Open iToim app
Дэлхийн монгол | 7 мин уншина

Г.Ганзориг: Дэлхийн шилдэг компаниудаас олон удаа татгалзсан хариу авсан ч шантралгүй явсаар 'Adobe'-д тэнцсэн

Г.Ганзориг: Дэлхийн шилдэг компаниудаас олон удаа татгалзсан хариу авсан ч шантралгүй явсаар 'Adobe'-д тэнцсэн
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 2
Энэ удаагийн Дэлхий Монгол буландаа 1982 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн өнцөг булан бүрт нийт 23000 орчим ажилтантай "Adobe" компаний маркетинг, програм хангамжийн инженер Г.Ганзоригтой ярилцлаа. Тэрээр Монголдоо ШУТИС-д бакалаврын зэргээр хамгаалж,  АНУ-ын “Maharishi University of Management”-д  магистрын зэргээ хамгаалсан юм. 
-Adobe компанид орохоос өмнө технологийн олон компанид ажилд орох хүсэлт гаргаж байсан гэсэн. Тухайн татгалзсан хариу бүрийг хэрхэн хүлээн авдаг байсан бэ. Мөн "Adobe" компанийн аль багт нь ажиллаж байна?
 -АНУ-д ирээд Атланта хотод онлайн худалдааны сайт захиалгаар хийж борлуулдаг жижигхэн компанид хоёр жил ажилласан. Энэ хугацаанд тасралтгүй ажлын ярилцлагад бэлдэж байсан нь "Adobe" гэх компанид орох нөхцөлийг бүрдүүлсэн. "Adobe"-д орохоос өмнө Amazon, Microsoft компанид тус бүр хоёр удаа, Google, Facebook компанид тус бүр нэг удаа ярилцлага өгөөд унаж байлаа. Татгалзсан хариу авах бүрд бага зэрэг сэтгэлээр унадаг байсан. Гэхдээ энэ бүхэн надад өдөр бүр зорилгынхоо төлөө шантралгүй, алдаанаасаа суралцан, бэлтгэлээ улам эрчимтэй хийхэд түлхэц болдог байсан. Ганц, хоёр өдөр амарч аваад дахиад л бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Ер нь АНУ-д програм хангамжийн инженерээр ажилд орохын тулд хэдий мэргэжлээрээ сурч төгссөн, эсвэл салбартаа ажилласан туршлагатай ч доод тал нь гурван сар бэлдэх шаардлагатай байдаг. Энэ бүхэнд шантралгүй, өөдрөгөөр өөрийгөө бэлтгэсний хүчинд тэнцсэн болов уу. "Аdobe"-ийн ярилцлагад тэнцсэний дараа хамгийн түрүүнд эхнэртээ хэлж баяраа хамтдаа тэмдэглэж байсан нь тодхон санагдаж байна.
Би одоо "Adobe" компанийн Creative Cloud Experience багт Javascript хөгжүүлэгчээр компанийн дотоод багуудад зориулсан Collaboration tool хөгжүүлэх үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Ажлаа аль болох чанартай хийж дуусгахыг, олон дахин давтагдсан механик ажлыг автоматжуулахыг зорьдог юм. Манай компанид олон орны хүмүүс ажилладаг. Жишээлбэл, манай багийн 15 хүн л гэхэд Энэтхэг, Орос, Хятад, Монгол, АНУ, Австралиас гаралтай хүмүүсээс бүрдсэн. Олон улсын, өөр өөр үзэл бодол, харах өнцөгтэй хүмүүсээс бүрдсэн учраас ажил дээр ямар нэг шийдэж чадахгүй асуудал гарлаа гэхэд багийн гишүүдээс олон төрлийн өнцгөөс харсан санал зөвлөмж ирдэг дээ.
-Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаад одоо салбартаа ажиллаж байна. Та багаасаа энэ чиглэлд сонирхолтой байсан уу?
-Би 2007 онд нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуулийг төгссөн. Арван жилд сурч байхдаа математик, геометрийн хичээлд их дуртай байсан бөгөөд ихэвчлэн хичээлээ тарангуут найзуудтайгаа интернэт кафе орж, компьютер тоглоом тоглодог байлаа. Гэвч тухайн үед компьютер, программ хангамжийн мэргэжлээр сурна гэж төлөвлөж байгаагүй юм. Улмаар элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, хичээл тус бүрд 700 оноо авснаар шууд л МУИС, Санхүү Эдийн засгийн их сургуулийг зорьсон доо. Гэвч тус сургуулийн ангиудад зөвхөн 800 оноотой хүүхдийг авч байсан тул цааш ШУТИС-ийн элсэлт рүү явж очин, үлдсэн ангийг сонгосон нь КТМС-ийн мэдээллийн системийн анги болж таарсан. Энэ анги тухайн үедээ шинээр үүссэн анги байсан учир юуг сурах, төгсөөд ямар ажил хийхээ мэдэхгүй л сонгочихсон. Гэхдээ энэ сонголтдоо харамсдаггүй. Суралцсанаасаа хойш мэргэжилдээ улам дурлан, энэ салбартаа ажиллан явж байна.
-ШУТИС-ийг төгссөний дараахан Монголын хоёр ч компанид амжилттай ажиллаж байсан байна. Та ямар зорилго өвөртлөн гадаадад суралцах шийдвэр гаргасан бэ?
 -Миний хувьд Монголд ажиллаж байхдаа аль болох гадагшаа чиглэсэн ажил хийж, гаднаас валют оруулж ирэх сонирхолтой байлаа. Энэ хүрээнд Envato marketplacе-т хэд хэдэн wordpress темплэйт загвар хийж зарсан. Мөн Upwork хэмээх чөлөөт ажилтнууд ажиллаж болох сайт дээрээс нэлээд ажил авч хийж үзсэн юм. Гэвч тухайн явцад англи хэлний мэдлэг минь төдийлөн сайн хүрэхгүй байгаа нь мэдрэгдэж, гадаад хүмүүсийн соёл болон яг юуг хүсэж, ямар хүлээлттэй байгаа зэргийг мэдэхгүйн улмаас олон асуудал гарч байлаа. Иймд гадаадад сурч, ажиллах шийдвэрийг гаргаж байсан.

Цалин мөнгөнөөс илүү хийж буй ажлаасаа туршлага хуримтлуулах нь чухал

undefined
-Та АНУ-ын “Maharishi University of Management”-ийн сургуульд мастераа хамгаалсан гэсэн. Энэхүү сургуулийн онцлог, давуу тал нь юу вэ. Түүнчлэн таны анхны ажлын гараа хаанаас эхлэлтэй вэ?
-Манай КТМС-ийн ангийнхнаас нэлээд залуус АНУ-руу суралцан, ажиллахаар явж байлаа. Тухайн үед ойрын найз нөхөд болон эхнэр маань зөвлөсний дагуу гадагшаа явж мэргэжлээ дээшлүүлэхээр шийдсэн.  Манай сургуулийн хувьд хэлний шалгалт өгсөн байхыг шаарддаггүй, мэргэжлээрээ тодорхой хэмжээнд ажилласан, их сургуулиа компьютерын мэргэжлээр 3.0-аас дээш голчтой төгссөн байхад маш бага төлбөр төлөн сурах боломжтой гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн үлдэгдэл төлбөрөө дадлага хийх явцдаа цалингаараа төлдөг нь давуу тал болсон. Монгол оюутнууд ихээр суралцан төгсөж, АНУ-ын томоохон компаниудад амжилттай ажиллаж байна.
Би гуравдугаар курст байхдаа MyTech компанид дадлагаар ажилладаг байсан юм. Тухайн компаниасаа вебсайт гэж юу болох, мэдээлэл хэрхэн оруулж, хэрхэн серверт байршуулах зэргийг сурч авсан. Улмаар сургуулиа төгсөөд найзуудын хамт оффис түрээслэн тухайн үеийн эрэлттэй, топ сайтын нэг болох caak.mn сайттай төстэй мэдээллийн портал сайтыг хийж үзсэн байдаг. Гэвч сайт төдийлөн амжилттай болоогүй учраас тухайн үед дөнгөж шинээр байгуулагдаж байсан веб сайт захиалгаар хийдэг DigitalEyes хэмээх компанид орж удаан хугацаанд ажилласан юм. Хэдий тухайн сайт маань бүтэлгүйтсэн ч одоо бодоход бидэнд том сургамж, амьдралын хичээл болсон юм. Үүний ачаар аливаа зүйлд өнгөц бус далайцтай, нухацтай хандаж төлөвлөлт, алсын хараа зорилтоо улам бататгасан. Хүнд бүтэлгүйтэл, алдаа оноо зөндөө л тохиолдоно тэр бүрд өөр гарц гаргалгаа хайн, стресстэхгүй байх нь чухал.
 -Техник, технологийн салбар өдрөөс өдөрт хөгжин шинэ технологи, программ бүр мэндэлж байна. Манай улсын хувьд энэ салбарт хөл нийлүүлэн алхахад ямар чухал алхмууд хэрэгтэй байна вэ. Бид яг одоогийн хэмжээнд хангалттай алхаж чадаж байна уу?
 -Мэдээллийн технологийн салбар бол хил хязгааргүй салбар. Энэ салбарын ганцхан хязгаар бол хүний оюуны чадамж, мэдлэг, чадвар, боловсрол. Монголчуудын хувьд англи хэлний асуудал маш хүнд байна. Англи хэлгүй учраас олж байгаа мэдээллийн далайц богино, ярьж байгаа сэдэв цөөхөн, зорьж байгаа зорилго жижиг, хийж байгаа ажил өчүүхэн байна уу даа. Бид дэлхийтэй мөр зэрэгцэн алхахын тулд англи хэлийг зайлшгүй эзэмшсэн байх хэрэгтэй. Салбарын хувьд бол шинээр зохион бүтээх гээд зовоод байх шаардлагагүй, бусад улсуудын жишгийг дагах шаардлагатай болов уу. Дотогшоогоо чиглэсэн биш гадагшаагаа хандсан ажлууд ихээр хийгээсэй гэж хүсдэг дээ. Мөн гадагшаа бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхэд төлбөр тооцоо, банк санхүүгийн асуудал байнга тулгардаг. Тиймээс гаднын улсад аль хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн paypal зэрэг төлбөр тооцооны системээр мөнгөө татах боломжтой болгосноор хүмүүс олноор гадагшаа чиглэсэн ажил хийж дотогшоо валют оруулж ирэх боломжтой болох юм.
 -Залуус сургуулиа төгсөх үедээ тогтвортой ажил олох гэж багагүй хугацааг зарцуулдаг.  Тэнцэхгүй байх эсвэл богино хугацаанд ажиллан тодорхой шалтгааны улмаас гарах зэрэг тохиолдлууд бишгүй бий. Иймд таны хувьд залуу үеийнхэн, ялангуяа шинэхэн төгсөгчдөд юу гэж зөвлөх вэ?
-Миний хувьд гуравдугаар курсдээ үнэгүй дадлага хийж байсан. Гэхдээ одоо үед үнэгүй дадлага хийж болохгүй байх л даа. Үүнээс хэлэх гэсэн санаа нь цалин, мөнгө чухал биш юм шүү гол нь хийж буй ажлаасаа туршлага хуримтлуулах нь чухал. Иймд залуус ажлын гараагаа эхлэхдээ цалингаас илүү би энэ газраас хэр их юм сурах боломжтой вэ гэдгийг нь харж ажлаа сонгоорой гэж зөвлөх байна. Түүнчлэн нэг компанидаа доод талдаа хоёр жил ажиллах нь зүйтэй. Ингэснээр өөртөө ч туршлага хуримтлуулан эргээд дараагийн ажилд ороход түлхэц болно байх.

Хүсэл мөрөөдөлдөө хүрэх зам марафон гүйлттэй адил, бүдэрсэн ч өвдгөө гөвөн цааш гүйх хэрэгтэй

undefined
 -XXI-р зуунд залуу хүний өрсөлдөх чадварыг юу тодорхойлж байна вэ. Та өөрийгөө ямар чиглэлд хэрхэн хөгжүүлж байна?
-XXI-р зуун бол мэдээллийн эрин зуун. Асар их хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйгээ шүүн авч хөгжүүлэх нь нэг ёсондоо заавал байх чадвар. Мэдээж тэр их мэдээллийг англи хэлгүйгээр эзэмшихэд хэцүү. Тэр эзэмшсэн мэдлэг, мэдээллээ зөв ашиглахгүй бол хэнд ч хэрэггүй. Тийм учраас аль болох хэрэггүй мэдээллээс өөрийгөө тусгаарлаж хэрэгтэй мэдлэг, мэдээллээр өөрийгөө хангаж, хүнд тустай ажил үйлс бүтээгээсэй.
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?
 -Нэг ажлыг эхлүүлэхийн өмнө тухайн ажлаа аль болох сайн судалж төлөвлөхийг зорьдог. Толгой дотроо юм уу цаасан дээр нэгэнт зурагласан нөхцөлд хийж гүйцэтгэх нь цаг хугацааны л асуудал байдаг. Олон дахин давтагдаад байгаа механик зүйлсийг аль болох автоматжуулахыг зорьдог. 
 -Залуучууд өөрийн хүсэл, зорилгоо биелүүлэхийн тулд ямар зан чанартай байх хэрэгтэй гэж боддог  вэ?
 -Хүсэл мөрөөдлөө  аль болох томоор тавих хэрэгтэй байх. Сайхан байр, сайхан машинтай болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байлаа гэхэд нэг өдөр байр, машинтай боллоо тэгээд яах вэ гэдэг асуудал үүснэ. Миний хувьд мөрөөдлийнхөө 30%-даа ч хүрээгүй явна. Тийм учраас өдөр тутмын аар саар асуудалд түүртээд байдаггүй. Алдсан ч алдаанаасаа суралцаад цааш явахыг илүүд үздэг. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх зам марафон гүйлттэй адил. Маш олон шантрах, бүдрэх үеүд гарна. Тэр болгонд босоод өвдгөө гөвөөд цааш гүйх хэрэгтэй. Хамгийн гол нь дараа харамсахгүйгээр амьдрах явдал юм.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Ойрын хэдэн жилдээ мэргэжлээрээ шат ахин Senior, Staff түвшний инженер болох зорилготой. Ерөнхийдөө олон сая хүн ашиглах технологийн бүтээгдэхүүнийг эхнээс нь дуустал хийх чадвар, чадамжийг өөртөө олгох сонирхолтой байна. Ингэснээр бусад залуусын адилаар цаашдаа Монголоос дэлхийд гарах, хэдэн тэрбум долларын үнэлгээтэй старт-ап компанид гар бие оролцон байгуулалцах зорилго бий.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн