Б.Буянзаяа: Бидний зохиосон дижитал тоглоом АНУ болон Европт 35 сая хандалт аваад байна

Б.Буянзаяа: Бидний зохиосон дижитал тоглоом АНУ болон Европт 35 сая хандалт аваад байна
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 19
Дижитал тоглоом хурдацтай хөгжиж байна. Судалгаагаар дэлхийн дижитал тоглоомын зах зээлийн үнэлгээ 170 тэрбум давсан бөгөөд энэ нь манай улсын ДНБ-ээс даруй 13 дахин өндөр үнэлгээ болж байгаа юм. Тэгвэл энэ зах зээлд монгол залуус аль хэдийнэ өөрсдийн байр суурийг эзэлжээ. Тодруулбал, монгол залуусын зохиосон дөрвөн гар утасны тоглоом нийт хандалтын тоогоор 35 саяд хүрч, тус бүр АНУ болон Европын орнуудын “Play store, App store”-ын топ чартыг тэргүүлсэн байна. Ингээд “Black Candy” компанийн үүсгэн байгуулагч Б.Буянзаяагийн ярилцлагыг хүргэж байна.
-Та анх тоглоомын зах зээл рүү хэрхэн орохоор болсон бэ. Салбартаа хэр их хугацааг зарцуулаад байна?
-Найз Л.Баясгалангийн хамтаар 2012 онд анх хэвлэлийн үйлдвэрийн агуулахаас гар утасны тоглоом хөгжүүлж эхэлж байлаа. Тухайн үедээ “Tetris Battle” тоглоомоос санаа авч, тоглоом хийх боломжтой, цаашид улам хөгжинө гэж зах зээлээ харж мэдэрсэн. Бид анх энэ салбар руу орохдоо “Ямар ч программ, тоглоомыг хийж, зохион бүтээж чадна, төгс болно” гэж бодож орсон. Гэтэл энэ зөвхөн программ хөгжүүлээд дуусчих зүйл биш байлаа. Бид хоёр зургаан жилийн турш туршлагагүйтэж, өдөр хоногоо өнгөрөөн төгс тоглоом хийх гэж оролддог байсан. Энэ маш буруу байсан юм билээ. Зах зээлээ сайн судалж, анхаарал хандуулах нь хамгийн чухал ажлын нэг байсан. Туршлага сууж явсаар, компаниа анх 2018 онд Л.Баясгалангийн хамтаар үүсгэн байгуулсан. Бид одоогоор “Hyper casual” буюу бүх насныхан тоглох боломжтой, амархан, ойлгомжтой гар утасны тоглоомыг зохион бүтээж, олон улсын зах зээлд нийлүүлж байна. Тухайн үед 5-6 хүнтэй байсан бол одоо 17-уулаа болсон. Мөн нэмж гишүүд авахаар төлөвлөж байгаа.
-Одоогоор нийт хэдэн тоглоом зах зээлд амжилттай гаргаад байна. Мөн тухайн тоглоомын хандалтаас танилцуулахгүй юү?
-Манайх сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 50 орчим тоглоом хөгжүүлж, олон улсад гаргаснаас дөрөв нь хит болон “Play store, App store”-ын Top Chart”-ыг тэргүүлсэн. Бидний хит болсон тоглоомуудын нийт хандалт одоогоор 35 саяд хүрээд байна. Үүнийг дурдвал:
-“Escalators” тоглоом дэлхийн 21 оронд 12 сая татсан хандалттайгаар “App store”-ын Top chart”-ын тоглоомын төрлийг тэргүүлсэн
-“Archers.io” тоглоом дэлхийн 16 оронд 12 сая татсан хандалттайгаар “App store Top chart”-ын тоглоомын төрлийг тэргүүлсэн
-“Commuters” тоглоом АНУ-д зургаан сая татсан хандалттайгаар “App store Top chart-н тоглоомын төрөлд зургадугаар байранд
-“Pro Builder 3D” тоглоом 4,7 сая хандалттай явж байгаа.
undefined
-Тоглоомоо хэрхэн зохион бүтээдэг вэ. Хөгжүүлэлтийн явцаас сонирхуулахгүй юу?
-Бид эхлээд багаараа тоглоомын санааг ярилцана. Ихэвчлэн бүтээгдэхүүн хариуцсан менежерүүд үүнд төвлөрч ажилладаг. Мөн багийн бусад гишүүд ч чөлөөтэй өөрийн санал бодлыг хэлэх бөгөөд түүнээс боломжит хувилбарыг сонгон авч хөгжүүлэлтийн ажилдаа орно. Дараа нь бодит зах зээлд тест хийж үзүүлэлт, статистикийг харж цааш үргэлжлүүлэх, сайжруулах эсэхийг шийддэг. Манайх тоглоомын амжилттай санаа гаргасан ажилтнаа 15 сая төгрөгөөр урамшуулдаг. Иймээс ч залуус маань ажилдаа дур сонирхолтой, хайртай байдаг болов уу.
Бидний ойрын зорилго бол “Hyper Casual” төрлийн тоглоомыг өөрсдөө зах зээлд нийлүүлдэг компани болох юм. Одоогоор бид чанартай, сайн тоглоом бүтээж чадаж байна. Гэвч гаргасан тоглоомоо олон улсын зах зээлд гаргаж чадахгүй учир гадаадын компанитай гэрээ хийн тэдэнд бүтээгдэхүүнээ өгч цааш нь гаргаж байгаа. Иймд бүтээгдэхүүнээ өөрсдөө зах зээлд нь гаргадаг компани болох болно. 
-Үүнийг монгол залуусын олон улсын зах зээлд гаргаж байгаа нэг экспортын бүтээгдэхүүн гэж ойлгож болох уу?
-Мэдээж тэгж ойлгож болно. Бид ямар нэгэн хөрөнгө оруулалтгүйгээр өөрсдийн чадлаар, бодитойгоор АНУ болон гаднын өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж, түүгээрээ эх орон руугаа чиглэх валютын урсгалыг нэмж байна. Нэг ёсондоо бид оюуны экспортын бүтээгдэхүүнээ дэлхийд гаргаж байна. 
Манай хамгийн өндөр үнэлгээтэй тоглоом л гэхэд 700 мянган ам.доллараар үнэлэгдсэн. Нэг ёсондоо бид оюуны экспортын бүтээгдэхүүнээ дэлхийд гаргаж байна. 
undefined
undefined
-Бүтээсэн тоглоомны орлогоо хэрхэн авдаг вэ?
-Бид одоогоор Израилийн ‘Super Sonic” компанитай хамтран ажиллаж байна. Бид тоглоомоо зохион бүтээж, харин тэд олон улсын зах зээлд гаргана. Гэрээний дагуу орлогоо хуваана. “Hyper Casual” тоглоом хөгжүүлэгч хамгийн багадаа 100 мянган долларыг нэг тоглоомоос авдаг. Хэрэв үнэхээр тухайн тоглоом хит болж чадахуйц байвал нэг сая ам.доллар болон түүнээс дээш дүнгээр үнэлэгдэх болно.  Өмнө нь бид Францын “Voodoo”-тэй хамтран ажилладаг байсан.
“Hyper Casual” тоглоом нь ихэвчлэн рекламаар хандалт авч орлогоо олно. Бид одоогоор дижитал гар утасны зах зээлд өөр ямар боломж байна түүнийг эрэлхийлж, судалж байна. Зөвхөн гар утас ч биш VR технологи дээр суурилсан тоглоом хийхээр туршилтын ажлаа эхлүүлээд байгаа.
-Гадаадын компаниудтай холбогдох хэр амаргүй байсан бэ?
-Компаниуд их нээлттэй байдаг. И-мейл бичиж тоглоомоо солилцдог. Гэхдээ мэдээж үүний тулд чи чадвартай, туршлагатай, сайн байх ёстой.
-Одоогоор хамгийн их тулгарч байгаа асуудал юу байна?
-Хүний нөөцийн асуудал байгаа. Сайн хамт олныг бүрдүүлж, илүү том зүйл хийхийг хүсэж байна. Манайд нэгдсэнээр залуус дэлхийн бодит зах зээлд ажиллаж сурна. Юм сурч мэднэ. “Hyper Casual” бол зөвхөн эхлэл нь байх болно. Монголчууд “Pubg Mobile” “Candy Crush” шиг тоглоомыг ч хийх бүрэн боломжтой. Ирээдүйд тоглоомын салбар илүү хөгжих болно. Дэлхий нийт цахим систем рүү улам шилжиж байгаа.
Мөн өөрсдөө тоглоомыг олон улсын зах зээлд гаргагч компани болно. Монгол тоглоом хийх сонирхолтой залуусаа илүү олон болгож, тэдэнд зааж сургах болно.
-Танай цаашдын зорилго юу вэ?
-Манай компанийн зорилго бол дэлхийд тоглоомын төрлөөр тэргүүлэгч 25 компанийн нэг болох юм. Энэ бол боломжтой. Бидэнд туршлага, ирээдүй байна. 
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн