Боловсрол | 4 мин уншина

Э.Хонгорзул: Гэр бүлийн харилцаа нь хүүхдийн ирээдүйн манлайлалд чухал нөлөөтэй

Э.Хонгорзул: Гэр бүлийн  харилцаа нь хүүхдийн ирээдүйн манлайлалд чухал нөлөөтэй
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 31
Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар сэтгэл судлаач Э.Хонгорзулын зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдээ тэвэр, үнс, ярилц. Үүний үр дүн гайхалтай...

Хүүхдүүд эцэг эхтэйгээ ярилцахыг маш их хүсдэг. Тэврүүлэхийг, үнсүүлэхийг, тэдэнтэй нээлттэй харилцаж байхыг эцэг эхчүүдээсээ хүсдэг. Бага насандаа авч байсан тэр тааламжтай мэдрэмжүүдийг авч байхыг хүсдэг. Гэтэл эцэг эхчүүд нь үр хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангахын тулд ажиллаж, хөдөлмөрлөж байдаг. Аав ээжүүд том болсон хүүхдэдээ хэрэгтэй зүйлийг нь аваад өгчихлөө гэж боддог ч хүүхдүүд материаллаг зүйлээр хангалуун байх тусмаа өөр зүйлээр дутдаг. Хүүхдүүд хайраар дутдаг.
Өсвөр насны хүүхэд, гэр бүлийн харилцааг судалсан судалгаагаар харахад  хүүхдүүд эцэг эхтэйгээ тааламжтай харилцах эсэх нь түүний манлайллын сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг тогтоосон. Аав ээжтэйгээ нээлттэй чөлөөтэй харилцдаг хүүхдүүд ирээдүйд манлайлагч, удирдагч болдог. Ангидаа нэр хүндтэй, сурлагын чанар эерэг байдаг. Хүрээлэл дундаа гэрэлтэж явдаг. Учир нь сэтгэл зүйн байдал нь гэр бүлийн харилцаатай их хамааралтай. Гэтэл аав, ээжтэйгээ  түвэгтэй харилцаатай байдаг хүүхэд амжилт гаргах магадлал бага байдаг. Хүчирхийлэлтэй гэр бүлд амьдардаг, аав ээж нь ажлын ачаалалтай байдаг хүүхэд хэнд юу ярихаа мэддэггүй. Энэ төрлийн хүүхэд ангийнхан дундаа хэрхэн харьцахаа сайн мэддэггүй.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ 30 минутын л зав гаргахад хангалттай. Миний хүүхдэд өнөөдөр юу тохиолдсон, найзуудтайгаа юу хийсэн эсвэл найзынх нь талаар сонин сайхан зүйлийг сонсож болно. Юу ярих нь гол биш хүүхэдтэйгээ ярилцаж байгаа гэдэг нь л чухал.

Өнөө цагийн өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг нэрлэвэл...

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй маш тогтворгүй, туйлбаргүй байдаг. Тиймээс мансууруулах бодис, архи тамхины хэрэглээний талаар өсвөр насны хүүхдүүдтэй илүү тулж ажиллах шаардлагатай гэж боддог. Нас биед гүйцсэн, хорт зуршлын талаар тодорхой байр суурьтай болсон  хүнээс  тэс өөр.
Орчин үед хүүхдүүдийн хэрэгцээ их өөр болсон. Жишээлбэл, 1990 онд өсвөр насныханд энгийн л зүйлс хэрэгтэй байсан. Өвөл өмсөх гутал, малгай ороолт гэх мэт. Өмнөх үеийнхэн аав ээждээ туслаад, гэртээ дүүгээ хараад, үеийнхэнтэйгээ тоглоод эв зүйгээ ололцоход л сэтгэл зүйн хувьд ачаалал багатай байх нөхцөл боломжтой. Энэ үед үнэтэй гар утас, компьютер хэрэгтэй байгаагүй, үнэтэй брэндийн гоёл чимэглэл хэрэгтэй байгаагүй. Тухайн үед ийм зүйлс байдаг гэдгийг ч мэддэггүй байсан болохоор сэтгэл зүй нь үүнд татагддаггүй байсан. Харин өнөөдрийн өсвөр үеийнхэнд утсаараа тоглох хэрэгцээ, найзуудтайгаа уулзаж гадуур зугаалах, нийгмийн сүлжээнд өөрийгөө илэрхийлэх зэрэг олон хэрэгцээ үүссэн. Энэ бүх хэрэгцээг хянах нь хэцүү. Тиймээс энэ бүхнийг бага наснаас нь эхэлж ухамсартайгаар ойлгуулж, хэвшүүлэх хэрэгтэй.

Аав ээж нь хүүхдийнхээ даган дуурайх, үлгэрлэл авах хүн нь байх ёстой

Орчин үед өсвөр насныханд мансууруулах бодист донтолт тулгараад буй томоохон асуудлын нэг болж байна. Хүмүүсийн хангагдаагүй мэдрэмж нь донтолт үүсгэдэг. Асуудалгүй хүн аливаа зүйлд уруу татагдахгүй, асуудалгүй бол донтолтод өртөхгүй. Дутуугийн мэдрэмжтэй, тэр мэдрэмжийг юугаар нөхөх вэ гэдгээ мэдэхгүй байна гэдэг  хүүхдэд асуудал болдог.
Хүүхдийн төлөвшил эцэг эхээс нь ихээхэн шалтгаалдаг. Жишээлбэл гар утсанд донтож байна. “Чи гар утас хэрэглэхээ боль, энэ хүүхэд байнга утсаа “маажиж” байх юм”  зэргээр хүүхдээ зэмлэчхээд өөрөө нүдэн дээр нь байнга утсаа оролдож байвал та хүүхдэдээ ямар ч үлгэр дуурайлал болохгүй байна гэсэн үг.
Ингээд ээж аавынхаа зөвшөөрөөгүй үйлдлийг нууцаар хийж эхэлдэг. Ариун цэврийн өрөөндөө орж утсаа оролдох, нуугдаж утсаараа тоглох зэрэг үйлдлийг хийж эхэлдэг. Энэ нь хүүхдийг ганцаардмал, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгодог.
Эсвэл чи утас хэрэглэж болохгүй гэж хатуу хяналт тавиад, гэр бүлийн бусад гишүүд утсаа ашиглаад байвал хүүхдэд гэр бүлийн гишүүн гэж мэдрэх мэдрэмжид нь сөрөг нөлөөтэй. Та хүүхдээ ямар байлгамаар байна, өөрөө яг тийм л байх ёстой.

Тулгамдсан асуудлыг даван туулах боломжийг хүүхдэд өөрт нь олгох хэрэгтэй

Хүүхдээ хэт бөөцийлөх, түүний асуудлыг өмнөөс нь шийдвэрлэх нь хүүхдийг сэтгэлийн тэнхээгүй болгодог. Эцэг эхчүүд анги дээр нь болсон асуудал, хэн нэгэн түүнийг шоглох зэргийг хүндээр хүлээн авч өмнөөс нь шийдвэрлэх тийм ч зохистой биш. Хүүхэд даван гарах ёстой бүхнээ тэр цаг хугацаанд нь өөрөө туулаад явах ёстой. Үеийнхэндээ шоглуулдаггүй, үеийнхэнтэйгээ маргалдаж үзээгүй өсвөр насны хүүхэд байдаггүй. Харин энэ л үеийг даван туулах нь хүүхдэд сэтгэл зүйн чадвар, тэнхээ болж суудаг.
Амьдралд нь тулгамдсан асуудал бүрийг эцэг эх нь насан туршдаа шийдэж өгөхгүй. Тухайн хүүхэд 30 хүрнэ. Энэ үед ч нийгмийн харилцаанаас болж хямарч болно. Өмнө нь өөрөө асуудлаа шийдвэрлэж байгаагүй бол бас л хэцүү санагдана. Тэгэхээр тухайн хүн өөрөө сэтгэл зүйн боловсролтой байх ёстой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн