БНСУ-ын “Seoul National University буюу Сөүлийн их сургууль”-ийн гуравдугаар курсийн оюутан Н.Анударьтай “ТOPIK”-ийн шалгалтад хэрхэн бэлдэх, мөн БНСУ-д хэрхэн суралцах талаар ярилцлаа.
-Та БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн өөрийгөө бэлдсэн бэ. Туршлагаасаа хуваалцана уу?
-Энэхүү тэтгэлэг нь бакалавр, магистр, докторант зэргүүдэд зарлагддаг. Миний хувьд бакалаврын тэтгэлэгт шалгарч, суралцаж байна. Тус тэтгэлэг есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Элчин сайдын яамны сайт болон studyinkorea сайт дээр бүртгэлийг зарладаг. Тухайн зарласан хэсэг рүү орвол бүрдүүлэх материал болон хэрэгтэй зүйлс, анхаарах зүйлс зэргийг тодорхой дурдсан байдаг байгаа. Би guideline-аа сайн уншиж, хэрвээ мэдэхгүй зүйл гарвал элчин рүү залгаж асуух эсвэл дурдсан и-мейл рүү асуултаа явуулж хариулт авдаг байсан. Ингэснээр ойлгомжгүй болон материалаа дутуу өгөхөөс сэргийлж чадах юм. Мөн TOPIK 5 түвшин ба түүнээс дээш ( Шалгалт өгснөөс хойш дөрвөн жил хэтрээгүй байх), TOEFL 90 оноо, IELTS 6.5 оноотой байхыг шаарддаг юм. Иймд тус шалгалтуудыг давсан байх хэрэгтэй. Сонгон шалгаруулалтын шатанд дараах зүйлсэд анхаарах хэрэгтэй. Тодруулбал,
CV болон суралцах төлөвлөгөөгөө тодорхой бөгөөд найруулгатай бичих
Ярилцлагад орох үедээ тайван байх хэрэгтэй бөгөөд асуултаа сонсоод шууд хариулах биш дотроо бодон хариулах
Хэрэгтэй гэж бодсон материалаа эртхэн бэлдэж эхлэх
Сайн дурын ажил хийх зэргээр тэтгэлэгтээ анхаарах хэрэгтэй.
-Тус улсаас зарладаг томоохон тэтгэлгүүдийн талаар сонирхуулна уу. Сонирхон буй хүмүүс хаанаас мэдээллээ авч, юу юуг сайн бэлдэх хэрэгтэй вэ?
-Samsung тэтгэлэг, daewoong тэтгэлэг, silk-road тэтгэлэг гэх мэт маш олон төрлийн тэтгэлэг бол байдаг. Өөр олон тэтгэлгийн талаарх мэдээллийг www.studyinkorea.co.kr гэсэн сайтаас тодорхой, дэлгэрэнгүй танилцах боломжтой. -Таны хувьд Солонгос хэлийг хэрхэн, ямар арга барилаар сурсан бэ?
-Миний хувьд өөрөө оролдож, сонирхлоороо хувиараа сурсан. Анх бичиж уншиж ч чаддаггүй байлаа. Гэхдээ тэр үед бууж өгөлгүйгээр бага зэргээр тууштай оролдож, ингээд сайжруулсан. Тодруулбал, хадмал кино үзэхдээ хадмалыг монгол биш солонгос хэл дээр үзэх хэрэгтэй. Тэр үед ойлгохгүй байгаа хадмалаа орчуулахгүйгээр эхлээд кино дахь үйл явдал, тухайн хүний гаргаж буй царай зэргийг ажиглах хэрэгтэй. Түүний дараа энэ үг нь иймэрхүү утгатай үг юм болов уу гэж таамаглана. Дараа нь толь бичгээс тухайн үгийг хайж үзнэ. Толь бичгээс үг хайж, дараа нь маш хурдан мартдаг тул, хайсан үгээ тухайн киноны хэсэгтэй хамт цээжлэх нь их тус болно. Мөн Монголд KBS, YTN зэрэг солонгос сувгуудаар оройн есөн цагийн мэдээ үзэх нь их тус болсон.
-БНСУ-ын хэлний түвшин тогтоох шалгалт буюу “ТOPIK”-т олон залуус бэлддэг. Таны хувьд үүнд хэрхэн бэлдэж байсан бэ.
-Topik нь өөрөө зургаан түвшинтэй. Нэг хоёрдугаар түвшин анхан шат, гурав, дөрөвдүгээрх нь дунд шат, тав, зургаа нь ахисан түвшин гэдэг. Гэхдээ та хэрвээ их сургуульд сурна гэж бодож байгаа бол тавдугаар түвшинтэй байхыг зөвлөж байна.
Миний хувьд тест ихээхэн бөглөсөн. Topik-ийн шалгалтад хоорондоо төстэй асуултууд ирдэг. Тиймээс өмнөх тестэн дээр ажиллаад алдаагаа засаж мэдэхгүй зүйлээ сурах нь илүү их амжилтад хүргэнэ. Гэхдээ тестийн ном худалдаж авах, цаасан дээр хэвлүүлэхээс илүү интернэт орчинд байгаа тестэн дээр ажиллаасай гэж хүсэж байна. Миний ашигладаг сайт https://www.studytopik.go.kr/sub-1/link_url.asp?ma_url=sub_1. Эндээс тестийг яг л шалгалт өгч байгаа мэтээр тодорхой хугацаанд бөглөдөг бөгөөд дууссаны дараа танд оноог чинь харуулдаг. Харин бичих ( 쓰기 ) чадварын тал дээр бол сониноос нийтлэл унших, ном унших, интернет мэдээ унших нь их тус болдог санагдсан. Мөн 600-700 үгтэй эссэ их бичиж үзсэн байх хэрэгтэй. Эдгээрийг зуршил болгож давтсанаар та төвөггүй тавдугаар түвшинд хүрэх болно. Гол нь давтаж байгаад завсардаж хаях биш, өдөр бүр давтах нь чухал юм шүү.
-Сөүлийн их сургуулийн талаар бидэнд танилцуулна уу?
-Сөүлийн их сургууль нь БНСУ-даа нэгдүгээрт эрэмбэлэгддэг, тэргүүний сургууль юм. Сөүлд хотод байдаг бөгөөд улсдаа сургуулийн кампус ( campus )-аараа ч нэгдүгээрт ордог бөгөөд Сөүл хотод орших жижиг хот мэт санагддаг.
Олон төрлийн туршлага болон шинэлэг зүйлсийг хийж үзэх, мэдэж авах, мөн шинэ хүмүүстэй дотносох мэт оюутан байхдаа авч болох олон сайхан дурсамжуудыг бүтээж өгдөг сургууль юм. Мөн боловсролын систем болон профессор нар ч мундаг хүмүүс байдаг тул их зүйлийг сонгон судлах боломжтой.
-Тус улсад суралцах нь ямар давуу талтай вэ. Мөн гадаад оюутнуудад тус улсын зүгээс хэр хөнгөлөлт үзүүлдэг вэ?
-Ер нь сайн судлаж үзвэл маш их тэтгэлэг олгодог шиг санагддаг. Гадаад оюутанд зөвхөн Засгийн газрын тэтгэлгээс гадна гадаад компани, байгууллага зэргээс зарладаг тэтгэлэг олон байдаг тул сонирхоод үзэх хэрэгтэй. Мөн Монголтой ойр байдаг тул гэртээ харих, буцаж ирэхэд амар. Түүнчлэн TOPIK-оо авсны дараа тодорхой хэмжээнд цагийн ажил хийж болдог нь их давуу талтай санагддаг. Эцэг эхийн тусламжаар биш зөвхөн өөрийн хүчээр гадаадад сурна гэдэг мэдээж чухал зүйл шүү дээ.