Монгол Улсын Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргаж 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын тогтоосон нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр танилцуулсан. Энэ бол Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлийн иргэдийн нийтийн эрүүл мэнд, эрх ашгийн төлөө хийсэн зоримог алхам байв.
Тухайн үед олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс эрх баригчдын энэхүү шийдвэрт “нийслэлчүүд ирэх 2019 оны өвлийг давах уу” гэх өнцөгт илүүтэй төвлөрч байв. Гэтэл нийслэлчүүд шаардлагаа зөв нэхээгүй, иргэдэд зөв мэдээлэл өгөөгүйгээс сайжруулсан түлшнээс үүдэлтэй асуудал олон ч эрдэнэт хүний амь насыг авч одов. Харамсалтай...
Магадгүй энэ асуудал “манайхан нэг хэсэг ингэж ярьж байгаад замхруулдаг юм” гэх хайнга бодлоос урган гарсан байх талтай. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл нийслэлчүүд “Энэ өвөл утаа буурна. Заавал буурах ёстой” гэдэгт бус “Угаасаа бүтэхгүй юм чинь нүүрсээ түлэх нь тодорхой” гэдэг бодолдоо илүү итгэсэн хэрэг. Нөгөө талдаа иргэд өмнө нь утаа бууруулна гэж баахан үр ашиггүй төслүүдэд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг байдалд дасал болчихсонтой холбоотой байж болох талтай. Тэгэхээр өмнөх эрх баригчид ийм жишиг тогтоосондоо юу, эсвэл энэ засаг гол ажлаа хангалттай таниулж чадсангүй юу гэдэг нь харьцангуй асуудал аж. Ер нь урьдчилан таниулсан ч манайхан тэр олон баяр наадам, сенсаци дундаас анхаарч сонсоогүйн тод жишээ.
Харамсалтай нь Монголчууд бидний аливаа зүйлийг болсон болоогүй шүүмжлэх гэх хандлагаас өнөөдөр “утаа яг буурсан уу” гэх асуулт талцаан болж хувирлаа. Зайлшгүй гарах ёстой энэ асуултад хүн бүр дор бүрнээ дүгнэлт хийсэн нь гарцаагүй. Хандлагыг харахад “утаа буурсангүй” гэх нь тэр бүр алга. Цаг эрт байна, өвөл дуусах болоогүй байна гэх нь ч байна. Энэ нь арай бодитой юм шиг. Тэгэхээр сайжруулсан түлшний асуудалд сөрөг хандлагатай байгаа хүмүүсийн өнцгийг “эегүй хүнд өстөн олон, эмнэг моринд ташуур олон" гэх утгаар хүлээж авахаас өөр аргагүй мэт.