“Crocus” Event Hall-ийн үйл ажиллагаа зохиодог том талбайт заалыг уншигч та мэдэх биз ээ. 1200 хүртэлх хүний багтаамжтай энэ заал бараг л дүүрсэн байв. Заалны урд хэсэгт том талбай үлдээж арын хэсгээр сандал эгнүүлжээ. Урд хэсэгт том талбай үлдээсний учир нь тэргэнцэртэй иргэдийг үзвэр үзүүлэхийн тулд тусгайлан талбайгаа бэлтгэсэн байна. Уг танхим руу орж ирэхэд “UBCab care”, “Яруу хамтрал” гэх хоёр янзын хувцсаар жигдэрсэн залуус угтах аж. Тэд хэнийг хаана байрлуулан тоглолт үзүүлэхийг тэр дор нь зохицуулж байгаа харагдлаа. Энд ямар учиртай тоглолт зохиож, тэд яагаад цугласан болохыг энэхүү сурвалжлагаараа хүргэе.
Бид юун түрүүнд өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж буй хүнийг олж уулзтал “UBCab” ХХК-ийн хамт олон байв.
Эхлээд “UBCab” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Ц.Туваансүрэнгээс мэдээлэл авсан юм. Тэрээр “Бид тээврийн цогц үйлчилгээ үзүүлдэг үндэсний брэнд компани болохыг зорьж ажилладаг. Бүх зорчигчид хүртээмжтэй хүрч ажиллах зорилготой. Тиймээс хөгжлийн ялгаанаас үл хамааран үйлчлэхийг хүсдэг. Энэ ажлын хүрээнд “UBCab care” буюу тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд таксигаар үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Тэргэнцэртэй иргэд “UBCab” апп дээрээс “Бууж суухад тусална” гэх сонголтоор таксигаа дуудахад жолооч иргэнийг машинд суулгаж, буулган үйлчилдэг болж байгаа гэсэн үг. Энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд “Тэгш хөгжил” буюу тусгай хэрэгцээт хүнтэй харьцах сургалтад 100 жолоочоо хамруулсан байна. Эхний ээлжинд Улаанбаатар хотдоо гурван сар явуулаад, 2022 онд багтаж орон нутаг руу өргөжүүлнэ. Харин өнөөдрийн нээлтэд “Яруу хамтрал”-ынхан жолоочтой хамтарч гэрээс нь үнэгүй үйлчлэн авч, буцаан хүргэж өгөх юм” гэлээ.
“UBCab” ХХК нь 15 мянган жолоочтой. Тэдгээрээс тусгай хэрэгцээт хүмүүст үйлчлэх хүсэлтэй жолоочдоо сургалтад хамруулж, энэ ангиллын жолооч болгоод буй. Мөн 21 аймаг дахь салбарын жолооч нараасаа ч санал авах аж. Тэд энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээрээ Монголдоо анхдагч болж байгаа юм. Энэхүү үйлчилгээг нь тэргэнцэртэй иргэн Т.Урантөгсөд ямар сэтгэгдэлтэй байгаа тодрууллаа.
-Өмнө нь “UBCab”-аар үйлчлүүлж байсан уу, энэ удаагийнх ямар ялгаатай байсан бэ?
-Өмнө нь үйлчлүүлж байсан. Тэр үед би өөр хүнээр туслуулж машинд нь сууж байсан. Харин энэ удаад жолооч лифтнээс буухад орцон дотор тосож авлаа. Манай орцны үүдний гарах хэсэгт таван шат байдаг. Түүгээр тэргэнцрийг хойш нь гэдийлгэж буулгаад тэргэнцрийг арын тээшинд хийсэн. Мөн намайг туслахын хамтаар маш эвлэгхэн машинд суулгаж, буулгалаа.
-Жолоочийн харилцаа, хандлага ямар байсан бэ?
-Маш эелдэг байлаа. Ер нь үйлчилгээ авч байгаа хүн үнэ хөлсөндөө бус сэтгэл ханамж л авах чухал санагддаг. Ороод суухад машин нь цэвэрхэн, тухтай байсан. Энэ үйлчилгээ ганцхан өдөр бус цаашдаа тогтвортой үргэлжлээсэй гэж хүсэж байна. Жолоочийн хандлага харилцаа ч мөн өнөөдрийн миний мэдэрсэн шиг байгаасай.
-Ер нь гадуур ажил амжуулахдаа нийтийн тээвэр, унааны асуудлаа хэрхэн шийддэг вэ?
-Би “Түгээмэл хөгжил төв” ТББ-д ажилладаг юм. Тиймээс туслах ажилчинтайгаа хамт явдаг. Зүүн дөрвөн замаас Андууд хүртэл автобусаар явна. Учир нь таксиныхан төвөгшөөгөөд зогсдоггүй.
Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд аливаа үйлчилгээ авахад унаа тэрэг, шат, ариун цэврийн өрөөний асуудал хамгийн нэгдүгээрт тулгамддаг. Тэдгээр асуудлуудын нэгээхэн хэсгийг шийдэхэд хувь нэмрээ оруулж буй “UBCab” ХХК-ийн жолооч Ж.Туяа сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр “Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэнд анх удаа таксигаар үйлчиллээ. Яаж үйлчлэх тухайгаа сургалтаар заалгасан учир хүндрэл бага гарсан. Хамгийн гол нь тэргэнцэр болон хүний биед хүрэхдээ анхаарал болгоомжтой байх ёстой. Би малын эмч мэргэжилтэй. Тэтгэвэртээ гарсан учраас зургаан сарын өмнө энэ компанидаа ажилд орсон. Нөхөрсөг, дайчин хамт олны нэг болсондоо туулийн баяртай байдаг. Би “UBCab care” үйлчилгээ нэвтэрсэнд хувь хүнийхээ зүгээс маш их баярлаж, шийдвэр гаргаж, санаачилсан хүмүүстээ талархаж, хайр төрж байна. Учир нь манай нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдлээ” гэв.
Энэ үйлчилгээг нэвтрэхэд санаачилгатай, сэтгэлтэй удирдлагуудаас гадна хандлага сайтай хамт олны нөлөө чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэднээс гадна “Яруу хамтрал”-ын хамт олон ч энэ ажлыг хийж байгаад баярлан Монголд анх удаа төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдэд зориулсан тоглолтоо хийхээр тэднийг энд цугларсан байв. Энэ тоглолт “UBCab care” үйлчилгээ хоёр хамтран зорилтот ажлуудаа нэгэн зэрэг хийж байгаагаараа онцлогтой. Иймд “Яруу хамтрал”-ын Удирдах зөвлөлийн дарга Э.Амартүвшингээс өнөөдрийн арга хэмжээний талаар тодрууллаа.
-Өнөөдрийн үйл ажиллагааны ач холбогдлыг юу гэж харж байна вэ, танай хамт олон сайн дураараа зохион байгуулж байгаа юм байна.
-“Яруу хамтрал”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдэд нэг удаагийн үнэ төлбөргүй тоглолт зохиоё гэж санаачилсан. Гэтэл энэ зааланд ирэхэд хүндрэлтэй байна гэж тэргэнцэртэй иргэд маань хэлсэн л дээ. Тиймээс “UBCab care” үйлчилгээ нэвтэрч байгаатай холбогдуулан бид хамтарч ажиллах санал тавьсан. Хоёр талын хүсэл сонирхол нэгдсэний үндсэн дээр хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Тэд маш халуун дулаан уур амьсгалтай, харилцаа сайтай хүмүүс байгаад өндөр сэтгэгдэл авлаа. Энэ удаагийн тоглолт нь төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдэд зориулан Монгол Улсад анх удаа зохиогдож байгаагаар онцлогтой.
-“UBCab care” үйлчилгээ нэвтэрч байгааг хувь хүнийхээ зүгээс юу гэж харж байна вэ?
-Энэ бол нийгэмд маш хэрэгтэй үйлчилгээ. Хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүн байдаг гэх судалгаа бий. Үүнээс тулгуур эрхтний бэрхшээлтэй 8000 гаруй хүн байдгаас нийслэл хотод 3000 орчим нь нийслэл хотод амьдардаг. Нийслэл хотод байх тэдгээр хүмүүст нийгмийн харилцаанд оролцох боломжийг нээж өглөө гэж харж байгаа. Энэ бол маш чухал үйлчилгээ.
-Бусад аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний байгууллагууддаа хандаж юуг хэлэх вэ?
-Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг маш олон асуудал байдаг. Тиймээс та бүхэн хүнлэг хандаж нийгмийн хариуцлагын хүрээнд тэдэн рүү чиглэсэн ажлуудыг хийж байгаарай. Мөн энэ арга хэмжээг зохиоход хамтарч ажилласан “Акилас Монголиа”-гийн хамт олондоо баярлалаа.
Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ч тэд хөгжих бэрхшээлгүй. Харин хөгжихийн тулд явж суух асуудлыг “UBCab” ХХК-ийн хамт олон ийн шийдэж байгаа нь энэ өдрийн нэгэн гэгээлэг үйл явдал байлаа. Нийслэл хотод нийтийн үйлчилгээ өдрөөс өдөрт өнгөө нэмж буйн нэгэн жишээг сурвалжлан хүргэлээ.