Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д амин дэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогджээ. Дээр дурдсан эмгэгүүд нь Д-гийн дутагдлаас болж үүсч болзошгүй эмгэгүүдийн цөөн хувь нь аж. “Юнимед интернэйшнл” эмнэлгийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор П.Нямцэрэнтэй витамин Д амин дэмийн дутагдлын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед витамин Д-гийн дутагдал гэж их ярих болжээ. Энэ юунаас үүдэлтэй юм бол?
-Монгол Улсад витамин Д амин дэмийн дутагдал нийгмийн тулгамдсан асуудал болсон. Манай хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байгааг эрдэмтэд судалгаагаар гаргасан. Витамин Д дутагдахаар хүүхдэд рахит, насанд хүрэгчдэд ясны сийрэгжилт хэлбэрээр илүү илэрдэг. Сүүлийн үед яс эрдсийн солилцоо алдагдсанаас бүх бодисын солилцоонд өөрчлөлт орж булчин, мэдрэлд нөлөөлж байна. Кальци, фосфорын солилцоо алдагдсанаас хүүхдийн ясанд өөрчлөлт гарахаас гадна өсөлт нь саатдаг. Тухайлбал, хүүхдийн хавирга, үе мөчин дээр ясархуу эдүүд ургаж, булчин нь сулардаг. Булчин нь сулрахаар уян юм шиг болно. Үүнийг нь мэдэхгүй эцэг эхчүүд “Манай хүүхэд их уян” гэж ярьдаг. Мөн гэдэс нь шалхайдаг. Витамин Д-гийн дутагдалтай хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр олон дахин өвдөнө. Ханиад хүрэхээрээ хатгалгаа болж эдгэрэлт нь удаашрах эсвэл дахих нь бий. Энэ нь дархлаа суларснаас болж байгаа юм. Ер нь бол хүн хэд хэдэн аргаар витамин Д авдаг. Нэгд, нарны гэрлээс витамин Д арьсаараа дамжуулан авдаг.Гэвч манай орны хувьд витамин Д-гийн архаг дутагдалтай бүс нутагт харьяалагддаг учир нарны гэрлээс витамин Д хангалттай авч чаддаггүй. Зуны цагт ч нарны туяанд бидний арьсанд шингэх хэмжээний витамин Д байдаггүй. Харин хавар дөрөвдүгээр сард нарны туяанаас хамгийн их витамин Д-г авах боломжтой үе гэсэн судалгаа гарсан. Гэвч эрс дэс уур амьсгалын нөлөөнөөс хамаараад дөрөвдүгээр сард хүмүүс нүцгэн яваад арьсаараа витамин Д-г авах ямарч боломж байдаггүй. Хоёрт хоол хүнсээрээ дамжуулан авах боломжтой байдаг. Гэвч Монголд байдаг өргөн хэрэглээний хоол хүнс витамин Д-гээр баяжигдаагүй байгаа. Өндөг, загас, сүү, бяслаг гэх мэт хүнсэнд витамин Д агуулагддаг, тэгэхдээ маш бага хэмжээтэй. Тухайлбал, сүүнээс витамин Д-гээ нөхнө гэвэл өдөрт 12 аяга сүү, 16-20 ширхэг өндөг иднэ гэсэн үг. Тэгэхээр хоол, хүнсээр нөхөх боломж бага учраас заавал эмийн хэлбэрээр нэмэлтээр уух шаардлагатай. Хамгийн гол нь манайхан шинжилгээ өгөхгүй, эмийг замбараагүй, дур мэдэн уудаг. Тиймээс заавал эмчийн заавраар, тунг нь тааруулж уух нь чухал.