Засгийн газраас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл, ААН, байгууллагад бага хүүтэй бизнесийн зээл, татварын хөнгөлөлт, шилжин ажиллаж байгаа төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл, урамшуулал олгох бодлого барина гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл 2023 оны төсөвт хотоос хөдөө орон нутагт суурьшихад дараах төсвийг хуваарилахаар тусгасан байна.
1. Бага хүүтэй орон сууцны зээл
Орон нутагт шилжин суурьших иргэд болон анх удаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаа орон нутгийн иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд Засгийн газраас хариуцахаар зохицуулалт хийсэн. Орон нутагт ирэх онд ашиглалтад орох орон сууцны тоотой уялдуулж, 2023 онд нийт 5,600 иргэнд дээрх зээлийг олгохоор тооцож, хүүгийн зөрүү буюу төрөөс хариуцаж төлөх 8.0 тэрбум төгрөгийг улсын төсвийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэ, орон нутагт олгох ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд тус сангаас урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдээд байна.
2. Бага хүүтэй бизнесийн зээл
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж өөрийн ажлын байрыг орон нутагт шилжүүлэх, түүнчлэн орон нутагт шилжин суурьшиж, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх иргэдийг дэмжих зорилгоор нэг хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлийг банкнуудын эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ Засгийн газраас зээлийн хүүгийн тодорхой хувийг хариуцаж төлөхөөр санаачлаад байна. Энэхүү зээлийн хүрээнд 2023 онд нийт 100.0 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор тооцож, зээлийн хүүгийн зөрүүнд 12.9 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөхөөр 2023 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.