Улс төр | 2 мин уншина

Ж.Сүхбаатар: Шүүхийн хуульд ойлголцолд хүрчихээд улам л барьцаа ахиулаад байх юм

Ж.Сүхбаатар: Шүүхийн хуульд ойлголцолд хүрчихээд улам л барьцаа ахиулаад байх юм
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 30

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр АН-ын бүлэг хоёр удаа гурав хоногийн завсарлага авсан. Тиймээс тус хуулийн хэлэлцүүлэг ирэх долоо хоног хүртэл хойшлоод байгаа юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах нь сөрөг үр дагавар гаргаж байгаа талаар УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хуулийн хэлэлцүүлэг шинэ жил рүү дөхчихлөө гэдэг ажлын хэсэг юм уу, байнгын хороотой холбоотой асуудал биш. Ерөнхийлөгч нэг санал өгчихсөн. Түүнээс болж хойшилсон. Дараа нь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан. Дахиад завсарлага авчихлаа. Шүүхийн тухай хууль дээр ажлын хэсэг ойлголцолд хүрээд явж байгаа. Гэтэл улам л барьцаа ахиулаад байх юм. Одоо санаа зовж байна. Эрч нь суларсаар байгаад энэ тэндэхийн лобби ороод тавьсан зорилгынхоо 50 хувьд хүрэх юм уу, үгүй юм уу. Үндсэн зорилго зарчмаа барьж байж асуудал зөв явна. Хугацаа хойшилж байгаад би санаа зовж байна. Шүүхийн тухай хууль бол бидний шалгалт. Лобби ихсээд л байгаа. Арай гэж боож үүнээс хэмжээнд аваачиж байна. Цаашаа буулт хийж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Парламентын гал тогоонд орж ирээд нэлээд удчихаад. Найман сар болж байна. Шинэ парламент байгуулагдаад наймдугаар сард ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хоёр сар амралтгүй ажиллаад 75 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Сүүлийн гурван долоо хоног завсарлага авлаа. Гурван долоо хоногийн өмнө АН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариулсан. Үүний дараа Ерөнхийлөгч ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж 37 хуудас 100 санал ирүүлсэн. Ерөнхийлөгчийн саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн. 98 хувь нь ажлын хэсгийн хүрээнд яригдаж, туссан. Дараа нь АН-ын бүлэг завсарлага авсан.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дөрөвдүгээр сард шийдсэн. Ажлын хэсэг маш сайн ажилласан. Дөрвөн долоо хоног АН-ын бүлгийг хүндэтгээд хүлээж байна. Оны дараа ямар нэгэн шалтаг, тайлбаргүй хуулийн төслийг хэлэлцье.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн