“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг ойрын үед албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэнэтийн ямар нэгэн зүйл тохиолдохгүй бол ирэх долдугаар сард эхлүүлнэ. Хараад суудаг биш барьж аваад хийдэг байх ёстой. Одоо барьж аваад хийнэ. “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаныхан, чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй өмнө нь хэд хэдэн удаа уулзсан. Энэ удаа газар дээр нь ирж чөлөөт бүсийн нөхцөл байдлыг дүгнэж, та бүхэнтэй уулзаж байна. Миний энд ажиллаж байгаа шалтгаан нь Засгийн газарт ямар арга хэмжээ авах талаар асуудал оруулах зорилготой юм. Боломжит бүх хувилбараар чөлөөт бүсийн ажлыг урагшуулна. Чөлөөт бүсээ “хөдөлгөх” хэрэгтэй. Одоо хөдөлгөцгөөе гэж Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Замын-Үүд” чөлөөт бүсийн захиргааны байранд уулзалт хийх үеэрээ хэлэв.
“Одоо барьж аваад хийнэ” гэсэн түүний зоримог үгийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захиргааны танхимд цугласан Дорноговь аймаг болон Замын-Үүд сум, хил, гаалийн албаны удирдлага, чөлөөт бүсийн зөвлөлийнхөн сонссон. Нийгэм, эдийн засагт тулгамдсан, ужгирсан аливаа асуудлыг шийдвэрлэх, хөгжил дэвшил авчрахад улс төрийн хүсэл эрмэлзэл хэчнээн чухал болохыг Улаанбаатарын утааг бууруулсан жишээнээс бид харсан. Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагууд утааг буурахаар олон жил ярьж, өчнөөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн 800 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан түлшний үйлдвэр барьснаар утааг үлэмж хэмжээгээр багасгаж чадсан билээ. Чөлөөт бүсийн тухай хуулийг 1996 онд баталсан. Түүнээс хойш чөлөөт бүс байгуулах тухай яриа 25 жил өрнөжээ. “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсийг 2002-2005 онд байгуулсан. Гэтэл өдий хүртэл нэг нь ч үүдээ нээгээгүй. Эцэст нь чөдөртэй чөлөөт бүсүүд гэсэн хоч зүүгээд хоцорсон. Тэгвэл чөлөөт бүсүүдийн чөдрийг тайлах улс төрийн хүсэл эрмэлзэл Шадар сайд С.Амарсайханд байгаа нь харагдав.

Тэрбээр “Замын-Үүд” чөлөөт бүсийг дотоодын төдийгүй гадаадын чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаатай уялдуулан олон улсын түвшинд ажиллуулах цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ зорилгодоо хүрэхийн тулд олон ажлыг эрэмбэ дараатай хийх хэрэгтэйг уулзалтын үеэр онцолсон. Чөлөөт бүсийн тухай хуулиа боловсронгуй болгох, холбогдох дүрэм журмаа батлах, чөлөөт бүсийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тодотгол хийх, БНХАУ-ын талтай байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах, чөлөөт бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт арга хэмжээ зайлшгүй хэрэгжүүлэх учиртайг дурдсан. Тухайлбал, “Замын-Үүдийн дулааны станц”-ыг ажиллуулж эхлэх шаардлагатайг байгааг цохон тэмдэглэсэн юм. “Замын-Үүд дулааны станц” болон чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд тээг болж буй ужгирсан зангилаануудыг хэрхэн тайлах талаар “Хөдөлгөх” гэж буй чөлөөт бүс-1” сурвалжилгад дэлгэрэнгүй хөндсөн болно.