Дэлхий | 8 мин уншина

Хятадын түүхэн дотоод хагарал Тайванийн аралд хурцадсаар

Хятадын түүхэн дотоод хагарал Тайванийн аралд хурцадсаар
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 26

Тайванийн будааны тариалан эрхлэгч жирийн тариачин ардууд сүүлийн үед АНУ-ын нисэх хүчний билэг тэмдэг болсон тус улсын зэвсэглэлд нэвтрээд тийм ч удаагүй “F-16V” дуунаас хурдан хөлөг онгоцнууд шуугин нисэж өнгөрөхийг өдөр болгон шахуу харах болжээ. Ямар ч амар тайван орны хувьд ердийн үед ийм үзэгдлийг харсан тохиолдолд аймшигтай санагдах нь дамжиггүй. Харин Тайванийн нисэх хүчин БНХАУ-ын Ардын чөлөөлөх армиас ирж болзошгүй эзлэн түрэмгийлэлд байлдааны бэлэн байдал хангах сургуулилт хийж байгаа нь иргэдийнх нь дунд айдас төрүүлэх болжээ.

Өнөөдрийн Тайванийн хоолойд үүсээд буй БНХАУ болон Тайванийн үл ойлголцол үүсэх болсон түүхэн хэд хэдэн шалтгаантай юм.

Нутгийн уугуул иргэд голцуу амьдардаг цөөн хүн амтай Тайвань буюу барууны орнуудын нэрлэдгээр Формоза арлын өмнөд хэсгийг 1624 онд Голландын колоничлогчид эзэлсэн байна. Үүний дараа 1626 онд Испанийн эзэнт гүрний колоничлогчид арлын хойд хэсгийг эзэлж хот суурин газруудыг байгуулж эхэлжээ. Формоза арал дээрх колоничлогчид 16 жилийн турш хоорондоо байлдаж 1642 онд Голландчуудын ялалтаар өндөрлөсөн байна.  

Тухайн үеийн Хятадыг эрхшээж байсан Мин гүрэн 1644 онд нуран унасан юм. Ингээд Мин гүрний язгууртан, сэхээтнүүд 1662 оноос эхлэн Тайваньд олноор дүрвэн ирэх болж Голландын колоничлогчдыг арлаас хөөн явуулснаар Тунгийн хаант улсыг байгуулж нийслэлээр өнөөгийн Тайванийн Тайнан хот болгожээ. Харамсалтай нь энэ улс удаан оршин тогтнож чадалгүй 1683 онд Манж Чин улсад эзлэгдсэн юм. Манжууд 1887 онд Тайванийг Фужан мужтай нэгтгэж нийслэлийг нь өнөөгийн Тайпей хот болгожээ. Үүнийг өнөөгийн өндөр хөгжсөн Азийн бар улсын эхлэл гэж тайлбарлах нь олонтой.

Хятадын түүхчид энэ үеэс эхлэн Тайвань арал нь Их газрын хятадын нэг хэсэг болсон гэж үздэг. Энэ түүхэн үндэслэл нь БНХАУ Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үзэх гол хүчин зүйл болдог. Харин ихэнх түүхчид Манж Чин гүрэн нь Хятадыг бүхэлд нь эрхшээж байсан гэдэг утгаар нь энэ түүхийг Манж Чин улсын байлдан дагуулалтад хамаатуулан авч үздэг байна. Мөн Хятадын түүхийг Манж Чин улстай хутгахгүйгээр Хятадын эзэнт гүрнийг 1636 оноос өмнөх цаг үед харгалзан үзүүлж, 1912 оноос эхлэн орчин цагийн Хятад буюу Дундад иргэн улсаас БНХАУ хүртэлх өнөө үеийг тооцох нь зүйтэй гэдэг үндэслэлээр Тайванийн тал өөрсдийн байр суурийг хамгаалдаг.    

Ингээд 1894-1895 онд үргэлжилсэн Хятад Японы хооронд болсон эхний дайнд Манж Чин улс ялагдаж Шимоносэкийн гэрээгээр Тайвань болон хэд хэдэн арлыг Японы эзэнт гүрэнд өгчээ. Тэд Формоза арлыг 50 жил эрхшээхдээ Тайванийн ард түмнийг маш ихээр дарласан байдаг. Япончууд тэднийг их сургуульд суралцаж, төрийн өндөр алба хашихыг хориглосон бөгөөд энэ хугацаанд Тайваньчууд хэд хэдэн удаа бослого гаргаж байсан ч амжилт олоогүй байна. Тухайлбал 1895, 1907, 1915, 1930 онуудад болсон зэвсэгт бослогууд бүгд амжилтгүй болж тухайн үеийн хүн амынх нь 0,5 хувь буюу 14,000 орчим хүн алагдсан гэж үздэг. Гэсэн хэдий ч Японы дарангуйллын үед өнөөгийн Тайванийн дэд бүтэц, цахилгаан сүлжээ, төмөр зам, метро, цэвэрлэх байгууламж хийгээд боловсролын системийн суурь бий болсон байна. Мөн өмнө нь зөвхөн цагаан будаагаар хязгаарлагддаг байсан газар тариалангийн нэр төрөл өргөжиж дэлхийн элсэн чихрийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болжээ.

Дэлхийн II дайны үед Тайвань арал нь Японы эзэн хааны армийн өмнө зүгт явуулах цэргийн ажиллагааны хамгийн чухал, стратегийн түшиц газар болж байв. Уг дайнд хэдэн арван мянган Тайваниуд Японы армийн өмнөөс тулалдаж, амь үрэгдсэн байдаг. Харин түүхэнд тод хараар тэмдэглэгдэн үлдсэн, одоо хэрнэ хөндүүртэй байдаг сэдэв нь ойролцоогоор 2000 орчим тайвань эмэгтэйг Японы армийн цэргүүдийг зугаацуулахын тулд бэлгийн боолчлол, мөлжлөгт ашиглаж байжээ. Япончууд 1945 онд уг дайнд ялагдсанаар Хятадад Тайванийг эргүүлэн өгсөн байдаг. Үүний дараа 300,000 орчим Тайвань иргэдийг өмнө нь Японы талд ажиллаж байсан гэх хэргээр хэлмэгдүүлж, цөллөгт явуулсан байна. Энэхүү Японы эзлэн түрэмгийлэлд Их газрын Хятадууд цус нэгтнүүддээ ямар ч дэмжлэг үзүүлэлгүй дотоод тэмцэлдээ бүх хүчээ тарамдуулж байхад бүх зовлон зүдгүүрийг туулж, дарангуйллын эсрэг Тайваньчууд өөрсдөө бие даан тэмцэж, эрх чөлөөгөө олох гэсэн оролдлогууд хийж байсан. Тиймээс Тайванийн уугуул иргэд тус арал нь Дундад улсын нэг хэсэг байх ямар ч үндэслэлгүй гэж үздэг.   

Харин үүнээс өмнө буюу 1912 онд Их газрын Хятадад Гоминданууд  Манж Чин улсыг түлхэн унагаж Бүгд найрамдах Хятад улсыг (БНХУ)-ыг байгуулж анхны Ерөнхийлөгчөөр нь Сунь Ятсен сонгогдсон юм. Энэ үеэс эхлэн өнөөгийн БНХАУ болон Тайваний зөрчил үүсэх үндэс тавигдсан юм. Тухайлбал 1927-1950 оны хооронд үргэлжилсэн Хятадын иргэний дайны эхэн үед Дундад улсыг ноёрхож байсан Гоминданууд аажмаар Мао Зедун тэргүүтэй Коммунист намд байр сууриа алдаж эхэлсэн байна. Хэдий анх нэг нам байсан ч улс төрийн үзэл баримтлал таарахгүй, хамгийн гол нь гадаад бодлогод нэгдэж чадахгүй байсаар 1949 онд Гоминданы Засгийн газар Тайвань руу хөөгдсөн байна.

Харин мөн оны аравдугаар сарын нэгэнд Хятадын Коммунист намын дарга Мао Зедун БНХАУ-ыг байгуулснаа зарлан тунхаглаж, төд удалгүй БНХУ буюу Тайванийн Гоминдан Засгийн газрын мэдэлд байсан Хайнан болон тусгаар улс байсан Төвдийг эзлэн авсан аж. Энэ нь өнөөдөр тэдний хувьд хамгийн ихээр болгоомжилдог Их газрын Хятадын эзлэн түрэмгийлэл гэх ойлголт, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах бодлогын эхлэл болжээ.  

Үүнээс болж Тайваньд улс төрийн эсэргүүцэгчдийг дарах үйл хэргийг 1987 оныг хүртэл хийсэн юм. Эдгээр он жилүүдэд 140,000 орчим Тайванийн иргэдийг Гоминданын намын эсрэг үйл ажиллагаа явуулсан, Хятадын Коммунист намын тагнуул гэх хэргээр хорьж, эрүүдэн шүүж, цаазалсан байдаг. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь нийгмийн элит гаралтай, сэхээтнүүд байсан гэдэг. Хожим нь 1998  онд Тайванийн Ерөнхийлөгч Ли Тэн Хуй энэ хэрэг явдалд албан ёсоор ард түмнээсээ уучлалт хүссэн байдаг. Энэ бол БНХАУ-ын Коммунист намын өнөөгийн Тайванийн эсрэг ашигладаг хамгийн том факт юм. Хэрэв ийм зүйл ахин гарсан тохиолдолд шаардлагатай бол цус нэгт иргэдээ хамгаалах үүднээс Тайваньд цохилт өгөх тухай бодит төлөвлөгөө ч байдаг.

Мөн тухайн үед Хоёр Солонгос Хятад болон Тайванийн адил улс төрийн үзэл баримтлалаас болж иргэний дайн хийж, тусгаарлагдсан юм. Мөн дэлхийн II дайны дараах хүйтэн дайн эхэлж дэлхий тэр чигтээ улс төрийн системийн хувьд хоёр тэнхлэгт хуваагдаад байсан зэрэг нь тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труманыг Хятад болон Тайванийн хооронд үүсэж болох зэвсэгт мөргөлдөөнөөс сэргийлж Тэнгисийн цэргийн долдугаар флотыг Тайванийн хоолойд байршуулах шийдвэр гаргахад хүргэжээ. Учир нь тухайн үеийн Вашингтоны Засаг захиргаа Тайванийн Гоминдануудыг коммунизмыг хаяж, ардчилсан тогтолцоог сонгоно гэж найдаж, тэгсэн тохиолдолд зэвсэгт хүчний хувьд сул дорой тэдний ар тал болохоор төлөвлөсөн гэж судлаачид үздэг. Үүнээс гадна үүнийг их гүрнүүдийн Хятад дахь нөлөөгөө ихэсгэх гэсэн далд бодлого ч гэж тайлбарладаг.

Гэхдээ 1960-1970 онуудад буюу нэг намын тогтолцоотой байх үедээ үсрэнгүй хөгжиж, Тайванийн эдийн засгийн гайхамшгийг харуулснаар Азидаа эдийн засгийн өсөлтөөрөө Японы араас бичигдэж. Өмнөд Солонгос, Сингапур, Японы хамтаар Азийн дөрвөн бар улс гэж нэрлэгдэх болсон юм. Тэдний энэхүү үсрэнгүй хөгжлийг Япончуудын дарлалын үед бий болсон үйлдвэрүүдийн суурь, ажиллах боловсон хүчний нөөц, Төсвийн асар их алдагдал, өр зээлтэй Их газрын Хятадаас эдийн засгийн хувьд ангид болон тэдний доор орохгүй гэсэн үндэсний үзэл санаатай нь холбон тайлбарладаг. Үүнээс гадна АНУ-ын санхүүжилт, бүтээгдэхүүнүүдэд нь зах зээлээ нээж, хөнгөлөлт үзүүлж байсан зэрэг нь ихээхэн дэмжлэг болжээ. Мөн 1970 он хүртэл дэлхийн улсууд Тайванийг НҮБ дахь Хятадын хууль ёсны төлөөлөл гэж үзэж байсан нь ч үүнд нөлөөлсөн юм. Энэ нь явсаар аажимдаа өнөөгийн БНХАУ-ын дэлхийд тэргүүлэх гадаад бодлогод сөрөг дүр зураг гаргах болсон. Тайванийн тал дэлхийг тэргүүлэх уралдаанд БНХАУ-тай өрсөлдөж буй АНУ-аас зэр зэвсэг, цэргийн технологи худалдан авч буй нь Коммунист намын удирдагч нарын хувьд бодлогыг нь эсэргүүцсэн, тэрс үзэл, өдөөн хатгалга хэлбэрээр тусдаг.          

Харин Гоминданын Засгийн газар нэг намын тогтолцоо бүхий улс төрийн систем байгуулж, өөр улс төрийн нам байгуулахыг хориглосон хуулийг баталсан юм. Үүнээс болж Тайвань буюу БНХУ-ын нэр хүнд барууны ертөнцөд асар ихээр буурч 1971 онд НҮБ дахь Хятадыг төлөөлөх эрхээ алдсан аж. Тэдний алдсан орон зайг тун удалгүй өнөөгийн Хятадыг НҮБ-д төлөөлөгч БНХАУ эзэлсэн байдаг. Хэдий маргаантай сэдэвч үүнийг өөрөөр БНХАУ-ын эдийн засгийн хурдацтай хөгжил, зах зээлийн хэмжээ нь НҮБ-ын гишүүн орнуудын хувьд Тайванийн эрх ашгаас илүү байсны улмаас тэдний “нэг улс хоёр систем” бодлогыг хүлээн зөвшөөрөх болсонтой холбон тайлбарлах тохиолдол ч байдаг. Үүнийг их гүрнүүдийн хувьд асар их хямд ажиллах хүчтэй Эх газрын Хятадад нөлөөллөө тогтоох гэсэн оролдлого, жижиг улсуудын хувьд албадлага шахуу тулгалт байсан гэж ойлгож болох аж. Мөн 1979 онд АНУ, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон үйл явдал нь Хятадыг аль нь НҮБ-д төлөөлөх асуудлыг нэг мөр шийдсэн юм. Үүнээс болж Тайванийн эрх баригчид өөрсдийн бодит нөөц бололцоондоо тулгуурлан аливаа зүйлд илүү бодитойгоор хандах болсон нь БНХАУ-тай ойлголцолд хүрэхэд улс төрийн хувьд улам бэрхшээлтэй болгосон гэж үздэг.   

Энэ бүхнээс шалтгаалж 1980-аад оны дунд үеэс Тайванд ардчилал болон Гоминданыг шинэчлэх алхам хүчтэй эхэлсэн юм. Тайванийн ардчиллын манлайлагчдын дийлэнх нь АНУ болон Барууны орнуудад боловсрол эзэмшсэн арлын уугуул иргэд байжээ. Ингээд 1988 онд анхны сөрөг хүчин болох Ардчилсан дэвшилт нам байгуулагдаж, 1996 онд анхны ардчилсан сонгуулийг явуулжээ. Мөн энэ онд анхны ардчилсан Үндсэн хуулийг баталснаар өнөөдрийг хүрчээ.

Хэдий 1950 онд Хятадын иргэний дайн дууссан ч энэ бүх цаг хугацаанд БНХАУ болон Тайванийн хооронд цусгүй, оюун санаа, улс төрийн дайн үргэлжилсээр байна.

БНХАУ-ын нийт эдийн засаг сүүлийн 30 жилийн дотор үсрэнгүй хөгжиж, глобал үйл хэргийг чиглүүлэгч бодлого хэрэгжүүлэгч улс болох зорилт тавин хурдацтай урагшлах болсон. Хятадын Коммунист намын удирдлага БНХАУ-ын дэлхийд эзлэх байр суурь, нөлөөг бэхжүүлж, цаашид улам бүр ахиулахын тулд зэвсэгт хүчнээ бэхжүүлж, чадавхыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарах болсон. Үүний тулд сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зэвсэг зохион бүтээх, армийн бие бүрэлдэхүүний байлдааны бэлэн байдлыг хангах зэрэгт асар их хөрөнгийг зарцуулж эхэлсэн нь бүс нутаг, глобал үйл хэрэгт ижил амбийцтай АНУ болон түүний холбоотнуудын хувьд яахын аргагүй аюул заналхийлэл болж харагдаж эхэлсэн. Тиймээс Тайванийн хоолой дахь БНХАУ-ын нөлөөг хумьж, өөрсдийн хяналтыг тогтоох алхмуудыг улам эрчтэй хийх болсон. Энэ ажил зөвхөн Тайваниар зогсохгүй Энэтхэг-Номхон далайн бүсэд ч хамгийн том сэдэв болоод байна.

Хамгийн сүүлд буюу 2018 оны байдлаар хоёр сая гаруй байнгын цэрэгтэй, орчин үеийн зэвсэглэлийн технологиороо АНУ, ОХУ-ыг гүйцэх дөхсөн Хятадын ардын чөлөөлөх арми нь Тайванийн хувьд хамгийн том болгоомжлол болох нь гарцаагүй. Тиймээс тэд үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нэрэн доор АНУ-аас их хэмжээний зэвсгийг худалдан авч буй нь Хятадын Коммунист намын удирдлагуудыг бухимдахад хүргэж буй. БНХАУ нь өнөөг хүртэл Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үзсэн хэвээр бөгөөд цаашид ч энэ хэвээр байхыг олон ч удаа тодорхой илэрхийлсэн байдаг.

Тайванийн хоолойд асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал дайн болох эрсдэл их байгаа талаар сүүлийн үед маш олон мэргэжилтнүүд анхааруулах болсон. Хэрэв БНХАУ болон Тайванийн хооронд цус асгаруулсан дайн дэгдвэл аль тал нь илүү давуу талтай болохыг яг одоо Тайванийн хоолойд байрлах зэвсэгт хүчний бие бүрэлдхүүний харьцуулалтаас харвал ийм байх аж.

undefined

Эх сурвалж: Thoughtco, World Politic Review, CNN

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн