Open iToim app
Зочин | 5 мин уншина

М.Зоригт: ОХУ хоригтой, зах зээл нь хумигдаж байгаа үед Монгол худалдаагаа сайн хийх хэрэгтэй

М.Зоригт: ОХУ хоригтой, зах зээл нь хумигдаж байгаа үед Монгол худалдаагаа сайн хийх хэрэгтэй
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 1
ОХУ, Украины асуудлаар "Бидний цөөхөн монголчууд" төслийн санаачлагч М.Зоригттой ярилцлаа.
-Таны хувьд Украин-ОХУ-ын асуудалд өөрийн байр суурийг сошиалаараа дамжуулан хүргэсээр байна. Та энэ үйл явдалд ямар байр суурьтай байна вэ?
-Украины хямрал эхэлснээс хойш би энэхүү асуудалд анхаарал хандуулж, судалж байна. Манай улс бол Украины ийм хувь заяаг давтаж магадгүй л улс. Тиймээс жижиг орон, том орны хооронд юу болдог юм байна, дэлхий нийт үүнд яаж ханддаг юм байна, аль талдаа гардаг вэ, ашиг сонирхол нь хаанаа байдаг вэ гэдэгт Монгол Улс гэдэг өнцгөөс анхаарч буй юм.
Дэлхий их ондоо болсон байна. Өмнө нь том гүрэн, жижиг орон гэсэн ойлголт хоногшсон байсан бол одоо жижиг, томоосоо үл хамаараад эн тэнцүү байх, тэгш эрхтэй байх, бие биенээ хүндэлдэг байх зарчмууд их хүчтэй байна. Тухайн улс орон хүчгүй, хүчтэйгээс үл хамааран газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хэнээс ч айхгүйгээр хамгаалж болж байна шүү дээ. Бид хоёр гүрний дунд байдаг жижиг улс гэж өөрсдийгөө ойлгож ирсэн. Гэтэл үгүй юм байна. Бид адилхан тэгш эрхтэй шүү гэж дэлхий ертөнц хардаг болжээ.
Нөхцөл байдлыг харахад, Украины талд дэлхий тэр чигээрээ зогсож, ОХУ-ыг ганцаардуулж байна. БНХАУ хүртэл Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэнэ гэж мэдэгдлээ шүү дээ. Байнга төвийг барьдаг Швейцар улс хүртэл нэгдлээ. Дэлхийн шинэ хандлагын нөлөөгөөр ОХУ-ын эдийн засаг яаж суларч байгааг харах хэрэгтэй. Финландууд эзлэн түрэмгийлэгч улсын бараа бүтээгдэхүүнийг зарахгүй гээд лангуунаасаа орос барааг авч, энэ нь цааш давлагаалах шинжтэй боллоо.
Украины ард АНУ байна уу, НАТО байна уу хамаагүй. Дэлхий нийтээр хүн ардынхаа үгийг, үзэл бодлыг сонсдоггүй, сонгуулиар сонгогддоггүй дэглэмийн эсрэг босож байгаа юм. Энэ дэглэмийг даръя гэсэн хандлага л байна.
-ОХУ их ганцаардаж байна гэж хэллээ. ЗХУ задарсны дараа ОХУ-ын ганц “найз” нь БНХАУ болсон. Гэтэл Украиныг дэмжсэн байр суурь илэрхийллээ шүү дээ?
-Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс руу дайраад орчихоор ямар ч улс ОХУ-ын талд орох боломжгүй. БНХАУ энэ тал дээр “Ямар ч улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдал хамгийн чухал” гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Хэдий сайн “найз” нь байж болох ч өнөөдөр нэг улс руу дайрч байгаа юм чинь маргааш БНХАУ руу, өөр улс руу дайрахыг үгүйсгэхгүй.
Дайнаас болж хохиролгүй үлдэх улс байхгүй. Бүх улс хохирно. Ер нь дайн, дайны тухай ойлголт байхгүй болж байна. Украин ОХУ-ын дайн бол дайн модаас гарсан байна гэдгийг харууллаа. Энэ бараг дэлхийн сүүлийн цэрэг, зэвсгийн дайн байх гэж бодож байна.
-Тэгвэл ирээдүйд дайныг ямар хэлбэртэй байна гэж үзэж байна вэ?
-Ирээдүйд оюунаараа л дайтах юм байна. Цэрэг зэвсэг модаас гарч, шил зүүсэн, компьютер харсан залуус нь дайтах юм байна. Хакерууд дайтах юм шиг харагдаж байна.
-ОХУ-д олон улсаас банк, санхүүгийн зарим хоригийг тавьсан. Энэ нь манай улс эрчим хүч, шатахууныхаа төлбөр тооцоо хийхэд хүндрэл учруулах эрсдэлтэйг Монголбанкны Ерөнхийлөгч хэлсэн. Хэрвээ ингэвэл бид хэрхэн төлбөрөө төлж эрчим хүч, шатахуунаа авах вэ?
-Банк, санхүүд тавьж буй хоригийг харахад хэсэг хугацааны дараа ОХУ-ын дэлгүүрүүдэд импортын бараа бүтээгдэхүүн байхаа болихоор харагдаж байна. Зөвхөн дотоодын ваффле, гурил, будаа зарах нь. “Samsung” телевиз, “iPhone” байхгүй болно. Тэгэхээр экспорт, импорт бүрэн зогсоно.
Манай улс энэ асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа, аль нэг талд нь ороогүй, хөрш улсынхаа хүнд байдлыг ойлгож байгаа. Тэгэхээр ОХУ банк санхүүгийн хоригтой байсан ч манай улстай хонь, малаараа бартер хийгээд, рубль, юань ашиглаад ч болтугай үргэлжилнэ. ОХУ-д хориг тавьж, зах зээл нь хумигдаж байхад Монголд ч болтугай худалдаа наймаа хийх нь хэрэгтэй. Тэгэхээр манай улс худалдаа, эдийн засгийн хувьд санаа зовох хэрэггүй.
Бид ОХУ руу юмаа зарж чаддаггүй. Одоо баруунаас ОХУ-д авч байгаа хориг арга хэмжээнээс дутахааргүй хоригтой, өндөр татвартай байдаг. Монгол мах оруулж заръя гэхээр 60-70 хувийн татвар авна гэдэг улс шүү дээ. Нөхцөл байдал ийм байгаа үед ийм хориг болон өндөр татваруудаа ОХУ хөнгөлж магадгүй юм.
Дайн дууссан, дуусаагүй ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үргэлжилнэ. Путины дэглэмийг унатал үргэлжлэх байх. ОХУ-ын залуус өөрсдөө дайныг эсэргүүцэж байгаа. Тэдний итгэл үнэмшил улам л дээшилж байна. Энэ завшааныг ашиглаж, ардчилсан улс болохыг хүсэж байгаа. Сүүлд Навальныйг барьснаас хойш янз бүрийн жагсаал цуглаан эрс багассан, бүр айдаг болсон байсан. Гэтэл одоо жагсаж буй иргэдийн тоо асар их байна. Дэлхийн улс орнуудын нэгдмэл байдал тэдэнд урам зориг өгч байна шүү дээ. ОХУ-ыг ардчилсан улс болчихвол хэн ч буруушаахгүй, хэн ч дайрахгүй. Ингэхийн тулд дотор болон гаднаас нь нөлөөлж байж болно. Гаднаас нөлөөлөхөөс гадна ОХУ-ын залуус өөрсдөө хүсэж, хувьсгал хийж байж ардчилна.
Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонгуулиар нийт санал өгч буй иргэдийн 30-40 хувийг авсан мөртлөө парламентад 10 хүрэхгүй гишүүнтэй байдаг гаж тогтолцоо байна. Тэгэхээр бид сонгуулийн тогтолцоогоо улам боловсронгуй болгохгүй бол ОХУ-ын араас орно. МАН сүүлийн сонгуулиудад яллаа. Эд нар 4-5 удаа засаг бариад ирэхээр хариуцлагагүй болж, өөрсдийгөө эзэн гэж бодож эхэлнэ. Тэгээд нэг хаан гарч ирэх болно. Тэгэхээр бид Украин, ОХУ-ын асуудлаас ОХУ шиг болж болохгүй юм байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Манай улс Украин, ОХУ-ын асуудалд албан ёсны ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа. Ер нь бид байр сууриа илэрхийлэх нь ёстой юу?
-Өнөөдрийг хүртэл манай улс маш зөв байр суурьтай байгаа гэж харж байна. Дэлхий нийт манай улсыг угаасаа ойлгож байгаа. Ямар аймшигтай диктатуртай том гүрний хажууд “Хөөрхий муу жижиг Монгол Улс” оршин тогтнож байна вэ гэдгийг мэднэ. Монгол Улс буруу зүйл ярьчих вий дээ гэж санаа нь зовж байгаа. Бид ч гэсэн үүндээ ухаалаг хандах ёстой. Иргэн Зоригт энэ асуудалд өөр байр сууриа илэрхийлж болно. Гэхдээ Монгол Улсын байр суурь нэг л байх ёстой. АН-ын мэдэгдлийг харсан. Бүхэл бүтэн УИХ-д суудалтай улс төрийн нам ийм мэдэгдэл гаргаж байгаа нь маш хариуцлагагүй зүйл. Манайх шиг хоёр гүрний дунд байдаг жижиг улс гадаад бодлогоороо нэгдмэл байсан. Хоорондоо яаж ч тэмцэлдсэн бай гадагшаа нэг л дуу гаргадаг байлаа. Гэтэл АН үүнийг зөрчлөө. Цаашдаа бид гадаад бодлогод няхуур хандах ёстой шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн