БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны хоёрдугаар сараас садар самууныг сурталчилдаг порнографи сайтуудтай хатуу тэмцэх цахим орчинг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар “live-streaming” үйлчилгээ үзүүлж иргэдийг садар самуунд уруу татаж байсан “Huahua” нэртэй порнографи платформыг эрхэлж байсан 20 этгээдийг баривчилсан болохоо тус улсын Хэбэй мужийн цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
Хятадын цагдаа нар хамгийн сүүлд тус веб сайтыг үндэслэгч Филиппин улсын иргэн Хонг болон Ли нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-нд баривчилсан байна. Энэ хэргийн хамгийн гол сэжигтэн болох Хонг нь Монгол Улсад оршин суудаг нэгэн байсан бөгөөд өмнө нь Шанхай хотод байрлах видео тоглоом хөгжүүлэгч компанийг эзэмшдэг байжээ. Хэргийн бусад хамсаатнууд цагдаа нарт баригдаж эхлэх үед тэрээр эхлээд Монголоос Өмнөд Солонгос улс руу зугтаж дараа нь тэндээсээ Филиппинд очсон байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрээр “QQ” зэрэг Хятадын цахим сүлжээнд нууц групп үүсгэн өөрийн хууль бус веб сайтыг санал болгон нэг хүнээс 290 ам.долларын гишүүнчлэлийн төлбөр авдаг байжээ. Гишүүн болмогц “QR” кодыг илгээдэг бөгөөд үүгээр нь нууц аппликешныг татан авдаг байсан аж. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар гол нь худалдан авагч болон зуучлагч талууд бие биенээ огт мэдэхгүй байх боломжтой байсан нь энэ төрлийн бизнес цэцэглэх гол үндэс болжээ.
Тус хориотой веб сайт нь 2017 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа нууцаар явуулж эхэлсний дараа ердөө таван сарын дотор ойролцоогоор 900.000 давсан бүртгэлтэй үзэгчтэй болж нийт 16 сая юань буюу 2,3 сая ам.доллар хууль бусаар олжээ. Тэд олсон хууль бус мөнгөө Монголын банкуудаар дамжуулан угааж, гадаад улсуудад байршуулдаг байжээ.
Үүнтэй холбоотойгоор Хятадын цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас томоохон цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Tencent”, “Baidu” болон “Sina Weibo” зэрэг компаниудыг саяхнаас шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Thestar, Thedrum