Улс төр | 3 мин уншина

Ц.Мөнх-Оргил: АН Америкийн лобби компанитай 50 мянган долларын гэрээ хийсэн байна

Ц.Мөнх-Оргил: АН Америкийн лобби компанитай 50 мянган долларын гэрээ хийсэн байна
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 22

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын байнгын хороод хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Үүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрвээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд ингэснээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах хэрэгтэй. 62 гишүүн анх Үндсэн хуулийн төслийг өргөн барихдаа Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилээр сонгоно гэж оруулж, ирэхдээ 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж оруулж ирсэн. Гэтэл ердийн журмаар хэрэгжихээр болгож өөрчилсөн. Тиймээс Цэцийн дүгнэлт зөв гэж үзэж байгаа. Сонгууль будлиулах гээд байна гэж яриад байна. Үнэндээ сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. АНУ-ын лобби буюу нөлөөллиийн компаниуд гадаад, дотоодод үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах бүрдээ бүртгүүлдэг бүртгэлийн сан байдаг. Энэ бүртгэлд дурсанаар АНУ-ын DCI гэдэг лобби групп Ц.Туваан гэдэг даргатай АН-тай дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12 хүртэл 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ ямар учиртай гэрээ вэ, Ц.Туваан гишүүн ээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцаа авахыг хориглоно" гэсэн заалт бий. Энэ гэрээ чинь энэ заалттай яаж нийцэж байгаа юм бэ. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу, Ц.Туваан дарга аа.   

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Энэ үйл явц үргэлжлээд УИХ-ын чуулганаар ороод явж байна. УИХ өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан гэсэн хууль бус шийдвэрийг байнгын хороо чуулганаар хэлэлцүүлээд явж байгааг буруу гэж үзэж байна. Бага суудлын хуралдаан яасан бэ. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тавхан хүний сонгогдох эрхийг хасах гэж баталсан юм уу. Цэц ямар хурдан дүгнэлтээ гаргаж байна аа. Ямар хурдан горимоор хэлэлцдэг болсон юм бэ. Зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч Монголд байгаа юм уу. Байхгүй заалтыг Цэц бид нар руу явуулаад Сонгуулийн хуульд оруулдаг болчихсон юм уу. Парламентын засаглалтай зарчим чинь яасан юм бэ.

АН 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч хүнд төлөөгүй. Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Андуурсан бол түүнийгээ хэлээрэй. Манайх тийм баян нам биш.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Цэц хуралдаж шийдвэр гаргасан бол 24 цагийн дотор УИХ-д ирүүлэх ёстой. УИХ ажлын 15 хоногт хэлэлцэх ёстой. Бүгд хуулийн хугацаатай. Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал яриад байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэ:ж бид 20-иод жил ярьсан. Гурван толгойтой болж олон жил явж ирсэн. Үүнээс болж Засгийн газар огцорч, улс орон тогтворгүй болж байна гэж ярьж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн