Эрүүл монгол | 3 мин уншина

Б.Дарьсүрэн: Ходоодны хавдраас сэргийлэхийн тулд эхлээд давсны хэрэглээгээ багасга!

Б.Дарьсүрэн: 
Ходоодны хавдраас сэргийлэхийн тулд эхлээд давсны хэрэглээгээ багасга!
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 4
Дэлхийн “Хорт хавдартай тэмцэх өдөр” өнөөдөр тохиож байна. Манай улсын хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаар байранд буюу нийт хорт хавдрын тохиодлын 14.7 хувийг ходоодны хорт хавдар эзэлж байна. Уг өвчний тохиолдлоороо Монгол улс дэлхийд хоёрдугаар байранд орж байгаа ба нас баралтаараа дэлхийд нэгдүгээр байранд ордог. Монгол Улсад жил бүр 500 орчим хүн уг өвчний улмаас амь насаа алдаж байна. Иймээс ходоодны хорт хавдраас сэргийлэхийн тулд өдөр тутамдаа ямар дэглэм мөрдөх талаар ХСҮТ-ийн амбулаторийн мэс заслийн эмч Б.Дарьсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Манай улсад ходоодны хорт хавдар ихсэхэд юу нөлөөлж байна вэ?
-Хүний ходоод хэвлийн аюулхай хэсэгт байрладаг бөгөөд хоол хүнсийг хүлээн авч, задалж боловсруулах үүрэгтэй. Ходоодны хананд байрладаг шүүс ялгаруулах үүрэгтэй булчирхайлаг эсийн гаж ургалтаас үүсч байгаа эмгэгийг ходоодны хавдар гэж хэлдэг. Ходоодны хавдрын өвчлөл нэмэгдэхэд хүмүүсийн хоолны зохисгүй хэрэглээ нөлөөлж байна гэж хэлж болно. Иргэд импортоор орж ирсэн янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хүссэнээрээ идэж байна. Хамгийн гол нь эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас өөрт ямар хүнсний бүтээгдэхүүн, хоол тохирох эсэхийг мэдэхгүй байна. Мөн иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахгүй байна. Ходоодны өвчлөлийг зөв оношилж, эмчлэхгүй удахаар хавдар болох нөхцөл бүрдэж байгаа юм. Ходоодоо эрүүл гэж бодож байгаа ч гэсэн жилдээ нэг удаа дурандуулах хэрэгтэй.
-Ходоодны хавдар ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хоол идсэний дараа аюулхайд цанхайх, бага идсэн ч амархан цадсан мэт санагдах, цээж хорсох, хоолны шингэц муудан бөөлжүүлэх, удаан хугацаагаар дотор муухайрах, ходоод өвдөх, ядрах, хоолны дуршил буурах, турах, өвчүүний ар талд горойх, гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
-Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах вэ. Өдөр тутамдаа ямар дэглэм баримтлах вэ?
-Хэт идэж, хэт өлсөхгүй байх хэрэгтэй. Хүн болгон өөрөө өөртөө тохирсон хоолны зөв дэглэмийг баримтлаарай. Өөртөө ямар хоол тохирох, ямар хоол, хүнс хориотой эсэхээ мэргэжлийн эмчид үзүүлэн мэдэх хэрэгтэй. Тэгээд спортоор хичээллэх, жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэх, утсан хүнснээс зайлсхийх, дур мэдэн ходоодны хүчил бууруулах эм уухаас татгалзах, урьдчилан сэргийлэх оношилгоонд жил тутам хамрагдах хэрэгтэй. Ялангуяа манай улсын иргэд давсны хэрэглээгээ бууруулах чухал шаардлагатай.
-Манай улсад хавдрын эрт илрүүлэлтийн асуудал маш чухал байгаа. Иргэдэд ихэвчлэн асуудлыг хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддагаас боломжтой цаг хугацааг алддаг. Эрт илрүүлэлтийг хэрхэн сайжруулах вэ?
-Хүний ходоод дөрвөн давхаргатай. Ходоодны салст давхаргаас эхлээд халдвар үүсч эхэлдэг. Хавдар үүсгэхийнхээ хэрээр дотогшоо хажуугийн эрхтэн рүүгээ нэвчдэг. Хавдрын эсийн хуваагдал геометр прогрессоор өсдөг. Тэгэхээр хавдар үүссэн цагаасаа эхлээд дурангийн шинжилгээгээр харагдахуйц, ойролцоогоор нэг см болох хүртэлх хугацаа бол 5-6 жил гэж үздэг. Үүнээс хойш хавдрын хэмжээ хурдан томордог. Тэгэхээр Т1 буюу салстын төвшинд хавдрыг оношлох асуудал хамгийн чухал. Булчин давхарга руугаа орж эхэлсэн бол хожуу үеийн хорт хавдар болчихдог. Эмчилгээний үр дүн муу байна гэсэн үг. Хавдар салстын төвшиндөө байхдаа голомтод өвчин. Харин салстын төвшнөөсөө доошоо яваад эхэлбэл системийн өвчин болдог бөгөөд үсэрхийлдэг, тардаг, бусад эрхтэн рүү нэвчдэг аюултай. Тиймээс иргэд жилдээ нэг удаа үзлэг оношилгоонд хамрагдах маш чухал. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн