Сүүлийн үед АИ92 автобензин тодорхой хэмжээний хязгаарлалттай, зарим шатахуун түгээх станцууд түгээлт хийхгүй байгаа билээ. Энэ талаар АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тайлбар хийлээ.
Тэрээр “Одоогийн байдлаар АИ92 автобензиний 21 хоногийн нөөц байна. Нөөц бага зэрэг хомсдолд орсон ч шатахуун түгээх станцуудыг АИ92 бензинийг хэвийн борлуулахыг шаардаж байна. Түүнээс биш бензин тасалж байгаад үнээ нэмэх гэж байгаа зүйл байхгүй.
Өчигдрийн байдлаар 71 шатахуун түгээх станцаас мэдээ авахад 13 нь хөдөлгөөн багатай байгаа гээд худалдаалалт хийхгүй байгаа. Бид ААН-үүдэд АИ92 автобензиний үнийг 100 төгрөгөөр буулгах шаардлага тавьж байна. Гэхдээ буулга гээд буулгачихдаг, нэм гээд нэмчихдэг зүйл байхгүй.
Манай улсад АИ92 автобензиний улсын нөөцийн хэмжээ 2700 тонн байдгаас 30 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. ААН-үүд 30 мянган тонн ороод ирвэл 100 төгрөгөөр буулгана. Ингээгүй байгаа учраас шууд үнээ буулгахгүй гэдэг тайлбар өгсөн” гэлээ.