Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ХХ зууны сод манлай сэтгүүлч, Монголын сэтгүүл зүйн хөгжлийн ноён оргил, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, соёл гэгээрүүлэгч, зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэв хүнд өвчний улмаас таалал барьж Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Тэрбээр хар бага наснаасаа уран зохиолын ертөнцөд нэвтэрч хорьхон насандаа роман бичиж гайхшруулж байсан бөгөөд идэр залуу насандаа Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын Хувьсгалт Залуучуудын Төв хороог удирдаж орчин цагийн монголын нэн шинэ түүхийг бүтээхэд өөрийн авъяас билэг, оюун ухаан, эрдэм мэдлэгээ шавхан дайчилж ирсэн тэргүүний манлай сэхээтний нэг байсан юм.
Л.Түдэв 1935 онд Говь-Алтай аймгийн Наран сум /одоогийн Халиун/-ын нутаг “Өвөр замын бууц” хэмээх газар малчин айлын гэр бүлд төржээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дунд сургууль, Улаанбаатарт Багш нарыг бэлтгэх сургууль, УБДС, Москва хотноо ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж дээд боловсрол эзэмшиж, зэрэг цол хамгаалсан эрдэмтэн төдийгүй амьдралын их сургуульд насан туршдаа суралцсан бүтээлч нэгэн байлаа.
Л.Түдэвийн амьдрал, уран бүтээл монголын сэтгүүл зүйн хөгжилтэй салшгүй холбоотой юм. Тэрээр хорин зургаахан насандаа “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдож /1961-1963/ байлаа. Энэ нь түүний нийгэмд эзлэх үнэлэмжийн томилгоо байсан юм. 1963-1964 онд Монголын зохиолчдын эвлэлийн төв хэвлэл “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр ажилласан бөгөөд хожим буюу 1984-1996 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хорооны даргаар хавсран ажилласан юм. Тэрээр 1996 оноос монголын анхны зөгнөлт “Дал” сонинг эрхлэн гаргасаар байсан билээ.