Эрүүл мэнд | 2 мин уншина

С.Энхболд: Монголд Омикроны оргил үед өдөрт 40-45 мянган тохиолдол илэрнэ

С.Энхболд: Монголд Омикроны оргил үед өдөрт 40-45 мянган тохиолдол илэрнэ
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 11

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны 2021 оны V, VI тогтоолын  биелэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авав. 

-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Монголд Омикрон хувилбар дэгдэлт эхэлж, үүнийг дөрөвдүгээр давлагаа гэж нэрлэж байна. Оргил үед өдөртөө 18-20 мянган тохиолдол илэрнэ гэж тооцсон байна. Энэ хэр бодитой тооцоолол вэ гэдэгт хариулт өгнө үү. Нөгөө талд эм, вакцины нөөц хэр байна, бэлтгэл ажлыг хэр хангаж байгаа вэ. Хэдий эрүүл мэндийн салбарт хөрөнгө мөнгө нэмж байгаа ч хүрэлцэхгүй л байгаа болов уу. Нийгмийн бодлогын байнгын хорооноос  төсөв, санхүүгийг саадгүй байлгахад хэрхэн анхаарч ажиллах шаардлага байна  вэ?

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрдэмтдийн гаргаж байгаа тооцоогоор өдөрт илрэх халдварын тоо 20 мянга давбал эрүүл мэндийн салбар нэлээд хүндхэн байдалд орно. Дельтагийн давлагааны үед улсын хэмжээнд 23 мянган ор дэлгэсэн. Тухайн үед  оргил үедээ өдөрт 8 мянга гаруй тохиолдол илэрч байсан. Одоо Омикроны давлагааны оргил үед хамгийн багадаа өдөрт илрэх тохиолдлын тоо 18-20 мянга гэж тооцсон. Олон улсын байгууллагууд Омикрон бүртгэгдэхэд тухайн улс орнуудад тохиолдлын хэрхэн нэмэгдэхийг тооцоолсон. Олон улсын байгууллагууд Монгол Улс Омикроны оргил үед өдөрт 40-45 мянган тохиолдол бүртгэнэ гэж тооцсон. Тиймээс бид эмнэлгийн тусламж үйлчилгээ настай, архаг хууч өвчтэй, хүүхдүүд, жирэмсэн хүмүүс рүү л хандуулах чиглэл барина. Омикон дельтатай харьцуулахад эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн байна. Тэр бүр эмнэлэгт хэвтэхгүйгээр шинж  тэмдгээр нь эмчлэх боломжтой гэж харж байгаа учраас өрхийн эмнэлгүүдэд гол хүчийг дайчилж ажиллана. Үүнтэй холбоотойгоор хоёр сайдын гаргасан тушаал хэвээрээ үргэлжилнэ. Өрхүүд ковидоор өвдсөн иргэдэд 160 мянган төгрөгийн эмийн багцыг үргэлжлүүлэн олгоод явна. 

Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн хувьд даатгалын санхүүжилт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байж ажилчдын цалин хөлс нэмэх асуудал яригдана. Одоо бол байгаа төвсийнхөө хэмжээнд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ЭМДС-г нэмсэн гээд байгаа. Гэхдээ бодит байдал дээр улсын төсвөөс өгч байгаа төсвийг ЭМДС-тай нэгдсэн болохоос санхүүжилт нэмэгдээгүй. Харин энэ жил  200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, ЭМДС-гийн нийт төсөв 1.4 их наяд төгрөгөөр баталсан. Ажилчдын цалин болон ковидын урьдчилан сэргийлэх багцыг суулгасан. Цаашдаа Нийгмийн бодлогын байнгын хорооноос төсөв тал дээрээ дэмжлэг үзүүлэхийг хүсмээр байна. 

 

 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн