Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын “EWHA” их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд чацаргана жимсэнд агуулагдах зарим ашигтай бактери нь “COVID-19” вирусийг дарангуйлдаг болохыг сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон байна. Энэхүү нээлт нь анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг маш ихээр татаад байгаа талаар тус улсын “Korea Bio Medical” сэтгүүлд онцолжээ.
Судалгааны тайланд дурдсанаар чацаргана жимсэнд агуулагдах олон тооны лактобациллус гассеригаас бүрдэх ашигтай бактери нь шинэ коронавирусийн мутацид шаардагдах энергийн эх үүсвэр болох пурин гэх химийн нэгдлийн идэвхжлийг дарангуйлдаг болохыг туршилтаар баталсан байна. Хамгийн сонирхолтой нь тус эрдэмтдийн баг олон төрлийн үрэвсэл үүсгэгч “escherichia coli” бактери болон дархлааны тогтолцооны зарим эсүүдэд нуугдан, уургийг задлагч цитокин /бүдүүн гэдэсний бактери/-ийн үйл ажиллагааг дарангуйлахтай холбоотой судалгаа хийх явцдаа энэхүү нээлтийг санамсаргүй байдлаар илрүүлсэн аж.
Ингээд профессор Юун Ха-на тэргүүтэй судлаачид Хятадын эрдэмтдийн илрүүлсэн “ДОХ” болон “COVID-19”-ийн уургийн идэвхжлийн төсөөтэй бүтцийн дагуу судалгаа хийсэн байна. Үүнээс гадна тэд чацаргана жимсэнд агуулагдах есөн төрлийн антиоксидант, зургаан төрлийн эрдэс бодис, 16 амин хүчлийг илрүүлжээ.
БНХАУ-ын Тяньжин хотын Нанкай их сургуулийн профессор Руан Жишоу тэргүүтэй судалгааны баг саяхан хүний биед халдварлагдсан “COVID-19”-ийн вирус нь эбола болон ДОХ-той ижил төстэй байдлаар мутацилж байгааг олж тогтоогоод байсан юм. Хятадын судалгааны багийн илрүүлснээр шинэ коронавирус нь ДОХ болон эбола вирусийн адил хүний биед оршин тогтнохын тулд баяжуулалтын уураг үүсгэдэг. Энэхүү баяжуулалтын уураг нь эсийн мембрантай холбогдож, өөрийгөө хувилах энерги олж авахын тулд пурин рүү халддаг байна. Тийм ч учраас “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдэд “ДОХ”-ын эсрэг эмүүдийг эмчилгээнд ашиглаж буй.
Профессор Юун Ха-на чацаргана жимс дэх пробиотик бактери нь “COVID-19” хүний биед үржих, мутац үүсгэх гол чанар болох пуриний идэвхийг дарангуйлдаг болох нь тогтоогдсон бөгөөд үхлийн аюултай уг вирусийн эсрэг нэмэлт эмчилгээ болох боломжтой гэх найдвар тээж байгаагаа илэрхийлж, нэмэлт судалгаанууд хийгдэх шаардлагатай байгаа талаар ярьсан байна.
Мөн Өмнөд Солонгосын Гачон их сургуулийн профессор Ли Жил Я энэхүү нээлтийн тусламжтай зөвхөн “COVID-19” төдийгүй гепатит, эбола, ДОХ зэрэг вирусийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой талаар онцолжээ.
Эх сурвалж: Koreabiomed, news.naver