Боловсролын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилготой “Tetgeleg” аппликэйшнийг үүсгэн байгуулагч, “Edu Plus” төслийг санаачлагч Б.Батзаяатай ярилцлаа. Тэрээр Tetgeleg 2.0 хувилбараа олон нийтэд танилцуулахаар ажиллаж байгаа юм.
-Та манай уншигчдад өөрийгөө болон “Tetgeleg” аппликейшны талаар товч танилцуулахгүй юу?
-Намайг Булганбаатарын Батзаяа гэдэг. Би Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Аймгийнхаа 3-р дунд сургуулийг төгсөөд, сэтгүүлч мэргэжлээр суралцсан. Хэдий тийм боловч сэтгүүлч мэргэжлээрээ төдийлөн ажиллаж байгаагүй. Мөн МУБИС-д Боловсролын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Үргэлжлүүлэн, Тайванийн “Providence” их сургуульд олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр тэтгэлгээр суралцаж төгссөн. Яг одоо бол “Tetgeleg” аппликэйшнийг хөгжүүлж байна.
Өмнө нь, сургалт хөгжил болон маркетингийн ажлууд хийж байсан. Хамгийн сүүлд, онлайн такси дуудлагын үйлчилгээ үзүүлэгч “UBCab” компанийн маркетингийн захирлаар ажиллаж байсан.
Боловсролын, тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилготой “Tetgeleg” аппликейшн анх 2017 онд олон нийтэд танилцуулсан. Одоо манай баг нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй. Өнөөдрийн байдлаар “Tetgeleg” платформ давхардаагүй тоогоор 100 мянган бүртгэлтэй хэрэглэгчтэй болж чадсан. Бид зөвхөн боловсролын тэтгэлгийн мэдээллийг хуваалцаад зогсохгүй, амжилттай тэтгэлэг авсан оюутан, залуусын туршлагыг бусдад хуваалцаж, түгээдэг.
Өнөөдрийн байдлаар “Tetgeleg” платформ дээр олон улсын 400 гаруй, дотоодын 200 гаруй тэтгэлгийг цаг тухайд нь мэдээлсэн байна.
-Сурсан мэргэжлээ орхиж, боловсролын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд тэгш, хүртээмжтэй хүргэхээр шийдсэн нь сонирхол татаж байна. Та яагаад энэ ажлыг эхлүүлэхээр шийдсэн бэ?
-Би оюутан байхдаа тэтгэлгийн мэдээллүүдийг хайж, эрэл хайгуул болдог байсан. Тэр үед тэтгэлгийн мэдээллийг ихэвчлэн бусад оюутнуудаас эсвэл хаа нэг сургуулийн ханын самбар дээрээс олдог байв. Гэтэл зарим тэтгэлэг нь аль хэдийн зарлагдаад, шалгаруулалтаа хийгээд дуусчихсан байдаг байлаа. Эсвэл сургуулийн ханын самбар дээр тэтгэлгийн мэдээлэл гарсан байлаа гэхэд тэр мэдээлэл нь өөр сургуульд хүрээгүй байдаг. Энэ нь мэдээллийн хүртээмжгүй байдал нь анхнаасаа өрсөлдөөнийг шударга бус болгож буй мэт санагддаг байв.
Жишээ нь, хотын хүүхдүүдэд хүрч байгаа мэдээлэл хөдөө алслагдсан сумын арван жилийн сургуулийн төгсөх ангийн сурагчдад хүрдэггүй. Тэр байтугай, хотын төвийн сургууль, хотын захын сургуульд хүртэл очих мэдээлэл харилцан адилгүй. Хөдөө алслагдсан суманд, эсвэл хотын захын сургуульд сурдгаасаа болоод тухайн хүүхэд тэтгэлгийн мэдээллийг авч чадахгүй байна гэдэг шударга бус. Мөн мэдээллээс хоцорно гэдэг нь тухайн хүүхэд тэгш бус мэдээллийн орон зайд амьдарч байна гэсэн үг. Хэдийгээр сошиал медиа байдаг боловч төрөлжсөн биш болохоор төдийлөн хангалттай байдаггүй.
Тэгээд ер нь яагаад оюутан, залууст хэрэгтэй боловсролын, тэтгэлгийн мэдээллүүд нэг цэг дээр байж болохгүй гэж гэдэг бодол төрсөн. Анх оюутан байхдаа тэтгэлгийн мэдээлэл байршуулдаг “Facebook”-ын “Page” анх ажиллуулж эхэлсэн. Өглөө сэрээд шууд хамгийн түрүүнд шинэ тэтгэлэг зарлагдсан эсэхийг шалгадаг, байхгүй бол чухал эх сурвалжууд руу утастаж асуудаг зуршилтай болсон. Залуустай мэдээлэл, туршлага хуваалцахдаа дуртай байсан учир энэ нь сүүлдээ бараг миний ажил, болчихсон. Байнга шинэ мэдээлэл хайж, байршуулж, бусадтай туршлага хуваалцаж явсаар сүүлд “Page”-ээ “Tetgeleg” аппликэйшн болгож хөгжүүлсэн.
Тухайн үед “Tetgeleg” аппликэйшнийг ийм олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Төсөв санхүүгийн хувьд зөвхөн өөрсдийн хөрөнгөөр эхэлсэн. Хөгжилтэй нь анхны аппликейшнээ бараг лизингээр хийлгэсэн гэж хэлж болно. Үнэнийг хэлэхэд “Tetgeleg” аппликэйшн сүүлийн таван жилийн хугацаанд цалин өгдөггүй, сайн дурын ажил байсан.
-Тэгэхээр өдийг хүртэл танай багийг ямар урам зориг тэтгэж ирсэн юм бол гэдэг асуулт төрж байна. Хүн ер нь дуртай зүйлдээ л тууштай байдаг шиг. Тэгэхээр өнөөдрийг хүртэл таныг юу энэ ажилд уяж ирсэн юм бол гэдэг асуулт төрж байна?
“Tetgeleg” аппликэйшнийг хэрэглэгчдийн тоо, тэтгэлгийн мэдээллүүдийг тогтмол уншдаг идэвхтэй хэрэглэгчдийн тоо байнга өсөж ирсэн. Хамгийн анх 10, 20 хүн л уншдаг байсан ажил маань хэдэн зуу, хэдэн мянга хүнд хүрдэг болсон нь бидэнд үргэлж урам зориг, таашаал өгдөг. Манай баг эндээс бидний хийж байгаа сайн дурын ажил хүмүүст хэрэгтэй зүйл өгч байна гэдэг мэдрэмжийг авдаг. Мөн Tetgeleg” аппликэйшнээр дамжуулаад тэтгэлэг авсан оюутан, залуус бидэнтэй үргэлж холбогдож, талархсанаа илэрхийлдэг. Энэ бүхэн манай багт маш их урам зориг, урагшлах хүч өгдөг.
Жишээ нь, Их Британийн “Chevening” тэтгэлэгт тэнцсэн хүүхэд холбогдоод талархлаа илэрхийлсэн. Тэр үед маш их гайхсан. Тэгээд “Танд баяр хүргэе. Гэхдээ бид нар таныг энэ том тэтгэлэгт тэнцэхэд яг үнэндээ юу ч хийгээгүй шүү дээ. Энэ бол цэвэр таны хичээл зүтгэл” гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө хүүхэд “Би Chevening тэтгэлэг зарлагдаж байгааг танайхаас маш олон удаа харж байсан. Бас энэ тэтгэлгийг авсан ах, эгч нарын туршлагаа хуваалцсан ярилцлагыг аппликэйшн дээрээс уншиж байсан. Тэгээд би ийм алхмууд хийж, ингэж явбал энэ тэтгэлгийг авч чадах юм байна. Өөрийгөө ингэж хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Надад ийм юм хэрэгтэй гэдэг төлөвлөгөөгөө зөв боловсруулсны хүчинд ийм үр дүнд хүрсэн” гэж хариулсан.
-Мэдээж “Tetgeleg” аппликэйшн хаа нэг сургуулийн ханын самбар дээр харагддаг чухал мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамаараад олон нийтэд тэгш хүртээмжтэй хүргэдэг болгосонд би хувьдаа талархдаг. Гэхдээ та “Tetgeleg” аппликэйшний хүмүүст өгдөг хамгийн том үнэ цэнийг та юу гэж тодорхойлох вэ?
-Бид өнөөдөр зах замбараагүй, асар их мэдээллийг хүссэнээрээ авах боломжтой технологийн эрин үед амьдарч байна. Мэдээллийн урсгал их болохын хэрээр эмх цэгцтэй, найдвартай мэдээллийн хэрэгцээ, шаардлага бий болсон. Хүмүүсийн хувьд хамгийн баттай улс төрийн мэдээллийг хаанаас авах вэ, хамгийн хэрэгцээтэй эдийн засгийн мэдээг юунаас унших вэ, хамгийн цэгцтэй спортын мэдээ хаана байдаг вэ гэдэг чухал болоод байна.
Мэдээж олон төрлийн хайлтын платформууд байдаг ч хүн болгон яг хэрэгтэй мэдээллээ шалгаж, олж чаддаггүй. Хүмүүс улам бүр завгүй болсоор байгаа энэ үед баталгаатай, цэгцтэй, яг өөрийн зорьсон мэдээллийг хайж олох нь маш их хүчин чармайлт, цаг зав шаардсан ажил болчихсон.
Тэгвэл “Tetgeleg” аппликэйшний хувьд яг боловсролын болон тэтгэлэг, сайн дурын ажлын талаар мэдээлэл хайж байгаа хүмүүст зориулсан мэдээллийн нэгдсэн сан байх зорилготой. “Tetgeleg”-ээс хүн яг зорьсон мэдээллээ олж авч чаддаг байхын зэрэгцээ тухайн хэрэглэгчийн цагийг хэмнэж байгаа нь бидний хамгийн гол үнэ цэнэ юм.
Мөн нэг залууд май гээд тэтгэлэг өгөхөөс гадна тэтгэлгийн мэдээллийг тогтмол өгч, тухайн тэтгэлгийг авах боломж чамд байгаа шүү гэдгийг сануулах нь хүүхдүүдэд үргэлж урам зориг өгдөг. Эргээд энэ нь хүүхэд тухайн зорьсон тэтгэлгийнхээ шаардлагад тэнцэхийн тулд өөрийгөө дайчилж, хөгжүүлэх мотивац болдог. Улс орны ирээдүй болсон залуус маань өөрсдийгөө хөгжүүлж, өөртөө хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь алсуураа нийгэмд эерэг нөлөө авчирж байгаа гэж бид итгэдэг.
Манай анхны хувилбар илүү мэдээлэл хүргэх чиглэл дээр төвлөрч ирсэн. Харин цаашид хэрэглэгчдийн оролцоог илүү нэмэгдүүлэхээр хөгжүүлэлт хийж байна. “Tetgeleg” аппликэйшний шинэ хувилбарыг удахгүй танилцуулах болно. “Tetgeleg 2.0” төсөл дээр Монголын технологийн шилдэг компаниудын нэг болох “Mezorn Technology” компани хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж байна. Бид боловсролын мэдээллийг илүү хүртээмжтэй болгох, мянга мянган Монгол залууст илүү их боломж олгох хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшлээр нэгдэн хамтран ажиллаж байна. Одоо бид нэг баг.
Бид “Tetgeleg 2.0” хувилбараар залууст зарлагдсан тэтгэлэгт шууд бүртгүүлэх, тэтгэлэг зарлагч байгууллагуудад яг зорилтот хүмүүстэй хамгийн үр дүнтэй байдлаар хүрэх, тэтгэлэг сонгон шалгаруулалтын үйл явцыг илүү, хялбар, цэгцтэй дээр нь шударга явагдахад дэмжлэг болохуйц олон боломжуудыг олгохыг зорьж байгаа.
Жишээ нь, Баян-Өлгий, эсвэл Дорнод аймагт байгаа хүүхэд “Tetgeleg” аппликэйшн эсвэл бусад эх сурвалжаас тэтгэлгийн мэдээлэл олж харлаа гэхэд Улаанбаатарт ирж бүртгүүлэх шаардлага үүсдэг. Гэтэл тэтгэлэгүүд маш богино хугацаанд зарлагддаг, тэр дундаа дотоодын тэтгэлгүүд 14-21 хоногийн хугацаанд л материал хүлээж авдаг. Гэтэл тухайн хүүхэд бичиг баримтаа бүрдүүлж, хот руу ирэх гэсээр байдал тэтгэлэг олгох тухайн хөтөлбөрийн бүртгэл нь дуусчихдаг. Дээр нь нааш цааш явах замын зардал, цаг хугацааг хэмнэх боломж, шийдлийг “Tetgeleg 2.0” шинэчлэлээр залуустаа олгох зорилт тавин ажиллаж байна.
-Боловсролын тэтгэлгийн тоо, тэр дундаа дотоодын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх буюу боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь мэдээж маш чухал ач холбогдолтой. Жишээ нь, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Индонез зэрэг хамгийн хурдтай хөгжиж буй Азийн орнууд боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт болон тэтгэлэг авч байгаа оюутнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна. Монгол залуус сүүлийн үед заавал гадаад улсыг зорихоос илүүтэй эхлээд дотооддоо боловсрол эзэмшиж, дотоодоосоо гадагшаа дэлхий рүү өрсөлдөе гэдэг хандлага их ажиглагдах болсон. Тэгвэл манайд залууст дотоодын тэтгэлгийн тоо хэр хүрэлцээтэй байна вэ?
-Бид сүүлийн таван жил тэтгэлгийн мэдээллийг хүргэх явцдаа Монголд дотоодын тэтгэлгийн тоо тийм ч хангалттай биш байгааг олж харсан. Энэ нь нөгөө талаараа бид залуустаа боломжийг хангалттай олгож чадахгүй байна гэсэн үг шүү дээ.
Тиймээс бид дотоодын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх зорилготой “Edu Plus” төслийг эхлүүлсэн. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад боловсролын 10 зорилгыг авч үздэг. Уг 10 зорилгын долоо нь боловсролын төлөө хийгдэж байгаа үйл ажиллагаануудаас хүлээгдэж буй үр дүн байдаг. Харин үлдсэн гурвыг нь хүрэх арга замууд гэж тодорхойлсон. Тэрхүү гурван хүрэх арга замыг ерөнхий байдлаар харвал нэгт, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох. Хоёрт, дэлхий дахинд боловсролын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх. Гуравт, багшлах боловсон хүчний чанарыг сайжруулах гэдэг асуудлуудыг авч үздэг. Өөрөөр хэлбэл, боловсролын тэтгэлгийн тоог нэмэгдүүлнэ гэдэг нь дэлхий нийтийн үйл хэрэг, зорилт юм.
Үүний цаад агуулга нь хөгжих эрмэлзэлтэй хэрнэ тодорхой шалтгааны улмаас суралцах боломжгүй байгаа хүмүүст тэгш хүртээмжийг л олгох явдал юм. Тэгвэл Монгол Улсад өнөөдөр 170 мянга гаруй оюутан байдаг. Бид яагаад 10-20 мянган оюутандаа тэтгэлэг өгч, боломж олгож болохгүй гэж. Гэхдээ боловсролд ихээр хөрөнгө оруулж томоохон дотоодын тэтгэлгийг тогтмол зарладаг ХААН банк, Голомт банк, Номин Холдинг зэрэг нийгмийн хариуцлагатай байгууллагуудыг зайлшгүй дурдах ёстой.
Гэвч яагаад бусад компаниуд, жижиг дунд бизнес эрхлэгчид, эсвэл бүр иргэн Батаа тэтгэлэг зарлаж боломжгүй байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Байгууллагууд нийгмийн хариуцлага болон хүний нөөцийн бодлого, олон нийтэд компаниа таниулах зэрэг зорилгоор тэтгэлэг зарлах сонирхолтой, үүний ач холбогдлыг сайн мэддэг. Гэтэл бэрхшээл нь тэтгэлэг зарлах, сонгон шалгаруулах процесс нь өөрөө маш төвөгтэй буюу хөрөнгө мөнгө, хүчин чармайлт ихээр шаарддаг. Жишээ нь, 170 мянган оюутанд тэтгэлгийн мэдээллийг хүргэхийн тулд төдий чинээ мэдээллийн суваг, хэвлэл мэдээлэлд хандах шаардлагатай болно. Энэ бэрхшээл нь боловсролын тэтгэлэг олгох сонирхолтой жижиг, дунд компани эсвэл хувь хүмүүс түүнийгээ бодит болгох боломжгүй болж байна.
Тэгвэл “Edu Plus” төсөл хэрэв та боловсролд хөрөнгө оруулж тэтгэлэг зарлахаар шийдсэн бол таны мэдээллийг боловсролыг дэмждэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан үнэ төлбөргүй хүргэх боломжийг санал болгох юм. Дээр нь, “Tetgeleg” платформ дээр тэтгэлгийн бүртгэл, сонгон шалгаруулалтын процессыг хамгийн хялбараар хийх боломжийг олгох юм.
Байгууллагууд боловсролд хөрөнгө оруулж, тэтгэлэг олгох сонирхолтой их байдаг нь ажиглагдаж байгаа. Тухайлбал, “Edu Plus” төсөл эхэлснээс хойш одоогоор бид 2 байгууллагаас, 18 оюутанд тэтгэлэг олгох амлалт авч, бэлтгэл ажлууд эхэлсэн явагдаж байна. Энэ завшааныг ашиглаад боловсролд хөрөнгө оруулж байгаа байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна. Мөн “Edu Plus” төслийг дэмжин, боловсролын мэдээлэл үнэгүй байх ёстой гэх санаачилгад нэгдэхээ илэрхийлж, нийгмийн хариуцлагаа харуулж байгаа “iToim”-ын хамт олонд талархлаа илэрхийлье.
Бид энэ онд 500-1000 оюутанд тэтгэлэг өгөх зорилт тавьсан. Бид уг төслийг цаашид жилд мянга мянган дотоодын тэтгэлэг зарлагддаг болох эко системийн эхлэх болох шийдэл гэж харж байгаа.
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түүхээс харахад боловсролын тэтгэлгийн тоо өсөх нь нийгэм, эдийн засагт нь үргэлж эерэг, үсрэнгүй үр дүнг өгсөн байдаг. Жишээ нь, Дэлхийн II дайны дараах Герман болон Япон улс боловсролын салбартаа онцгой анхаарч байсан жишээг дурдаж болох юм. Гэтэл манайд боловсролын асуудлыг бүхэлд нь төрд даатгах хандлага байдаг. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үнэлгээг тодорхойлдог олон улсын “PISA” үнэлгээ гэж байдаг. Уг үнэлгээний тайлангаас харахад улс орнуудын эдийн засгийн өсөлт нь болосвролын салбарын өсөлттэйгөө хамт явагддаг буюу зэрэг өсдөг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын эдийн засаг нь өсөхөд боловсролын чанар нь нэмэгдэж байдаг.
Тэтгэлэг гэдэг бол боловсрол эзэмшихийг хүсэж байгаа хүнд өөрийгөө хөгжүүлэх тэр боломжийг нь олгож байгаа зүйл. Мэдээж боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт маш үнэ цэнэтэй. Тухайлбал, академик боловсролд зарцуулсан нэг жилийн хугацаа тухайн хүний ирээдүйд олох орлогыг дунджаар 10 хувиар өсгөдөг гэдэг судалгаа бий.
Тиймээс дотоодод зарлагдаж байгаа тэтгэлгийн тоо нэмэгдэхийн хэрээр залууст өөрийгөө хөгжүүлэх боломж нь илүү тэлнэ. Дээр нь, манай залуус гадагшаа тэтгэлэг хайхаас гадна яагаад гаднын залуус манай улсад ирж, тэтгэлгээр суралцаж болохгүй гэж.
Намайг Тайваньд тэтгэлгээр суралцаж байх үедээ нийт оюутнуудынх нь 5-10 хувь нь гадаад оюутнууд байдаг гэх тоог харж байсан. Хамгийн гол нь, гадаадаас ирж суралцаж байгаа оюутнууд нэгт, тухайн улсынхаа эдийн засагт хөрөнгө оруулж байдаг. Хоёрт, соёлын хувьд гадаад оюутнуудаас маш олон зүйлсийг шинээр суралцаж, залуус нь хамт хөгжиж, дэлхий ертөнцийг харах өнцгөө тэлж байдаг. Гуравт, гадаад оюутан тухайн улсдаа өөрийн төрөлх хэлний багш болдог. Жишээ нь, Монголд Англи хэлтэй оюутнуудыг тэтгэлгээр суралцууллаа гэхэд хамгийн түрүүнд найз нөхөдтэйгөө өөрийнхөө хэлээр ойлголцох шаардлага үүснэ шүү дээ.
Мөн боловсролоор дамжуулж, аялал жуулчлал явагддаг. Тухайн оюутны эцэг эх, гэр бүл нь суралцаж байгаа оронд нь эргэж ирэх, эсвэл өөрийн үзсэн харсан сайхан зүйлсээ найз нөхөдөө харуулахаар дагуулж ирэх гэх зэргээр.
Дараа нь, том зургаараа өөрийн орны соёлыг дэлхий нийтэд сурталчлан түгээх, соёлын экспорт хийх хамгийн том үүд хаалга нь гаднын оюутнуудыг эх орондоо суралцуулах явдал байдаг. Тухайлбал, өнөөдөр АНУ-ын хип хоп, поп соёл дэлхий нийтэд түгж, Өмнөд Солонгосын “KPOP”, Японы соёл дэлхий нийтэд хурдтай тархаж байгаагийн ард боловсролоор дамжих дам нөлөө явагдаж байна гэсэн үг.
Эцэст нь, манай улсын хөгжил болон бусад маш олон ужиг асуудлын суурь нь өнөөдөр боловсрол, хүний хөгжлийн асуудал байгааг бид бүгдээрээ л мэднэ. Мэдээж боловсрол чанартай байх ёстой. Гэхдээ үүнийг зөвхөн төр ганцаараа, эсвэл нэг далайлтаар шийдэх ямар ч боломжгүй шүү дээ. Тиймээс бид өөр өөрсдийнхөө орчинд боловсролыг чанартай болгох алхмуудыг дор бүрнээ чадах чинээгээрээ хийсээр байх нь чухал гэж боддог.
Дээр дурдсанчлан боловсролын тэтгэлэгт өрсөлдөх нь залууст өөрийгөө дайчлах, хөгжүүлэх эрмэлзэл өгдөг. Өөрөөр хэлбэл, зөвхөн чиний голч 3.5 байгаа нь хангалтгүй. Чи хичээлдээ сайн байхын зэрэгцээ олон нийт, нийгэмд тустай ямар ажлууд хийдэг вэ. Чи өөрийгөө хөгжүүлэх ямар зүйлс хийж байна. Энгийнээр бол хэрэв тухайн хүүхэд тэтгэлгийн шалгуурын “A” баганыг хангаж байгаа бол “B” баганыг хангахын тулд өөрийгөө дайчилж, хөгжүүлж байгаа нь ирээдүйд Монгол Улсад нэг чанартай, хариуцлагатай, соёлтой боловсон хүчин, нэг сайн гэрийн эзэн, эзэгтэй бэлтгэгдэж байгаа хэрэг юм. Эсвэл үнэхээр суралцаж, хөгжих хүсэл эрмэлзэлтэй ч тэтгэлэг, боломж олдоогүйгээс болж магадгүй ирээдүйд том зүйлийг бүтээх залуу өөр замаар явахыг үгүйсгэхгүй.
Улс орондоо ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг чин хүсэл байгууллага, хувь хүн бүрд л байдаг. Яах вэ зарим нь суварга барих зэргээр янз бүрээр л ханддаг. Үүнийг би хувьдаа буруутгахгүй. Гэхдээ Суварга босгох бус боловсролд хөрөнгө оруулдаг байгаасай гэж боддог.

Улаанбаатарын гудамжинд гараад харах юм бол бидний барьсан барилгууд хангалттай өндөр. Бид илүү өндөр барилга барьж байж хөгжинө гэвэл ямар ч логикгүй. Зүүн өмнөд Ази, Япон, Солонгос, Европын өндөр хөгжилтэй орнуудыг харж байхад бид нар барилга байшин, харагдах үзэмжээр тэднээс огт дутаагүй. Хүмүүсийн харилцаа, хувь хүний хөгжил нь ямар вэ гэдгээр л улс орнуудын хөгжлийн ялгаа харагддаг. Яагаад зарим улсад очиход хулгай байдаггүй хэрнэ өөр улсад очиход халаасны хулгай, луйвар байдаг. Бид тэднээс энэ улс хэдий өндөр барилгатай ч хөгжөөгүй, болоогүй юм байна гэдэг дүгнэлтийг хийдэг. Монголын хувьд ч бид өөрсдийн хөгжлөө засмал зам, өндөр барилгаараа харах юм уу гээд бодохоор эцсийн эцэст хүний хөгжил дээрээ буудаг. Тиймээс боловсролд хөрөнгө оруулах, тэр дундаа боловсролын тэтгэлгээр ирээдүйдээ боломж, урам зориг өгнө гэдэг нь өнөөдрийн бидний хувьд нийгэмдээ өгч болох хамгийн бодит хөрөнгө оруулалт юм.