Дэлхийн 160 орны 10000 гаруй сургуулиас 'Орчлон' ОУ-ын сургуулийн хоёр сурагч дэлхийн шилдгээр шалгарчээ
Боловсрол | 8 мин уншина

Дэлхийн 160 орны 10000 гаруй сургуулиас 'Орчлон' ОУ-ын сургуулийн хоёр сурагч дэлхийн шилдгээр шалгарчээ

Нийтэлсэн 2018 оны 12 сарын 19

Орчлон олон улсын сургууль нь 2001 онд байгуулагдсан бөгөөд үндэсний болон Кембрижийн хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг анхдагч сургууль билээ. Тус сургуулийн багш, сурагчид 2018 оноо амжилт, бүтээлээр дүүрэн үдэж байгаа аж. Тодруулбал, Орчлон сургуулиас хоёр сурагч “Кембрижийн хөтөлбөрийн дэлхийн топ сурагч” болжээ. Мөн тус сургууль Монголд анхны Кембрижийн багш хөгжлийн төвийг байгуулж, эхний багш нараа амжилттай сургаж эхэлсэн байна.

Орчлон сургуулийн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон Кембрижийн дэлхийн топ сурагчидтай уулзахаар Хан-Уул дүүрэгт байрлах тус сургуулийг зорьсон юм. Биднийг Орчлон ОУ-ын сургуулийн гүйцэтгэх захирал А.Ууганбаяр угтан авч энэ онд болон ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх гол ажлуудаа танилцууллаа.

Орчлон STEAM ахлах сургуулийн төслийг амжилттай эхлүүлж боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж байна

undefined

-Орчлон ОУ-ын сургуулийн Гүйцэтгэх захирал А.Ууганбаяр хэлэхдээ “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн нийт 250 гаруй сургуулиас  найман сургууль Кембрижийн хөтөлбөрийг ямарваа нэг хэлбэрээр хэрэгжүүлж байна. Эдгээр найман сургуулиас Кембрижийн олон улсын хөтөлбөрийг бага боловсролоос нь их сургуулийн бэлтгэл хүртэлх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь Орчлон сургууль. Манай сургуулийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа л дэлхийн хэмжээний боловсролыг олгох зорилгын төлөө ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 250 хүнийг ажлын байраар хангаж, 1500 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жилийн хувьд манай сургууль олон амжилт гаргалаа. Бид байгууллагын бүтцээ шинэчилж, сургуулийнхаа бүх үйл ажиллагаанд ISO 9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлсэн.

Олон улсын олимпиадад манай сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. Нэг сургуулиас гурван өөр чиглэлээр медаль хүртсэнээрээ бид амжилтаа ахиулж чадсан. Дурдвал, олон улсын математикийн олимпиадаас Б.Төрбат хүрэл медаль, Олон улсын биологийн олимпиадаас А.Ашид хүрэл медаль, Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас О.Тэнүүн хүрэл медаль тус тус хүртлээ. Мэдээлэл зүйн олимпиадын хувьд Монгол  Улсад сүүлийн 10 гаруй жил тасраад байсан медалийг дахин авчирсан нь бидний том амжилт юм. Олимпиадад амжилттай оролцсон болон гадаадын Massachusetts Institute of Technology, Kyoto Institute of Technology, Fashion Institute of Technology, Korea Advanced Institute of Science and Technology гэх мэт топ сургуулиудад суралцаж байгаа сурагчидтайгаа уулзаж тэдний сэтгэгдлийг сонсож байх нь маш  чухал. ОУ-ын стандартад нийцсэн сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, сургалт  болон түүнийг дэмжих үйл ажиллагаа нь олон улсын чансаа бүхий тэмцээн, уралдаан, олимпиадад амжилттай оролцож, чанартай суралцахад чухал нөлөөтэй болох нь тэдний ярианаас нотлогддог.

Бид энэ хичээлийн жилд STEAM (Science, Technology, Engineering, Arts and Mathematics) ахлах сургуулийн төслөө эхлүүлж боловсролын салбарт томоохонд тооцогдох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дахин хийж байгаа нь олсон амжилтаа бататгах, илүү сайжруулах, боловсролын салбарт түгээн дэлгэрүүлэх зорилготой. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрх бүхий төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа  өрнүүлж туршлага солилцохоос гадна нийт 80 гаруй сурагчийг 100 хүртэлх хувийн тэтгэлэгтэй сургаж байна.

Мөн Кембрижийн олон улсын хөтөлбөрийнхөө хүрээнд тогтмол амжилт гаргаж байгаа бөгөөд Дэлхийн топ үнэлгээтэй сурагчаар Монгол Улсын тэр дундаа нэг сургуулийн хоёр хүүхэд шалгарсан нь бахархахгүй байхын аргагүй. Кембрижийн боловсрол олгож байгаа 160 орны арав мянга гаруй сургуулиас шалгагддаг сурагчдаас хоёр төвшинд гурван хичээлээр манай сургуулийн хоёр сурагч хамгийн өндөр оноог авсан. Энэ нь манай сургуулийн чансааг дэлхийд харуулсан үйл явдал байлаа. Энэ жилийн 11-р ангийн сурагч А.Ашид IGCSE түвшний математик болон байгалийн ухааны нэгдмэл агуулга гэсэн 2 хичээлээр дэлхийн топ сурагч, 12-р ангийн сурагч А.Оюунгэрэл маань AS түвшний математикийн хичээлээр дэлхийн топ сурагч болж сертификатаа гардан аваад удаагүй байна. Энэ нь манай сургуулийн математик, байгалийн ухааны хичээлийн чанар, багш нарын арга зүй, ур чадвар хөтөлбөрийн чансааг дэлхий үнэлсэн маш чухал үнэлгээ боллоо. Мөн бага, дунд сургуулийн математик, байгалийн ухааны хичээлийн ОУ-ын шалгалтын үнэлгээ тогтмол өсч байгаа нь ахлах сургуульдаа ороод дэлхийн топ сурагч болоход чухал суурь болдог.

Түүнчлэн Кембрижийн олон улсын багш хөгжлийн төвийг Монголдоо байгуулж, энэ жил 10 багш нэгдүгээр шатаа амжилттай төгссөн. Боловсон хүчнээ тасралтгүй хөгжүүлэх нь сургалтын орчин, хэрэглэгдэхүүнээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, амжилт гаргах чухал хэсэг мөн.

XXI зуунд боловсролын чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл маш хурдтай хувьсан өөрчлөгдөж бидний төсөөлж байгаагүй шинэ мэргэжил, ажлын байр бий болж зарим тохиолдолд уламжлалт ажлын байр роботоор солигдож байна.

Энгийн жишээ авч үзэцгээе. Хүн бүхний мэддэг Angry birds тоглоомыг хөгжүүлэхийн тулд физикийн хуулиуд, програмчлалын мэдлэг, технологийн хөгжлийн тухай ойлголт, тэдгээрийн хувилбарууд, өнгөний мэдрэмж, математик тооцооллууд гэх мэт маш олон талын гүнзгий болон анхан шатны мэдлэгтэй байх нь энгийн зүйл болсон. Энэ нь STEAM буюу байгалийн ухаан, инженерчлэл, технологи, урлаг, математикийн хичээлдээ гүнзгий биш юмаа гэхэд суурь мэдлэгтэй эзэмшихгүй бол болохгүй гэдгийг харуулж байгаа хэрэг. Мэдээж өөрийгөө илэрхийлэхийн тулд эх хэл болон бусад хэл дээр үг үсэг, өгүүлбэр зүй, найруулгын алдаагүй байх нь чухал. Сурагч бүрт олон талын чадварыг суулгах нь хамгийн чухал” гэж ярилаа.

Багаасаа англи хэл сурсан нь дэлхийн топ сурагч болоход нөлөөлсөн

undefined

Дараа нь, Орчлон сургуулиас “Кембрижийн дэлхийн топ сурагч” болсон сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

Кембрижийн хөтөлбөрийн математикийн хичээлээр дэлхийн топ сурагч болсон Орчлон сургуулийн 12а ангийн сурагч А.Оюунгэрэл:

-Миний хувьд Орчлон сургуульд бэлтгэл ангиасаа сурч эхэлсэн. Нэгдүгээр ангиасаа хойш англи хэл сурч байгаа. Англи хэлний чадвараа маш сайн эзэмшсэн нь шалгалтандаа өндөр оноо авахад нөлөөлсөн гэж бодож байна. Хоёрт, манай сургуулийн багш нар маш чадвартай, бидэнд дэлхий хэмжээний боловсролыг олгож чадсан учраас тэднийхээ хүч хөдөлмөрийн үр дүнд “Кембрижийн дэлхийн топ сурагч” болж чадлаа. Манай физикийн багш Д.Оюунчимэг, математикийн багш Ц.Баяраа нар маань надад маш их зүйлийг зааж, чадвар олгосон. Багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Манай сургууль ахлах ангиас эхлэн “IGCSE” хөтөлбөрөөр хичээллэдэг. Эдийн засаг, бизнес, дэлхийн нийтийн чиг хандлага, аялал жуулчлал зэрэг хичээлээс сонголтоо хийж, гүнзгийрүүлэн үзэх боломжтой байдаг. Энэ нь биднийг мэргэжлээ зөв тодорхойлоход чухал нөлөөтэй. Миний хувьд энэ хөтөлбөрөөс эдийн засаг, бизнес гэсэн хичээлийг гүнзгийрүүлж үзсэн. Энэ хүрээнд маш олон төрлийн чадварыг өөртөө бий болгож байгаа нь давуу тал болж байна. Мөн хичээлээс гадуур зохион байгуулдаг дугуйлан секцэнд явснаар багаар ажиллах чадвар, олны өмнө биеэ авч явах, итгэл тавих, ярих чадвараа дээшлүүлсэн. Энэ бүхэн зүйл нийлээд өнөөдрийн гаргасан миний амжилтад нөлөөлсөн дөө.

Ойлгохгүй, эргэлзсэн зүйлээ багшаасаа заавал асууж байгаарай. Учир нь...

undefined

Байгалийн ухааны хичээлээр Кембрижийн дэлхийн топ сурагч болсон Орчлон сургуулийн 11с ангийн сурагч А.Ашид:

-Энэ шалгалтанд 6 дугаар ангиасаа эхэлж бэлдсэн. Манай сургууль IGCSE-гийн хөтөлбөрийг есдүгээр ангиасаа эхэлж үзээд, аравдугаар ангид орсон намар шалгалт өгч байсан. Уг хөтөлбөрөөр дамжуулан олон төрлийн хичээлийг хэрэгтэй төвшин хүртэл нь маш сайн судалсан. Энэ нь олон тал руу хөрвөх чадварыг надад суулгасан гэж боддог. Миний хувьд хими биологийн хичээлдээ маш сонирхолтой. Энэ сонирхолдоо хөтлөгдөж математикийн мэдлэгээ илүү сайжруулсан. Ирээдүйд биохими, биофизик тал руугаа сурна гэж боддог. Кембрижийн дэлхийн топ оноог авснаар дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцэх магадлал нэмэгддэг. Тиймээс гадаадад өөрийнхөө хүссэн мэргэжлээр суралцахыг хичээнэ. Химийн багш З.Урансайхан, физикийн багш Д.Оюунчимэг, биологийн багш Д.Ононсайхан, Т.Отгонжаргал болон матемаикийн багш А.Наранхүү нартаа талархал илэрхийлье.

Миний хувьд багшийг хичээл зааж байхад маш сайн анхаардаг, бас зарим ойлгохгүй үлдсэн зүйлээ бодож явж байгаад заавал асууж байж л санаа амардаг. Эргэлзсэн бүх зүйлээ багш нараасаа асуудаг. Ингэснээр алдаа гарах магадлал багасдаг. Энэ нь өндөр оноо авахад их тусалсан болов уу. Мөн шалгалтад бэлтгэхэд хамтын ажиллагаа маш чухал. Ангийнхантайгаа хамтарч хичээлээ бэлддэг. Англи хэлээр сурч байгаа нь маш том давуу тал болсон. Олон улсад өрсөлдөхөд англи хэлний чадвар маш чухал. Миний хувьд ихэнх номоо англи хэлээр уншсан болохоор шалгалт өгөхөд илүү амар байсан.

Сурагчдыг академик талаас нь хөгжүүлэхээс гадна хүнлэг байх төлөвшлийг суулгах нь чухал

undefined

Орчлон ОУ-ын сургуулийн Ахлах ангийн хөтөлбөрийн давуу талын талаар Ахлах ангийн менежер Б.Анараас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай сургуулийн ахлах ангийн хөтөлбөрийн бусад сургуулиас ялгарах гол давуу тал юу вэ?

-Манай ахлах сургууль нь Кембрижийн болон Үндэсний хос хөтөлбөртэй учир хос дипломтой төгсдөг юм. Үндэсний хөтөлбөрөөр хичээллэх нь Монголынхоо түүх, уламжлал, зан заншил, өв соёлыг ирээдүй хойчдоо үлдээж буй маш чухал хэсгийн нэг. Энэ чиглэлээр бид төгсөх ангийн сурагчдаараа өргөө цагаан гэрээ бариулах, хураалгах гэх мэт үндэсний онцлог бүхий олон үйл ажиллагааг хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулдаг. Мөн үндэсний хэл, соёлоо  мэдэж байх нь ажлын байранд  давуу тал болно.

Ахлах ангийн сурагчдын суралцах орчныг бүрдүүлэхдээ бид илүү нээлттэй, бие даасан, бүтээлч, техник технологийн хөгжилтэй уялдсан 21-р зууны шинэлэг боловсрол, мэдлэг, чадвар олгохоор зорьж байна. Үүнд жишээ нь зөв зохистой шүүмжлэлт сэтгэлгээ, багаар ажиллах болон бусдыг ойлгож хамтран ажиллах, код бичих, системийг ойлгох зэрэг чадварууд орно. Сурагчдыг академик талаас нь хөгжүүлэхээс гадна тухайн сурагчийн нийгэмших, хүнлэг байх, өөрийгөө ойлгож танин мэдэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах, хянах чадварыг олгохоор хүүхэд хөгжлийн албыг бий болгож сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш нарын бүрэлдэхүүнтэйгээр олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

-Сурагчдад дэлхийн хэмжээний боловсролыг олгохын тулд боловсон хүчний чадвар өндөр байх ёстой шүү дээ. Багш нараа хэрхэн чадавхжуулдаг вэ?

-Дэлхийн хэмжээний сурагчдыг бэлтгэхийн тулд бид багш нараа маш сайн бэлдэх шаардлагатай байдаг. Багш нараа цахимаар болон биечлэн гадаадад очиж мэргэжил дээшлүүлэх, мэргэших, чадавхжих боломжийг байнга дэмждэг.  Манай багш нар  байнгын суралцагчид байдаг бөгөөд тасралтгүй хөгжиж дэлхийн боловсролын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байна.

-Ахлах ангийн сурагчдын хувьд ирээдүйн мэргэжил сонголт маш чухал байдаг. Энэ чиглэлийг дэмжсэн ямар хөтөлбөрүүд хэрэгждэг вэ?

-Манай сургууль дээр ахлах ангийнханд зориулан мэргэжил сонголт болон гадаадын их сургуулиудад суралцах хүсэлтэй сурагчдад зөвлөгөө өгдөг чадварлаг багш нар ажилладаг. 9-12-р ангийн сурагчидтай тулж ажилладаг бөгөөд тэдний хичээл болон мэргэжил сонголт, их сургуулийн элсэлтийн материал бэлтгэлд онцгойлон зөвлөн тусалдаг юм.

Мөн шилдэг их дээд сургуулиудын төлөөллийг урьж сурагчдад танилцуулга хийлгэн үйл ажиллагаа зохион байгуулаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ингэснээр хүүхдүүд өөрт тохирсон сургууль, мэргэжлээ сонгоход дөхөм болж тухайн сургуулиас ирсэн зочидтой шууд харилцах боломж олгодог.

Их дээд сургуулын танилцуулгаас гадна тухайн салбартаа манлайлж байгаа мэргэжилтнүүдийг урьж сурагчдадаа яриа хийлгэж, туршлагаас нь хуваалцуулдаг. Энэ нь мэргэжил сонголтыг бодитой хийхэд маш үр дүнтэй алхам юм. Тухайн ажил мэргэжил нь сурагчийн бодож байснаас өөр байх тохиолдол багагүй бий. Мөн олон төрлийн хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохион байгуулж хувь сурагчийн нийгэмших, өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх, шүүн тунгаах, задлан шинжилгээ хийх чадваруудад сургаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн