"Улсын бүртгэлийн багц хууль-Бүртгэлийн цахим үйлчилгээ" хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Бүртгэлийн тухай багц хуулиудын үр өгөөж, онцлох заалтуудын талаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа. -Бүртгэлийн тухай багц хуулиуд хэрэгжиж эхэлснээр Хууль зүй дотоод хэргийн яамнаас ямар чиг үүрэгтэй оролцож, хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ? -2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн засаглалын бодлогод бизнесийн эрх зүйн орчныг сайжруулна гэсэн зорилт тавьсан. Үндсэндээ засаглалын бодлого, Хууль зүй дотоод хэргийн яамны дөрвөн жилийн гол зорилт, үндсэн чиглэл бизнесийн эрх зүйн орчныг сайжруулахад оршиж байсан. Үүний тулд гурван үе шаттай хууль эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа. Зарим нь боловсроод хэрэгжээд явж байна, зарим нь ирэх онд хэлэлцэгдэхээр болж байна. Бүртгэлийн тухай багц хуулиас гадна газрын, нотариатын гээд суурь шинжтэй хууль эрх зүйн олон шинэчлэл хийгдэнэ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн багц хуулийн шинэчлэл явагдана. Энэ ондоо багтаад УИХ-д өргөн барина. Энэ гурван хууль эрхзүйн шинэчлэл гурвуулаа харилцан уялдаатай, нэг зорилго руу чиглэж байгаа юм. Үндсэн хууль батлагдсанаас хойш сүүлийн 26 жил бид эрх зүйн шинэчлэл хийхдээ хамгийн их орхигдуулсан зүйл бол бизнесийг дэмжсэн эрх зүйн орчны шинэчлэл байгаа юм. Бизнесийг дэмжсэн эрх зүйн орчны шинэчлэл гэхээр бид зөвхөн татварын хөнгөлөлт яриад байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд хувийн хэвшилтэй хамгийн их өрсөлдсөн, хувийн хэвшлийг хамгийн их боомилсон, авилга хамгийн олон оронтой тоогоор хэмжигдсэн, илэрсэн салбар нь төр ба төрийн өмчийн компаниуд байсан. Төрийн өмч гээд ярихаар зөвхөн төрийн өмчийн компаниас гадна газрын асуудал байна. Энд яг юу хийх вэ гэдэг асуудлаа дандаа хаяад яваад байсан байгаа юм. Ганцхан жишээ хэлэхэд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсантай холбоотойгоор өнөөдөр яригдаж байгаа олон зуун сая долларын асуудал гэхэд төрийн өмчийн компанийн хувьцааг барьцаалах шийдвэрийг хэн гаргах ёстой вэ гэдэг нь тодорхойгүй байх жишээтэй. Гүйцэтгэх захирал нь юм уу, ТУЗ уу, Засгийн газар нь уу. Энэ мэт асуудлын жишээ дурдвал үй түмэн, үүнээс хохирсон хохирол ярих юм бол хэдэн их наяд, үүний цаана нь авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон хүний тоо ярьвал мөн хэдэн зуугаараа. Үндсэндээ хэн ер нь Монгол Улсад хамгийн их садаа, тээг болж ирэв гэдэгт үнэлэлт өгөөд үүнийг цогцоор шинэчилье гэсэн зорилт дэвшүүлсэн. Үүнийн нэгхэн хэсэг бол Бүртгэлийн тухай багц хууль байгаа юм.