Нээлт | 2 мин уншина

‘Huawei’ хар жагсаалтад орсноор 'Google'-ын үйлчилгээг авах боломжгүй боллоо

‘Huawei’ хар жагсаалтад орсноор 'Google'-ын үйлчилгээг авах боломжгүй боллоо
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Huawei” компанийг хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасан билээ. Энэ нь Америкийн компаниуд тэдэнтэй бизнес, хамтын ажиллагаа хийх нь хориотой болсон гэсэн үг юм.

Үүний дараа “Google” компанийн холбогдох албан тушаалтан “АНУ болон БНХАУ-ын худалдааны дайнтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн гаргасан захирамжийн дагуу  бид Huawei брэндийн төхөөрөмжүүдийг андройд үйлдлийн систем болон Google Play Store-д хандах эрхийг нь тодорхойгүй хугацаанд хязгаарлах болсноо зарлаж байна” гэжээ. Энэ нь “Huawei”-ийн хэрэглэгчид үйлдлийн системийн шинэчлэл болон “Play Store” ашиглан шинэ аппликейшн татах боломжгүй болно гэсэн үг юм. Мөн дээрээс нь “Gmail”, “Google Maps” зэрэг үйлчилгээг ашиглах боломжгүй аж. Харин “YouTube” болон бусад “Google”-ийн бие даасан үйлчилгээнүүдэд хязгаарлалт байхгүй.

Одоогоор “Huawei”-ийн зөөврийн компьютерт ашигладаг “Windows” үйлдлийн системийг хэрхэх талаар “Microsoft” компани ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Ингэснээр дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгч болох “Huawei” брэнд маш том хохирол, сорилттой нүүр тулах болоод байна. Мөн тэд 2020 он гэхэд “Samsung”-ыг гүйцэж, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх зорилт тавиад байв. Гэхдээ тус компанийн удирдлагууд худалдааны дайнаас гарах энэхүү уршгийг урьдчилан харж зургаан сарын өмнөөс өөрсдийн чип болон үйлдлийн системийг хөгжүүлэх ажлаа эхлүүлсэн юм.

Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар “Huawei”-ийн хэрэглэгчид дэлхийн нийт ухаалаг гар утасны зах зээлийн 11,9 хувийг эзлэх болсон. Энэ тоо нь дэлхийн нийт хүн амын 3.2 хувийг хамрах юм.

Хятадын тэргүүлэх технологийн компани болох “Huawei” нь өнгөрсөн онд ухаалаг гар утас, таблет, цаг, зөөврийн компьютер зэргээс нийт 50 тэрбум ам.доллар давсан борлуулалт хийсэн байна. Үүний 45 хувь нь орлого байсан аж. Хэрвээ тэдний төлөвлөсөн “5G” сүлжээний ажил Европт амжилттай хэрэгжвэл худалдааны дайн дуусах хүртэл тийм ч ноцтой гарз амсахгүй гэж зах зээлийн шинжээчид үзсэн юм. Технологийн салбарын мэргэжилтнүүд 2020 онд “Huawei” “5G” сүлжээ дэмждэг 65 сая орчим ухаалаг төхөөрөмж борлуулна гэсэн тооцоо гаргажээ. Харин энэ бүхэн амжилтгүй болбол тэд санхүүгийн хувьд жинхэнэ хүнд цохилтыг амсана гэж дүгнэсэн байна.

АНУ Хятадын технологийн компанийг хар жагсаалтад оруулсан нь Америкийн технологийн аварга компаниудад ч маш том алдагдлыг үүрүүлж байна. Тухайлбал “Google” андройд үйлдлийн систем болон “Play Store”-ийг “Huawei”-ийн төхөөрөмжүүдэд хязгаарласан нь тэдний борлуулалтыг энэ онд 2.02 хувиар бууруулна гэсэн тооцоог салбарын шинжээчид гаргажээ.

Эх сурвалж: Wall Street Journal

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн