Нийгэм | 3 мин уншина

Түр зуурын борооны “уршиг” түр зуур байсангүй

Түр зуурын борооны “уршиг” түр зуур байсангүй
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 27
"Нар хур тэгширсэн сайхан зун” хэмээн өвөгчүүл ярьдаг сан. Гэвч монголчуудын хувьд ёс алдсан болох ч нар хур тэгшрээд хэрэггүй. Учир нь хур бороо орж, хөрс юухнаа чийглэж байвал аятай байв ч чийглэх ёстой түр зуурын бороо нийслэлийг Улаанбаатар бус “Усанбаатар” болгож, орон нутгийн замын чанарыг шалгаж байгаагийн энгийн жишээг өчигдрийн/2022.07.26/  үйл явдал илт харуулав.
Угтаа гучин минутын хугацаанд л бороо орсон. Гэвч түр зуурын борооны улмаас үүссэн хохирол түр зуурын байсангүй. Тухайлбал, салбарын сайд нь хүртэл “хар толгойгоороо хариуцна” хэмээн цөөнгүй жилийн нүүрийг үзэж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км-т 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсэв. Зургаан жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулсан эхний багцын зам нь түр зурын бороонд урсав. Үерийн ус автозамыг хуулсан шиг эрх баригчдын олон улсын стандарт бүхий чанарын өндөр түвшний зам гэх хуурмаг тархи угаалтыг ч хамтад нь хуулав уу гэлтэй. Энэ бол эхний хохирол.
undefined
Удаахаар нийслэлийн гэр хорооллын айлуудын хохирол орж буй. Жил бүр үерт автсан, гэр, байшин руу ус орсон, гарах гарцгүй болсон гэх өрхүүдийн гомдол тасардаггүй. Гэсэн хэдий ч тэд оршин суусаар. Суухаас ч өөр гарцгүй. Өмчөө орхин явах хэн байх билээ. Мөн л алдаатай бодлого, тооцоогүй эрсдэл. Үүнээс үүдэн Эмээлт орчимд өмнөх өдрийн борооноор гэр оронгүй болсон иргэд халаглан сууна. Тэдний хувьд “газрын албанаас газрын зөвшөөрөл авсан. Онцгой байдлын ерөнхий газраас үер болдог газар гэдгийг өмнө нь хэлж байгаагүй. Үер болох үед амьд гарах талаар л бодлоо” гэх тайлбарыг өгч байгаа юм.
Түүнчлэн, дараагийн хохирогчид бол жолооч болон явган зорчигчид. Ус зайлуулах шугамгүйгээс болж нийслэл дундуур урсах автомашины урд гупер давсан усаар туучиж яваа. Их хэмжээний усаар явсны улмаас бий болох энгийн хохирол нь автомашины номер унах, алдагдах. Ийн тэд багадаа 60 мянган төгрөгийн хохирол амсаж буй. Бүр цаашилбал машины эд анги руу ус нэвчиж эвдрэх ч аюултай. Харин явган иргэдэд хоёр сонголт л бий. Нэг бол гутлаа тайлах, нэг бол гуталтайгаа туучих. Уртын харайлт, усанд шумбалт хийх нь энгийн зүйл. Нийслэлийн төв талбайгаас хажуу зам руу гарч чадахгүйгээр “Энүүгээр гарч болохгүй байна. Хойд талаар нь гарч байна уу. За за туулъя” гэх олонтой бороо орсны дараагаар таарна. Төв талбайн хажууд ердөө зам дагасан ганц ус зайлуулах хоолойтой, тойруулаад баахан өндөр барилга барьсны гай.
Ийн цаг хүрэхгүй хугацааны бороо нийслэл, орон нутаггүй сүйтгэсээр. Гучин минутын бороо гучин жилийн Монголын дэд бүтцийг нураалаа. Одоо ус зайлуулах шугам, чанартай автозам, үерийн даланг барьж, үерт автаж болохуйц газар олголтыг зогсоосон нь дээргүй юу. Угтаа бороо, цас, салхи, шуурга байгалийн давагдашгүй нөхцөл ч борооны улиралтай, хар салхи шуургатай орнууд хэрхэн тэсэж байна вэ. Нууц нь зөв бодлого, чанартай, стандартай дэд бүтцийн зохион байгуулалт. Харин манай улсад байгалийн давагдашгүй хүчин зүйлээс илүүтэй зохион байгуулалт хийгчид л давагдашгүй хүчин зүйл болоод байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн