Хүн яагаад хайртай хүндээ гар хүрээд, айлгаж, зовоогоод байдаг юм бол, хайртай хүн нь яагаад энэ бүгдийг тэвчээд, юунд найдаад байгаад байдаг юм бол оо?
Хос хоёр хүний олон дотроос бие биеэ сонгож, хайр сэтгэлтэй болж, гал голомтоо бадрааж, гэр бүлийн амьдрал зохиосон атлаа нэгнээ сэтгэлийн дарамт, айдас хүйдэст автуулж, шархлуулж, цөхрөөнө. Салчихъя гэхээр босгосон амьдрал, цаг хугацаа, үр хүүхдүүд хайран санагдана. Хүчирхийлэл даамжрах тусам "хайр", "айдас", өөрчлөгдчих байх гэдэг "итгэл найдвар" гурав зэрэгцэн оршино. Энэ бүхэн ямар учиртай юм бол хэмээн шалтгааныг нь нийгэм болоод сэтгэл зүйн талаас гүн гүнзгий эрэлхийлж, асуултын хариултыг олж, засан залруулах гэсэн чин хүсэл тэмүүллээс түүний түүх эхэлнэ.
1995-2005 он. Бэрхшээл бүрийг сөрөн урагшилсан он жилүүд
Улсын багшийн их сургуулийн сурган сэтгэл судлалын факультетыг дүүргэсэн шинэхэн сэтгэл зүйч С.Баасанбат хаалттай хаалганы цаана, далд хэлбэрээр явагддаг гэр бүлийн хүчирхийллийг ил болгох, нийгэмд ойлгуулах, төр засгийн түвшинд хүргэж, үүний эсрэг ажилладаг арга, механизмыг бий болгохын төлөө “зах хязгаар нь үл мэдэгдэх их далайд” хөл тавьжээ.
1995 оны үед хүчирхийллийн талаар философич Б.Батчулууны ганцхан өгүүлбэр тодорхойлолтоос өөрөөр нийгэмд ямар ч ойлголт байхгүй, "хүчирхийлэл" гэхээр хүмүүс цочирдон хүлээж авч, зарим нь бүр шоолдог тийм л үе байлаа. Ялангуяа "гэр бүлийн хүчирхийлэл" гэхээр хүмүүс "Эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол", айл гэрийн амьдралд хөндлөнгөөс оролцох гэсэн бүтэшгүй оролдлого хэмээн буруутгах үзэл, хандлагын эсэргүүцэлтэй алхам тутамдаа тулгарч байв.
“Гэр бүлийн хүчирхийлэл бол гэр бүлийн дотоод асуудал биш харин хэн ч хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчишгүй хүний эрхийн зөрчил, гэмт хэрэг мөн” Ч.Сосормаа
Бүх зүйлийг тэгээс эхэлж байсан түүнд болон хамтран зүтгэгчдэд нь залуу насны эрч хүч, дундаршгүй их хүсэл, бүтээнэ гэсэн өөдрөг итгэл найдвараас өөр юу ч байсангүй. Тухайн үеийн эх нялхсын төвийн нэгэн жижигхэн, халаалт ч үгүй өрөөнд ажлаа эхлүүлж, хоёр сарын дараа анхны хохирогч эмэгтэйг хүлээн авч, чадлынхаа хэрээр хамгаалан тусалж, нөгөө талдаа өөрсдөө ч бас хүчирхийлэгчийн заналхийлэлд өртөж, олон зүйлийн өмнө хүчин мөхөстөж байсан ч шантарч няцалгүй зүтгэж байв.
Нийгэмдээ гэрэл асааж, гэр бүлийн хүчирхийлэл бол байж боломгүй “хүний эрхийн зөрчил” болохыг танин мэдүүлж, өөрчлөлтийг авчрахын төлөө асуудал бүхнийг сөрөн урагш тэмүүлжээ.
Хэдийгээр хохирогчийг хамгаалах байр, өөрсдийн гэсэн дулаан тухтай ажлын байртай болсон ч бэрхшээл дууссангүй. Хохирогчдыг хамгаалж, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд тусламж зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй ажиллаж байсан тэдэнд нийгэмд тогтсон үзэл хандлагыг өөрчлөх, шийдвэр гаргах түвшний хүмүүст гэр бүлийн хүчирхийллийг ойлгуулах нь мөн л чухал байлаа.
Тиймээс цагдаа нарт сургалт хийж, шүүгч, прокуроруудын үзэл хандлагад нөлөөлж, хүчирхийлэлд өртөн амиа алдсан хохирогчдын гэгээн дурсгалд зориулсан лаатай жагсаал, “Харанхуй шөнө айдас биш” эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг жагсаал, “Гэр бүл дэх хүчирхийллийг даван туулагчдын эрвээхэйн масктай анхдугаар бага хурал” зохион байгуулж, автобусны хаалганд “Хэн ч, ямар ч буруутай байсан хүчирхийлэлд өртөх ёсгүй” гэдэг өгүүлбэр бүхий цаас нааж гээд бүх л боломжит аргаар ажлаа явуулж байв.
Ингээд ч зогсохгүй хамгаалах байранд байгаа хохирогчдыг хооллох, хувцаслах зэрэг санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд их ажлынхаа хажуугаар цайны газар ажиллуулж, тариан талбайд ногоо тарьж ч үзсэн байдаг.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг үүсгэн байгуулахад Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбоонд тухайн үед ажиллаж байсан манлайлагчид гол үүрэгтэй. Харин С.Баасанбатын хувьд "сайн дураараа" хүчирхийллийн эсрэг сөрөн зогсох ажлаа эхлүүлж байв. Тус байгууллагад ажиллах 10 жилийн хугацаандаа маш ихийг судалж, уншиж, түүнийгээ практикт туршиж, үүгээр ч зогсохгүй Австрали, Швед, Малайз, Филлипинд мэргэжил дээшлүүлж байлаа. Мөн Австралийн сэтгэл засалч Марион Окетэй хамтран ажиллаж, хохирогч эмэгтэйчүүдэд хэрхэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх талаар туршлага хуримтлуулж байв.
Аудио 1: Б.Баянбаглаа нөхөр
Итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, хатан зоригоор хамгаалсан хүний эрх
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, энэ байгууллагад ажиллаж байсан Ч.Сосормаа, Д.Энхжаргал, С.Байгальмаа, Г.Ганбаясгах, Х.Мөнхзул, Л.Бадамцэцэг нарын үе үеийн манлайлагч эмэгтэйчүүд болон хүчирхийллийн Баасанаа хэмээх нэртэй болтлоо ажиллаж байсан түүний 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд улсын хэмжээнд дараах өөрчлөлтүүд гарч, бодитой ажил хэрэг болсон байдаг.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай олон нийтэд ойлгуулж, нийгэмд өөрчлөлтийн гэрэл асаав.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдыг хамгаалах төрийн тогтолцоог бий болгов.
Монгол Улсын 21 аймаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг “Түр хамгаалах байр”-тай болов.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах зорилгоор 21 аймагт “Нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгов.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэл үйлдээд байгаа хүний зан үйлийг засах сургалтыг хуулийн хариуцлага болгон оруулж хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулав.
Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогчдод эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой "Хамтарсан баг" байгуулав.
Ийнхүү 10 жилийн турш бие махбод, сэтгэл зүрх, оюун санаа, мэдлэг боловсрол, цаг хугацаа, нугарч хувиршгүй зүтгэл, гүн бат итгэл үнэмшлээ зориулсан тэрбээр "хүчирхийлэл болсны дараа тэмцэх бус хүчирхийлэл үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх нь" хамгийн зөв шийдэл болохыг ойлгож, 2006 онд "Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээ үүсгэн байгуулсан юм. Тэрбээр хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гарч зөвхөн сэтгэл зүйн чиглэлээр ажиллах замыг сонгосон ч гэр бүлийн хүчирхийллийг орхисонгүй. Хүний эрх хамгаалах үйлсээ ч зогсоосонгүй. Харин ч урьдчилан сэргийлэхэд түлхүү төвлөрч, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд зориулсан сэтгэл зүйн боловсрол, зан үйл засал, сэтгэл зүйн нөхөн сэргээх сэтгэл заслын чухал хөтөлбөрүүдийг боловсруулж, олон гэр бүлд халуун дулаан хайр бэлэглэж, гэр бүлээ бат бөх хадгалан үлдэх арга замд хөтөлсөөр л байна.
Аудио 2: Сэтгэл зүйн сургалтад хамрагдсан оролцогчдын төлөөлөл
Инфографик: Хүүхдийг бага байхад нь зодож шийтгэхгүй байвал 20 жилийн дараа гэр бүлийн хүчирхийлэл 80 хувь, танхайн гэмт хэрэг 50 хувь буурна.
(Replay товчлуур дээр дарж инфографийг тоглуулна уу)
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд урьдчилан сэргийлэлт, тэр тусмаа хүүхдийг бүр бага байхад нь хайр, хүн чанар, хариуцлага, амьдрах ухаанаар хүмүүжүүлж, ямар ч хүчирхийллээс ангид өсгөх нь хамгийн чухал байдаг ажээ.
Сэтгэл зүй-хүний эрх хамгаалал хоёрын нарийн холбоос
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийн төлөөх "Монголын Эмнести Интернэшнл" олон улсын байгууллага болон энэ чиглэлд сэтгэл зүрхээ чилээж, гар бие оролцдог олон хүний хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр "Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай" хуультай болсон. Уг хуульд “хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ гэж томьёолсон.
Мөн 1998 онд батлагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалд “хүний эрхийг хамгаалагч нь үндэсний болон олон улсын хэмжээнд энх тайван аргаар хүний эрхийг хамгаалах, хамгаалахыг уриалан дуудаж буй хувь хүн болон бүлэг хүмүүсийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. "Хүн хайртай дотнын хүнээ шийтгэж, барьж хорьж, шоронд суулгахыг урьтал болгодоггүй. Ойлгуулаад өгөөч, зөөлрүүлээд өгөөч, ухааруулаад өгөөч, болбол амьдарчих юмсан. Бүр саллаа гэхэд намайг заналхийлэхгүй болгоод өгөөч гэж бидэнд ханддаг. Тиймээс хүчирхийлэл үйлдээд байгаа хүнийг хорьж барихаас илүү бодол, мэдрэмж, зан үйл, хандлага гэх мэт дотоод ертөнц дэх сэтгэл зүйд нь нөлөөлөх нь хамгийн чухал. Заавал сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж байж, соён гэгээрүүлж байж энэ ажиллагаа үр дүнд хүрдэг. Сэтгэл зүй, үзэл бодол өөрчлөгдөхгүй бол үйлдэл өөрчлөгдөхгүй, ямар ч үр дүнгүй гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн" хэмээх түүний ярианаас хүний эрх хамгаалал нь сэтгэл зүйтэй хамгийн нарийн сэжмээр холбогддог юм байна гэдгийг анзаарч ойлгов.
Хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэл зүйтэй ажиллаж хүчирхийллийг таслан зогсооно гэдэг, хохирогчийн сэтгэл зүрхэнд хүрч түүнийг дахин бүтээн босгож, хүчирхэгжүүлнэ гэдэг хүний язгуур эрхийг үндэс сууриар нь, хамгийн энх тайван замаар хамгаалж буй нэг хэлбэр хэмээн тодорхойлж ч болох.
“Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг хэлнэ хэмээн Хүний эрхийг хамгаалагчийг эрх зүйн байдлын тухай хуульд томьёолсон нь дээрх ойлголтыг бататгах мэт.
Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн хэдий ч хүний эрх хамгаалагч болсон түүний дотор чухам ямар хүч, ямар бодол сэтгэл оршиж байгаа болоод маш олон бэрхшээл, сорилтыг даван туулж, шантарч буцалгүй өнөөдөрт ирсэн юм бэ гэдэг нь сонирхол татна.
Аудио 3: Б.Баянбаглаа нөхөр
Ерөөс хүн бол сэтгэлийн амьтан билээ. Нүдэнд бодитоор харагдаж, гарт бодитоор баригдах бие махбодын хөгжилд бид илүүтэй анхаарч, дотоод ертөнцөд орших сэтгэл зүрх, оюун санааны хөгжлийг орхигдуулж ирсэн үе саяхан. Үнэн хэрэгтээ хүний амьдралын мөн чанарыг дотоод оршихуй буюу сэтгэл зүрхний боловсрол, оюун санааны хөгжил л тодорхойлдог ажээ. Энэ ч утгаараа хүний эрх хамгааллын асуудлыг сэтгэл зүйн талаас нь харж, нийгэмд гаргаж ирсэн нь “түүний үнэт зүйл болж”, хүндлэл, хайр, баяр баясал, амар тайван, аз жаргалтай амьдрах замыг гэрэлтүүлж байна.
Нэгэн санал: Хүний эрх хамгаалагчдыг өөрсдийг нь шинжлэх ухаан, хуулийн үндэслэл, дэмжлэгтэйгээр хамгаална. Үүнээс гадна хүний эрх хамгаалагчид өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, хохирогчидтой болоод төрийн суурь үйлчилгээний субъектүүдтэй нягт хамтран ажиллах, өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хамгаалалтын хэрэгслүүдтэй байх нь чухал” хэмээн сэтгэл зүйч С.Баасанбат тайлбарласныг энд тэмдэглэе.
“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН 2022” хөрөг найрууллын мултимедиа уралдаанд зориулан бүтээв.
Энэхүү контентыг бүтээхэд, олон нийтийн хүртээл болгоход дэмжиж хамтран ажилласан Millennium Plaza-ийн хамт олон, itoim.mn сайтын редакцын хамт олонд талархал илэрхийлье.