Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Бодлого судлаач асан Б.Мөнхнарангийн “The Diplomat” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлийг эмхэтгэн хүргэж байна.
Зөвлөлтийн мэргэжилтний хүү Владимир Зеленский хүүхэд насаа Монгол Улсын Эрдэнэт хотод өнгөрүүлсэн. Чилид 1973 онд төрийн эргэлт гарснаар ЗХУ-ын зэсийн хэрэгцээг хангахын тулд Эрдэнэтийн аварга том зэсийн уурхайг хөгжүүлсэн.
Харин өнөөдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын шинэ түрэмгийллийн эсрэг ард түмнээ удирдан манлайлж явна. Гэтэл Монголын улс төрийн элитүүд Москвагаас хараат байдлыг улам нэмэгдүүлэх байгалийн хийн хоолойн гэрээ зурж, нойрмоглон алхсаар.
Монголоор дамнан Орос-Хятадыг холбох байгалийн хийн хоолой барих асуудал шинэ сэдэв биш. Зогсоод байсан энэхүү төслийг Монгол Улс 2018 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дахин хөдөлгөх эхлэлийг тавьсан. Улмаар 2019 онд Бээжингийн далд зөвшөөрлөөр ОХУ-ын төрийн өмчит “Газрпом” болон Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компаниуд “Сибирийн хүч 2” төслийн Монголын газар нутгаар дайран өнгөрөх “Союз-Восток” байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн.
Монгол Улсын эрх баригчид болон “Газпром”-ын удирдлагууд оны эхээр "Союз-Восток" байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг баталсан ч “Сибирийн хүч 2” төслийн ерөнхий ТЭЗҮ-ийн ажил үргэлжилсэн хэвээр байгаа юм. Сонирхолтой нь, ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлснээс хэдхэн хоногийн дараа "Эрдэнэс Монгол" болон "Газпром" компанийн хооронд 2024 онд төслийн барилгын ажлыг эхлүүлэх инженер, зураг төслийн ажлын гэрээ яаравчлан байгуулсан. “Союз-Восток” хоолойн хүчин чадал ОХУ-ын эсрэг барууны орнуудын хоригийн улмаас зогссон “Nord Stream 2” байгалийн хийн хоолойн хүчин чадалтай дүйхүйц юм. Мөн уг хоолой нь анх Европын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байсан Ямалын хойг дахь Оросын асар том байгалийн хийн нөөцийг БНХАУ руу тээвэрлэхэд нэн тохиромжтой.
Хачирхалтай нь, Монголын эрх баригчид байгалийн хийн хоолой барих ямар ч туршлагагүй хэр нь өнөөдрийг хүртэл “Союз-Восток” төслийн техникийн болон санхүүгийн асуудлыг үнэлэхэд хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ аваагүй байгаа юм. Төсөлд гуравдагч тал орж ирснээр ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, санхүүжилт, инженерчлэл, байгаль орчны асуудлуудыг илүү нягт нямбай шалгах боломж олгоно. Гэвч Монголын эрх баригчид болон Газпромын удирдлагуудын хэн нь ч төсөлд гуравдагч талыг оролцуулах сонирхолгүй байх шиг.
Эндээс харахад, “Газпром”-ынхон “Эрдэнэс Монгол”-ыг техник, санхүүгийн үзүүлэлтүүд дээр атгаж, өөрсдийнхөөрөө явж байгаа бололтой. Энэ нь “Газпром”-д нийт “Сибирийн хүч 2” төслийн зардлын үндэслэлгүй хэсгийг “Союз-Восток” хоолойн төсөл рүү шингээж, шилжүүлэх боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл, “Сибирийн хүч 2” төслийн гол ашгийг өөрсдөө хамна гэсэн үг.
Төслийг зөв үнэлж, хөндлөнгийн шинжээч оролцоогүйгээр төслийг эхлүүлбэл Монгол Улс ОХУ-аас их хэмжээний зээл авч, өөрт ашиггүй нөхцөлөөр зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэх болж магадгүй юм. Энэ бол ЗХУ-ын үед Эрдэнэтийн зэсийн уурхайн бүтээн байгуулалтын их хэмжээний үндэслэлгүй зардлын дарамтыг Монгол Улс үүрсэнтэй төстэй хувилбар юм. Нөгөө талд, Монголын тал хөнгөлөлттэй үнээр хий нийлүүлэх тохиролцооноос өөр төслөөс урт хугацааны үр ашиг хүртэх тохироогүйгээр бүтээн байгуулалт өрнөх магадлалтай. Тиймээс байгалийн хийн транзит тээврийн төлбөр, байгалийн хий нийлүүлэх үнэ болон төслийн санхүүжилтийн асуудлыг тэгш бус байдлаар хэлэлцэх нь Монгол Улсын эрх ашигт сөрөг үр дагавартай.
“Союз-Восток” шиг том төслийг улстөржилтгүй урагшлуулж, олон нийтийн хяналтаас гадуур байлгаж байгаагаас дүгнэхэд ОХУ Монголын авлигад идэгдсэн улстөрчидтэй амжилттай хамтран ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байна. Украины дайны дараа буюу саяхнаас л Монголын олон нийтийн дунд байгалийн хийн хоолойн төслийн талаар эргэлзээ, асуулт төрж эхэлсэн. Гэвч одоогоор нийгэмд эдийн засаг, геополитик, нийгмийн нөлөөллийн талаар үндэслэлтэй, дорвитой мэтгэлцээн өрнөхгүй байгаа бөгөөд Монголын улс төрийн намуудын аль нь ч уг төслийг эсэргүүцэх сонирхолгүй байгаа юм.
Гэтэл Монгол Улс “Союз-Восток” хийн хоолойн геополитик, геотехникийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна гэж үзэх үндэслэл бага. Улс төрийн тохироо, зөвшилцөлд хүрэлгүй хийн хоолойн төслийг эхлүүлсэн тохиолдолд дараа нь улс төрийн нөлөөгөөр байгалийн хийн транзит тээвэр зогсох аюултай. Энэ тохиолдолд Монгол Улсад орж ирж байсан мөнгөн урсгал саарч, хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, улмаар улс өртэй үлдэх эрсдэлтэй. Мөн Монгол Улс Оросын эрчим хүчний хараат байдлаас ангижрах гол эх үүсвэр болох усан цахилгаан станц барих оролдлогыг Москва гацаасаар байгаа нь сонирхол татдаг.
Монгол Улс өнөөгийн дүр зургаар “Газпром”-той тохиролцоонд хүрсэн тохиолдолд хөршүүдээсээ хараат байдал улам бүр нэмэгдэж, бүрэн эрхт тусгаар тогтносон улсын дотоод асуудал дарамт, шахалттай тулгарах эрсдэлтэй. Төслийн өндөр өртөг, ашгийн шударга хувь хэм хэмжээний асуудал дээр Монгол Улс зорилготойгоор дуугарч, хэлэлцээ хийхгүй бол эцэстээ энэ бүхэн эдийн засгийн маш бага ашиг, үр өгөөж авчрах болно.
Хоёр хөрш нь нөлөө улс төр, эдийн засаг, шашны эрх чөлөөнд нь хүртэл сөргөөр нөлөөлж байгаа энэ үед Монгол Улс Орос-Хятадыг холбох байгалийн хийн хоолойг эхлүүлж болохгүй. Өнөөгийн геополитикийн орчин, Монголын ардчилал суларч буй нөхцөл байдлыг харгалзан Монгол Улс сайн цаг иртэл "Союз-Восток" төслийг царцаах нь хамгийн зөв сонголт байх болно.