирагчийн 'коронавирусийн статистик тоог өөрчил' гэж сүрдүүлсэн бичлэг цацагджээ

ОХУ-ын мужийн захирагчийн 'коронавирусийн статистик тоог өөрчил' гэж сүрдүүлсэн бичлэг цацагджээ
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 26
ОХУ-ын Липецк мужийн захирагч Игорь Артамонов өөрийн доод албан тушаалын ажилчдад тус муж дахь “COVID-19”-ийн өвчлөлийн талаарх статистик тоог өөрчлөн мэдээлэх чиглэл өгч буй аудио бичлэг даваа гаригт Оросын цахим орчинд цацагдсан. Аудио бичлэг.
Оросын “znak.com” вебсайт уг бичлэгийг ил болгосон бөгөөд Липецк мужийн зөвлөлийн гишүүн Олег Хомутинников аудио бичлэгт мужийн захирагч Игорь Артамонов болон мужийн орлогч захирагч Александр Ильин нарын яриа бичигдсэн болохыг баталсан байна. Одоогоор аудио бичлэгт яг ямар статистик тоо баримтын талаар ярьж байсан болох нь тодорхойгүй байгаа аж. 
Аудио бичлэгт, Игорь Артамонов “Энэ тоог өөрчилж, энд 72 байхгүй гэдгийг Москвад итгүүлэх хэрэгтэй. Наад тоогоо өөрчил. Эс тэгвээс хүмүүс манай мужийг муу ажиллаж байна гэж бодох болно. Бид нар нэлээд эвгүйтсэн. Энэ явдлаас болж хурцадмал байдал үүсэж, хэн нэгэн толгойгүй болно гэдгийг ойлгож байна уу. Чи ямар сүртэй юм бэ. Хэдхэн тоо өөрчлөөд биччихэд юу нь болохгүй байна. Тийм хэцүү юм уу. Чадахгүй бол сур” гэх зэргээр доод албан тушаалтнаа сүрдүүлж, загнаж байгаа харилцан яриа бичигдсэн юм.
Даргынхаа сүрдүүлгийн хариуд нэр нь үл мэдэгдэх албан тушаалтан “Энэ чинь ганц товч дарахаас өөр асуудал. Зассан тоо бодит байдалтай нийцэхгүй. Биднээс нотолгоо шаардах болно” гэх зэргээр хариулсан бол мужийн орлогч захирагч Александр Ильин тоог өөрчлүүлэхээр албан тушаалтнуудыг ятгаж байгаа нь бичигдсэн байна.
Липецк мужийн захирагч Игорь Артамоновоос энэ талаар тодруулахад тэрээр ийм харилцан яриа болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр тухайн үед албан тушаалтнуудтай мужийн нийт хүн амд ногдох  коронавирусийн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн статистик тоо баримтын талаар ярьж байсан. Халдвар авсан өвчтөнүүдийн тоог дарж мэдээлэх талаар огт яриа болоогүй. Москва дахь нэгдсэн мэдээллийн төвд манай мужид 72 шинжилгээ хийгдсэн гэж мэдээлэгдсэн. Үнэндээ манайх 100 шинжилгээ хийсэн. Үүнээс болж бид муу ажиллаж байна гэх ойлголт төрж болохгүй гэж мэдэгджээ.
Их Британийн “The Guardian” хэвлэлд энэхүү явдлаас болж ОХУ дахь коронавирусийн өвчлөлийн талаарх мэдээлэлд эргэлзээ үүсэж эхэлсэн талаар дурдсан байна. Одоогоор Кремль энэхүү асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм.
Липецк мужид сүүлийн 24 цагийн байдлаар шинээр “COVID-19”-ийн халдвар авсан 63 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр, нийт өвчлөлийн тоо 1696, нас баралт 5 болжээ.
Эх сурвалж: znak.com, Moscow Times, medusa.io, The Guardian
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн