Хөшигийн хөндий олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын талаар ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэнгээс тодрууллаа.
-Хөшигийн хөндий олон улсын нисэх буудал 2018 оны тавдугаар сард ашиглалт орно гэж байсан. Гэвч одоогийн байдлаар ашиглалт ороогүй байна. Ямар шалтгааны улмаас шинэ нисэх буудлын ашиглалтад орох хугацаа хойшлогдоод байна вэ?
-Одоогийн байдлаар Японы Засгийн газартай концессын гэрээ байгуулах хэлэлцээр хийж, дуусах шатандаа явж байна. Концессын гэрээг энэ сардаа багтаан дуусгаж, ирэх зургадугаар сар гэхэд гэрээг үзэглэхээр төлөвлөж байгаа. Концессын гэрээг үзэглэснээс хойш 10 сарын хугацаанд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох бэлтгэл ажлыг хийх ёстой. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сарын 26-нд Хөшигийн хөндийн нисэх буудал бүрэн ашиглалтад орно. Наадмаас өмнө бүх барилга байгууламжаа концессын гэрээ эзэмшигчдэд хүлээлгэж өгнө.
-Наадмаас өмнө нисэх буудлын бүх барилга байгууламжийг концессын гэрээ эзэмшигчдэд хүлээлгэж өгнө гэхээр бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө дуусч байгаа гэсэн үг үү?
-Японы Засгийн газраас олгосон “MON-P8” хөрөнгө оруулалт болон нэмэлт “MON-P12” хөрөнгө оруулалтаар нийтдээ 65.6 тэрбум иений бүтээн байгуулалтыг хийсэн. Бүтээн байгуулалтын ажил 99 хувьтай явж байна. Хөшигийн хөндийн нисэх буудлын 30 гаруй барилга байгууламжийг 100 хувь барьж дууссан. Одоогийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй зарим барилгын ажил дуусах шатандаа явж байна. Тухайлбал, аэродромын барилга байгууламж дуусаагүй 94.6 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн ачаа, шуудан үйлчилгээний барилга 94.7 хувийн гүйцэтгэлтэй, захиргааны байр 93 хувьтай дуусах шатандаа явж байгаа юм.