Алс хол гэгддэг АНУ, технологийн акулууд цуглардаг Цахиурын хөндий монголчуудад ойртсоор байгаа. Саяхан монголчуудын үүсгэн байгуулсан “Erxes” компани Цахиурын хөндийд бүртгэгдэж, хэдэн сая долларын хөрөнгө босгохоор ажиллаж байна. Тэдний араас мөн л монгол залуусын үүсгэн байгуулсан “Matter” компани цахиур хагалахаар зэхэж байгаа аж. Ингээд "Matter" компанийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр үндэстэн дамнасан "McKinsey & Company"-д дөрвөн жилийн турш ажиллан “Engagement Manager” болтлоо дэвшсэн бөгөөд одоо гарааны бизнест хөл тавьж Цахиурын хөндийд мөс хагалахаар багийн хамт сэтгэл шулуудан зорьж явна.
-Таны хувьд АНУ-ын Өмнөд Калифорни их сургууль болон Колумбын их сургуульд бизнес, эдийн засгийн чиглэлээр боловсрол эзэмшжээ. Дэлхийн топ сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцсан уу?
-Өмнөд Калифорнийн их сургууль (University of Southern California)-с ойролцоогоор 60 хувь тэтгэлэг, үлдсэн сургалтын төлбөртөө зээл авч сурахынхаа хажуугаар ажил хийж барагдуулж байсан. Тийм учраас долоо хоногийн хоёр өдөрт л бүх хичээлээ шахаж багтаан үлдсэн хоногт шууд ажил хийдэг, баасан, бямбад оройн цагаар давхар ажил хийж, амьжиргаа болон сургалтын төлбөрөө зохицуулдаг байсан. Харин мастерын зэргээ Фулбрайтын 100 хувийн тэтгэлэгт тэнцэн Колумбын их сургуулийн төрийн удирдлага мэргэжлээр төгссөн. Бүрэн тэтгэлгээр суралцсан учир илүү их цагийг хичээл, хөтөлбөртөө зарцуулж чадсан даа.
-АНУ-д “Matter” гарааны бизнесийг үүсгэн байгуулаад жил гаруй болсон байна. Таны бүтээсэн болзооны аппликейшн сонирхол их татаж байна. Аппликейшны гол онцлог юу вэ?
-Бид багаараа ажиллаад жил хагас болох гэж байна. Манай компани нийт 11 ажилтантай бөгөөд үүнээс долоо нь Монголд, үлдсэн дөрөв нь АНУ-ын Лос Анжелес хотоос ажиллаж байна. Бид анх “Angel Investor”-оос хөрөнгө оруулалт авч байсан бөгөөд сүүлд “VC Fund”-аас мөн амжилттай хөрөнгө оруулалт татаж чадсан. Анх манайх “Matter” аппликейшнаас өмнө “Simpozium” гэх аппликейшныг гаргаж байсан. Тухайн аппликейшн нь “Club house”-тай маш төстэй бөгөөд хүмүүс тодорхой сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлэхэд зориулагдсан юм. “Club house”-аас ялгагдах гол зүйл нь оролцогчид бодитоор буюу кафе, эсвэл өөр нэг газар уулзаж, сонирхсон сэдвээрээ ярилцах хэв маягтай. Харамсалтай нь, ковидын нөхцөл байдлын улмаас хүмүүс хоорондын амьд харилцаа, уулзаж учрах боломж хумигдсан учраас чиглэлээ өөрчилсөн.
Гарааны бизнесийн хувьд хурдтай ажиллана гэдэг маш чухал зүйл. Хурдтай ажиллаж байж хийж буй бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд тестлэн, түүнээсээ байнга суралцаж байх хэрэгтэй. Бид ийм л зарчмаар ажиллаж байна. Анх “Simpozium” аппликейшныг зах зээлд нэвтрүүлээд эхний 100, дараагийн мянган хэрэглэгчдийн үйлдлээс дорно суралцаж гурван том өөрчлөлтийг оруулж байсан. Үүний дараахан “Matter” гэх болзооны аппликейшныг зах зээлд нэвтрүүлж бодит хэрэглээний мэдээлэл дээрээс суралцаж, одоогоор “Matter” аппликейшны дөрөв дэх том өөрчлөлт дээр ажиллаж байна. Бид бүтээгдэхүүнээ “Replika, Apple, Siri, Amazon Alexa”-тай адил хиймэл оюун ухаан ашиглан хүнтэй харилцан ярьдаг “Virtual relationship coach” хийхээр ажиллаж байна. Энэ нь таны яг л найз шиг зөвлөж танд тохирох нэгнийг олох, харилцаа үүсгэхэд туслах болно. Одоогоор хөгжүүлэлтийн шатанд явж байгаа учир үүнээс цааш ярих хэрэггүй байх. Учир нь ярихаас илүү хийж, бүтээж үзүүлбэл илүү дээр байх болно.
-АНУ-д өдөрт хэдэн зуун гарааны бизнесүүд мэндэлж байна. Таны хувьд эдгээрээс хэрхэн ялгарч, тогтвортой ажиллахыг эрмэлзэж байна?
-Хүн бүрийн гар утсанд өдөр тутамд ашигладаг маш цөөхөн аппликейшнууд байдаг бөгөөд одоо байгаа аппликейшнуудтай өрсөлдөж, ялгарна гэдэг тун хэцүү. Ёстой л “Алаан байхгүй юу” гэдэг шиг маш хэцүү. Дээр нь бидний ажиллаж байгаа салбар өрсөлдөөнтэй. Жишээ нь, “App store”-д болзооны аппликейшн 2500 гаруй байдаг. Тэгэхээр тэднээс ялгарахын тулд өрсөлдөгч буюу бусдын урьд өмнө сэтгэн бодож, бусдын гаргаж ирээгүй санааг гаргаж ирээд түүнийгээ төгс гүйцэтгэх, тухайн санаа нь эцсийн эцэст хүний бодит хэрэгцээг хангаж чадахуйц байж амжилтад хүрнэ. Бид ийм л бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Бидний өмнө маш том сорилт, бэрхшээлүүд хүлээж байна. Тэр хэрээр амжилтад хүрэх зам хол. Гэхдээ амжилтад тэмүүлэх энэ процесс өөрөө маш сайхан санагдаж байгаа бөгөөд шижигнэсэн залуусаас бүрдсэн багт гар нийлж ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна.
-Та “Matter” компаниас өмнө McKinsey & Company-д нийт дөрвөн жил ажилласан шүү дээ. Чухам яагаад дөрвөн жилийн дараа ажлаа өгөхөөр болсон бэ. Удаан хугацаанд ажилласан, гаршсан ажлаа болино гэдэг тийм ч амар шийдвэр биш байх?
-McKinsey & Company-аас гарах үндсэн хоёр шалтгаан байсан. Нэгд, би хамт ажилладаг хүмүүсээс урам зориг, кайф авдаг. Гэвч зөвлөхийн ажил нь байнга шинэ төсөл, шинэ хамт олон дээр тогтдог учир, байнгын буюу тогтсон хамт олонтой байх нөхцөл хараахан бүрдээгүй. Хоёрт, хамт олноороо том асуудлыг олж, түүнд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, гаргалгаа олох нь их сонирхолтой, утга учиртай ажил шиг санагдсан. Энэ сонирхолдоо хөтлөгдөн гарааны бизнесийн ертөнцөд хүчээ үзэж ажиллахыг эрмэлзсэн.
Би өөрийгөө маш амархан уйддаг боловч байнга шинийг эрэлхийлэгч гэж боддог. Байнга л дараагийн алхам, адал явдлаа бодож, төлөвлөж явдаг. Ер нь хүн өөрийгөө байнга шинэ зүйлд сорьж байж л илүү хөгжин дэвшдэг. Анх компанидаа орохдоо сайн ажиллаж “Engagement Manager” болох зорилттой байлаа. Үүнийгээ ч биелүүлсэн, өөрт ирээдүйд хэрэг болох техник, технологийн төслүүд дээр ажиллаж туршлага мэдлэгээ улам зузаатгаж чадсан. Энэ нь миний хувьд хамгийн үнэ цэнэтэй.
-Willett Financial Services, McKinsey & Company, Liberty Partners, Matter гээд маш олон ажлын туршлага, мэдлэг чадвар харагдаж байна. Таны хувьд их сургуулиас ажлын талбар мөн гарааны бизнес эхлүүлэн явахад юуг хамгийн сайн ойлгосон бэ?
-Товч бөгөөд тодорхой хариулъя. Ердөө л аливаа асуудал шийдлийн гол зангилаа нь хүн болон хүмүүсээс бүрдсэн баг байдгийг маш сайн ойлгосон.
-Хүнд амжилт, уналт ээлжлэн ирдэг. Тэгэхээр энэ бүх хугацаанд таны хийж, эхлүүлж байсан зүйлсээс хамгийн том бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж юу байсан бэ?
-Би USC-ийг санхүүгийн мэргэжлээр төгсөх үед хөрөнгө оруулалтын банкир болохыг зорьж байсан. Иймээс Лос Анжелес хотод төвтэй “Houlihan Lokey” хөрөнгө оруулалтын томоохон компанийн шалгаруулалтад орж эцсийн шат хүртлээ явж байсан юм. Гэтэл тухайн үеийн дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалж тус компани шинэ ажилтан авахгүй байх шийдвэрийг гаргасан. Хэдий өөр жижиг компанид ажилд орсон ч энэ нь надад маш том цохилт болж байлаа. Учир нь Монгол дахь байраа зарж, үнэтэй том сургуульд сурчихаад тэр нь талаар болж байгаа шиг мэдрэмж төрсөн. Үүний дараахан Монголдоо ажиллаж үзэх шийдвэрийг гаргаад эх орондоо буцсан. Одоо эргээд бодоход “Нэг хаалга хаагдаж байхад түүний цаана дахин нэг том хаалга хүлээж байдаг” гэсэн сургамж бодогдож байна.
-Боловсрол, ажлын туршлага гээд хувь хүн талаас өөрийгөө маш сайн боловсруулсан санагдлаа. Таны бодлоор орчин үеийн залууст хамгийн хэрэгтэй ур чадварыг юу гэж хардаг вэ?
-Багаар ажиллах ур чадвар хамгийн хэрэгтэй гэж бодож байна. Ингэхийн тулд хүнийг сонсож, ойлгож, сурах хэрэгтэй. Мөн empathy буюу өөрийгөө бусдын оронд тавьж, аливаа зүйлийг өөр өнцгөөс харж сурах маш чухал. Сайн багийн тоглогч байж сурах хэрэгтэй, эргэн тойрны хүмүүстээ тусалж дэмжсэнээр баг чинь улам илүү амжилт гаргах юм шүү.
-Өнөөдөр манай улсад эдийн засаг, байгаль орчин, хөгжлийн төвшин гээд ярих асуудал бишгүй их. Гэхдээ таны хувьд эх орныхоо ирээдүйн хөгжлийг юу гэж харж байна. Шинэ үе, шинэ боловсон хүчин хөгжил дэвшил рүү аваачих түлхүүр болж чадах болов уу?
-Би хөгжлийг олон тулгууртай байшингаар төсөөлдөг. Үүнд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, ажил орлоготой ард иргэд, засаглал гээд зөндөө тулгуур бий. Өмнө хэлсэнчлэн энэ бүх тулгуурын гол зангилаа нь хүн өөрөө юм. Манай залуус, шинэ үе, шинэ боловсон хүчин угаасаа хөгжил дэвшил рүү аваачих ёстой. Өөр арга зам байхгүй. Би Сингапур, Энэтхэг, Хятад, Америк, Европ зэрэг олон орны залуустай хамтран ажиллаж үзсэн. Бид том юм ярих юм бол том хүмүүстэй өрсөлдөнө гэсэн үг. Гэхдээ нэг зүйлийг ний нуугүй хэлэхэд бид арай хойно яваад байгаа шиг санагддаг. Сурах зүйл маш их байна.
-Монгол залуус эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадвар, чансаатай байхын тулд хэрхэн хөгжиж, ямар байгаасай гэж бодож байна вэ?
-“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг. Үүн шиг өөрөөсөө эхлэх хэрэгтэй байх. Ямарваа нэг зүйлд зөв хандлага, тууштай байдал, ачаалал дааж сурах хэрэгтэй. Байнга өөрийгөө хөгжүүлэн, хэт баригдмал бүсээс гарч, одоогийнхоосоо илүү задгай сэтгэх хэрэгтэй. Хүн өөрийн хамгийн их айдаг, чадахгүй гэж бодсон бэрхшээлтэй нүүр тулах үедээ хамгийн их зүйлийг сурч авдаг.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Одоохондоо надад ганцхан зорилт, зорилго байна. Энэ нь Цахиурын хөндийд мөс хагалж, Монголоос төрсөн анхны "unicorn"-той болмоор байна.
/Unicorn гэдэг нь 1 тэрбум ам.доллараас дээш зах зээлийн үнэлгээнд хүрсэн хувь компанийг хэлнэ./