Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой зарим асуудлаар Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ болон Л.Галбаатар нараас тодрууллаа.
-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хэлэлцэхгүй, буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн ялгаа юу вэ. Таны хувьд алийг нь хэлэлцэх нь зөв гэж харж байгаа вэ?
-Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдлыг авч үзэхдээ, бүтэц бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх гэдэг зохицуулалтыг авч үзэхээс өмнө олон улсын байгууллагын хийсэн түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудыг зайлшгүй авч үзэх шаардлагатай байгаа. Жишээлбэл Европын шүүгчдийн зөвлөлийн хоёр чухал зөвлөмж, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас манай улсын шүүхийн тухай хууль, шүүгчийн эрх зүйн хуульд хийсэн санал дүгнэлт гэсэн чухал баримт бичгүүдийг авч үзэх хэрэгтэй. Эдгээр баримт бичгүүдэд шүүхийн сахилгын хорооны гишүүдийг бүрдүүлэхдээ хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын оролцоог аль болох бага байлгах ёстой гэдгийг зөвлөсөн байдаг. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг анализ хийж судалж үзэхэд дээрх зөвлөмжийн эсрэг хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын байнгын хорооны оролцоог нэлээд хүчтэй байлгахаар тусгасан. Мөн Засгийн газрын оролцоо байхаар тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөлд судлаач хүний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дээр олон улсын хуулийн зөвлөмжийг хангах чиглэл дээр анхаарсан байна. Өөрөөр хэлбэл Монголын хуульчдын холбоо буюу төрөөс хараат бус мэргэжлийн холбооноос Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг бүрдүүлж, томилоход оролцоотой байхаар хуульчилж өгссөн нь зарчмын хувьд зөв гэж харж байна.
Шүүхийн сахилгын хорооны сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессын хувьд олон улсын байгууллагууд чухал зөвлөмж өгч байгаа. Тус зөвлөмжид шүүгчийн сахилга, ёс зүйн зөрчлийг мөрдөн шалгах чиг үүргийг тусад нь, түүнчлэн сахилгын хэргийн шийтгэл оногдуулах явцыг тусад нь авч үзэх ёстой гэж зөвлөж байгаа. Үүнийг Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр авч үзэхээр тус зөвлөмжид заасан асуудал тусгагдаагүй байна. Өөрөөр хэлбэл одоо явж байгаа шүүхийн ёс зүйн хорооны төдийлөн үр нөлөөтэй бус байдлыг хэвээр хадгалахаар хуульчилж өгсөн байгаа. Тэгэхээр үүнийг өөрчлөх шаардлагатай байна. Олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмж, хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэх ёстой гэж үзэж байна.