Эдийн засаг | 3 мин уншина

Нэг монгол хүнд 22 сая төгрөгийн гадаад өр ногдож байна

Нэг монгол хүнд 22 сая төгрөгийн гадаад өр ногдож байна
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 25

Монгол Улсын гадаадын өрийн статистикийг Монголбанк  гурав, гурван сарын давтамжтай гаргадаг билээ. Хамгийн сүүлд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 28 тэрбум 743 сая 089 мянган ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх жилийнхээс 1.2 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт болж байгаа бөгөөд Монгол Улсын түүхэн дэх хамгийн дээд хэмжээ болжээ.

2009 онд манай улсын гадаад өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дэх хамгийн доод хэмжээ болжээ.

Гадаад өрийг задлаад харвал, хувийн хэвшил болон Засгийн газрын өр хамгийн их хувийг эзэлж байгаа юм. Компани хооронд дахь гадаад өрийн хэмжээ 9.1 тэрбум, томоохон салбарын өр 8.1 тэрбум, Засгийн газрын гадаад өр 7.1 тэрбум, Төв банкны өр 2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр Засгийн газрын гадаад өр бага зэрэг буурсан ч улсын хэмжээн дэх гадаадын өрийн хэмжээ өсчээ.

Нийт гадаад өрийн хэмжээг төгрөгт шилжүүлбэл 70 гаруй их наяд төгрөг болж байгаа бөгөөд нэг монгол хүнд 22 сая төгрөгийн өр ногдож байна. Өөрөөр хэлбэл, манай улс ДНБ-ий хэмжээг 2.5 нэмэгдүүлсэнтэй тэнцэх  өртэй болжээ.

Гадаад өрөөс гадна дотоод өрийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Зөвхөн Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ 22.4 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр хүлээгдэж буй ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байгаа гэж Сангийн яамнаас мэдээлжээ.  Засгийн газрын нийт өрийн 10.6 хувийг дотоод өр, 84.3 хувийг гадаад өр, 5.1 хувийг өрийн баталгаа эзэлж байна.  Засгийн газрын өрийн хэмжээг гурван сая иргэндээ хуваавал нэг хүнд 7 сая төгрөгийн өр ногдож байна. 

2016 оны улс төрийн сонгуулийн өмнө МАН-ынхан Засгийн газрын өрийг тооцож, нэг монгол хүнд 5.3 сая төгрөгийн өр ногдож байна гэж мэдээлж байжээ. МАН-ынхан сонгуульд ялалт байгуулахдаа улсын болон иргэн бүрийн өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээх амлалт өгсөн. Гэхдээ өр буурсангүй, харин ч нэмэгджээ. 

Хамгийн сүүлийн статистикаар дэлхийн улс орнуудын тавьсан өрийн хэмжээ 76.6 их наяд ам.долларт хүрснийг ОУВС мэдээллээ. Дэлхийн нийт өрийн дийлэнх хувийг АНУ-ын тавьж, араас нь Япон, Хятад, Итали, Франц зэрэг орнууд жагсч байна. Гадаад өрийн ДНБ-тэй харьцуулсан дүнгээрээ Монгол Улс гадаад өрийн хэмжээгээрээ дэлхийн 196 орноос 79 дүгээр байранд жагсчээ.

Дээрхээс харахад, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага мэт харагдаж байгаа ч хүн амын тоо, ДНБ-ий хэмжээ, эдийн засгийн багтаамж, чадавхтай харьцуулахад анхаарал татахуйц өндөр үзүүлэлт болохыг ОУВС анхааруулжээ. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 250 гаруй хувьтай тэнцэж байгаа гэдэг нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад маш өндөрт тооцогдож байна.

Засгийн газрууд төсвийн алдагдлыг нөхөх эсвэл чухал төслийг санхүүжүүлэхийн тулд гадаад зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэрийг зээлдэг. Гэхдээ өрийн хэмжээг хэт их нэмэгдүүлэх нь тухайн улс орны эдийн засгийн аюулгүй байдал, цаашлаад дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хүнд байдалд оруулах эрсдэлийг бий болгодог байна. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн