Open iToim app
Дэлхийн монгол | 9 мин уншина

А.Лувсаншарав: Том компанид орох нь төсөөлж барамгүй мөрөөдөл биш, цэгцтэй бэлтгэл хэрэгтэй

А.Лувсаншарав: Том компанид орох нь төсөөлж барамгүй мөрөөдөл биш, цэгцтэй бэлтгэл хэрэгтэй
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 6
"Амазон" компанийн ахлах инженер А.Лувсаншаравыг “Дэлхийн монгол” буландаа урьж ярилцлаа.   
-Үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн оронд өөрийн байр сууриа олж томоохон компанид ажиллана гэдэг амаргүй шүү дээ. “Амазон”-д хэрхэн орсон талаараа ярихгүй юу. Мэдээж маш өндөр шалгуурыг давж байж, энэ том компанид ажиллах болсон байх?
-"Амазон"-д орох гэж олон ярилцлага өгсөн, эхэндээ тэнцдэггүй байсан. Эхний шат онлайн даалгавар өгдөг. Тэр нь гурван бодлоготой. Түүнээс гадна хэдэн хувийн зан чанар тодорхойлсон асуултууд  тавьдаг. Тэнцэж чадвал 2-3 шатны ярилцлага өгнө. Эхний хоёр ярилцлагыг нь утсаар хийнэ. Тэгээд тэнцвэл компанийн байран дээр очиж хагас өдрийн турш 4-5 хүнтэй ярилцлага өгнө. Ярилцлага авч байгаа хүмүүс ганц мэргэжлийн асуудлаа шийдвэрлэж чадаж байна уу гэж харахгүй, өөр олон зүйлийг шалгуур болгодог. Жишээлбэл, асуудлыг хэрхэн шийдэж байна, ямар, ямар өнцөгөөс харж чадаж байна, багийн бусад гишүүдтэй хамтарч ажиллаж чадах уу, тухайн багт болон "Амазон"-д хэр нөлөө үзүүлэх үү, цаашид энэ хүн хөгжих үү зэрэг олон зүйлийг хардаг. "Амазон"-д ажилладаг хүмүүсийн 50 хувиас илүү гарч чадаж байна уу (Is this person raising the bar) гэх зэргийг харна. Ярилцлага авсан хүн болгонд таалагдах хэрэгтэй, бүгд YES гэж хэлсэн үед "Амазон"-д ажилд орно доо.  
Ярилцлагад ороод тэнцээгүй үедээ "намайг ажилд аваагүй Амазон ч азгүй байна даа" гэж боддог байсан  
-Амазонд ажилд орохын тулд хэд хэдэн удаа ярилцлага өгөөд тэнцээгүй гэж байна. Тэнцээгүй мөртлөө дахин дахин ярилцлагад орох ямар шалтгаан байв?
-"Амазон"-д ажиллахаас өмнө хийж байсан ажлуудаа бага зэрэг танилцуулъя. Хамгийн анх гуравдугаар курсээ төгсөөд 2010 онд “Интерактив” гээд програм хангамжийн компанид дадлага хийгээд тэндээ үндсэн ажилтнаар үлдсэн. Тэнд хоёр жил гаруй  ажиллахдаа Иргэний бүртгэлийн систем, анхан шатны шүүхийн систем зэрэг төслүүд дээр ажилласан.
Дараа нь 2012 оноос Монголбанкинд ороод мөн хоёр жил ажилласан, энэ хугацаанд шинэ технологи нэвтрүүлж түүн дээрээ Засгийн газрын бондыг зах зээл дээр арилжаалдаг систем, банк хоорондын валют арилжааны систем болон өөр бусад жижиг сажиг олон системийг хийсэн.   
Тэгээд 2014 онд Америкт компьютерийн ухааны мастерт сурахаар ирээд, есөн сар сургуулийн кампуст сураад 2015 оноос мэргэжлийн дадлага хийх эрхтэй болоод ажил хайж эхэлсэн.     
Үлдсэн хичээлээ онлайнаар үзэхийн хажуугаар “Infosys” гээд зөвлөх үйлчилгээ болон “outsourcing” хийдэг компанид 2015 онд ороод бас л хоёр жил ажилласан. Энэ хугацаанд “Capital group companies” гээд санхүү болон хөрөнгө оруулалтын компани, мөн “Caterpillar” зэрэг хоёр компанид “Tech Lead” болон зөвлөх ажилтнаар ажилласан.      
Миний өмнө нь ажиллаж байсан компаниуд бүгд л намайг үндсэн ажилтнаар авч үлдэх сонирхолтой байсан. Гэхдээ ямар нэгэн аргаар шалтаг зааж байгаад гарчихсан. Яагаад гэхээр тэр компаниуд аль нь цэвэр технологийн компани биш байсан. Эмч хүн эмнэлэгт, санхүүч хүн санхүүгийн байгууллагад илүү хөгжинө, түүнтэй адил технологийн хүн програм хангамжийн инженер технологийн компанид л хөгжинө шүү дээ. Тийм болохоор цэвэр технологийн компанид ажиллах сонирхолтой байсан.    
Амазонд орох гэж хоёр, гурван удаа ярилцлагад орж байсан. Өмнөх оролдлогуудад яагаад бүтэлгүйтсэн бэ гэхээр бэлтгэл муутай, хэлний асуудлаас болж өөрийгөө сайн ойлгуулж чаддаггүй байсан юм. Тэгээд би уг нь мэднэ шүү дээ гээд жаахан харамсаад өнгөрдөг байсан. Гэхдээ бас намайг ажилд аваагүй "Амазон" ч бас азгүй байна даа л гэж боддог байсан.   
-“Амазон”-д ороод хэр удаж байна вэ. Хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?  
-2017 оны долдугаар сараас хойш "Амазон"-д “DevOps” инженерээр ажиллаж байна. Системийн үйл ажиллагаа болон хөгжүүлэлтийн аль алинд нь оролцож ажилладаг. Олон баг хариуцаж ажиллана, системүүд дээр нь гарч байгаа асуудлууд болон тулгарч болохуйц асуудлууд дээр анализ хийж системийг сайжруулах тал дээр анхаарч ажилладаг. Багуудын менежер болон удирдлагуудтай ойрхон ажиллаж ямар асуудал тулгарч байна вэ, яагаад асуудал гарав гэх зэрэг дээр ярилцаж шаардлагатай арга хэмжээг авдаг.      
"Амазон"-д анх орохдоо ахлах төвшиний инженерээр орж, өөр багаас шинэ систем хүлээж авсан. Тэр систем нь алдаа ихтэй байсан. Тэрнээс хойш системийн алдааг ойролцоогоор 80-90 хувьтай бууруулсан. Зарим хэрэггүй, алдаа ихтэй системүүдийг ашиглалтаас гаргаж, шинэ систем амжилттай нэвтрүүлсэн. Тэрнээс гадна мэдээж цаг хэмнэсэн, эсвэл автоматжуулсан ажлууд зөндөө хийсэн байна.   
Систем хөгжүүлэхдээ бид “agile” арга барилаар ажилладаг, Сар болгон хуралдаж хийх ажлын жагсаалт, төлөвлөгөөг гаргаад, түүн дээрээ ажиллаж эхэлдэг. Өдөр болгон 20-30 минут уулзаж өчигдөр хийсэн ажлыхаа талаар бусадтайгаа хуваалцаж, түүн дээр тулгарсан асуудлуудыг ярилцаж багаараа шийддэг.      
-Том компанид тэр тусмаа өөрийнхөө мөрөөдлийн нэг хэсэг болсон ажилдаа орсон болохоор их урам зориг авдаг байх?
-Хэдэн зуун сая хүн ашиглаж байгаа системийн ард ажиллаж, тэр хүмүүст нөлөө үзүүлж чадаж байгаа нь гоё, бас зарим үед хэцүү. Ямар нэг системийн нэвтрүүлэлт хийсний дараа тэр нь амжилттай болвол урам авдаг. Нэг удаа хаанаас ч юм мэдэхгүй асуудал шийдэж өгсөнд баярлалаа гээд гэрийн хаягаар бэлэг ирж байсан.  Тэрнээс гадна сурах юм ихтэй, өдөр болгон л шинэ зүйл гарч ирж байдаг. Өмнөх ажлууд дээр 5-6 сар ажиллахад бүх ажил гарт орчихдог, харин Амазонд ажиллаад жил гаруй болж байна, одоо болтол өөрийгөө шинэ ажилтан юм шиг л боддог.     
-Их ажлын хажуугаар амралтын өдрөө сонирхолтой өнгөрөөж чаддаг уу.  Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Амралтын өдрийг бол харин ч нэг сонирхолтой өнгөрөөнө дөө. Найзуудаараа цуглана, хөдөө гарна, халуун чулуу атгана гээл янз бүрээр л өнгөрөөдөг.  Заримдаа хамт явах хүн олдохгүй үед, GPS харж байгаад ганцаараа ч хамаагүй очиж үзээгүй газар руу явчихдаг.  Сагсан бөмбөг, волейбол тоглох дуртай, энд жил болгон өөр хотод тэмцээнүүд болдог. Тэр болгонд алгасахгүй явдаг даа. Өвөлдөө бол цана, snowboard-оор гулгах дуртай.       
-“Амазон” дэлхийд алдартай том компани болж чадсаны нууцыг та хувьдаа юу гэж хардаг вэ. Хамгийн том соёл нь юу вэ?
-Амазоны баримталдаг үндсэн зарчим болон өөрийн соёл гэж байдаг, түүгэрэээ ч амьсгалдаг гэж хэлж болно.  Амазоны хамгийн том соёл нь “хэрэглэгч хаан” гэж үздэг, ийм ч болохоор маш олон хэрэглэгчтэй. Хэзээ ч хэрэглэгчийн толгойг өвтгөх, гомдоох асуудал гаргахгүйг компанийн зорилго болгон ажилладаг. Энэ нь Амазоныг амжилтанд хүргэсэн нэг хүчин зүйл байх гэж боддог. 
-Амжилттай яваа хүмүүс ихэнхдээ хэн нэгнээс үлгэр, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дуурайлал авдаг вэ? 
-Миний хувьд өөртөө ойрхон байгаа гэр бүл, найз нөхөд, хамтрагчдаасаа үлгэр дуурайлал авч явдаг.  Ээж, эмээ хоёр маань хүнтэй муудаж болохгүй, зөв харьц, эвтэй бай зэрэг зөндөө л захиас хэлдэг. Тийм болохоор ч тэр юмуу, ямар ч хүнтэй хурдан найзууд болж чаддаг, энд тэнд очиход надад маш олон найз байдаг.  
-Амьдралдаа хийж байсан хамгийн том бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?
-Мэдээж зөндөө л алдаа гаргаж байсан, нэг их  тийм том бүтэлгүйтэл гэхээр санахгүй байна. Би Монголд байхдаа найзуудтайгаа нийлж оройн цагаар төслүүд дээр ажилладаг байсан. Бүтэлтэй, бүтэлгүй олон төслүүд байна. Тэрнээс сурсан зүйл гэвэл ажил хийхдээ жижиг гэж, эсвэл дараа нь сайжруулна гэж орхихгүй тэр дор нь дуусгаад явж байх хэрэгтэй юм байна гэж сурсан. Нэг ажлаас салж чадахгүй удаан зууралдахаар залхаад, хийсэн ажил чанаргүй болдог. Тийм болохоор нэг ажлыг нэг л удаа чанартай хурдан хийхийг хичээдэг.       
undefined
-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ. Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?
-Технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед, мэдлэг амархан хуучирдаг. Миний бодлоор энэ салбарт ажилладаг хүмүүс өрсөлдөх чадвартай байхын тулд өргөн мэдлэгтэй, түүнийгээ байнга шинэчилж ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Миний хувьд системийн шийдэл боловсруулах, дизайн гаргах зэрэг дээр өөрийгөө илүү хөгжүүлж байгаа.     
-Та ном хэр их уншдаг вэ. Унших дуртай, чухалчилдаг номынхоо талаар ярихгүй юу?  
-Мэргэжлийн ном, сурч байгаа технологи болон фрэймворк (framework) -ын гарын авлага, технологийн мэдээ л уншдаг. Амазон вэб сервис (AWS) болон Гүүгл–ийн технологийн сүүлийн үеийн мэдээг чухалчилж уншдаг. 
-Манай IT инженерүүд бүтээгдэхүүн хийж гадаадын зах зээлд гаргах боломж хэр байдаг вэ. Ер нь Монголд IT-гийн салбарыг хөгжүүлэхэд ямар гарц байна вэ.
-IT-гийн салбар орон зайгаар хязгаарлагдахгүй, байршил хамаарахгүй. Тиймээс энэ салбар нь бидний хувьд дэлхийд гарах хамгийн боломжтой гарц. Сүүлийн үед олон монгол компаниуд гадаад зах зээл рүү орж байна, тэднээсээ суралцаад, хамтарч ажиллаад явбал илүү үр дүнд хүрэх байх.    
-Нутагтаа ирье гэсэн бодол байна уу?
-Мэдээж миний гэр, гэр бүл Монголд байгаа. Хүний нутагт жаргахаар, өөрийн нутагт зовсон нь дээр гэдэг дээ. Өдөр болгон л очих юмсан гэж боддог. Хааяа бүх юмаа хаяад явчихмаар санагддаг. Гэхдээ мэдээж тэвчих шаардлагатай зайлшгүй шалтгаанууд бас байна. Хийнэ гэж бодсон юм зөндөө байгаа. Эндээ бэлтгэл ажлаа сайн хийж авчихаад нэг өдөр очино доо.      
-Таны алсын хараа юу вэ. Туршлагаа ашиглаад гарааны компани эхлүүлээд үзье гэх бодол төрдөг үү?   
-Мэдээж тэгэлгүй яахав, IT-гаар ажилладаг хүн болгон л бодож явдаг байх, амжилтанд хүрэхэд хамгийн боломжтой салбар санагддаг. Одоогоор албан ёсоор компани байгуулсан юм бол алга. Гэхдээ энд баг бүрдүүлээд хувийн төслүүд дээр ажилладаг, бас л дэлхийн шилдэг компаниудад ажилладаг санаа нийлсэн найзууд байгаа. Завтай цагаараа дизайнаа гаргаад, суурь платформоо хийгээд л явж байгаа. Гарааны компани эхлүүлэх нь шууд л компанитай болчихдог ажил биш, шат дараа гэж байна, юу ч болоогүй байхад ажлаа хаяад бүх цагаа зарцуулах боломжгүй. Компани байгуулахад олон зүйл хэрэгтэй, ядаж л хөрөнгө оруулалт, санхүү хэрэгтэй. Миний хувьд ганц Монголд гарааны бизнес эхлүүлье гэхээс илүүтэй гадаадын зах зээлд үзээд алдъя гэж боддог.   
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлж өөрчлөх шаардлагатай байгаа талуудад нь илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан гэж боддог вэ?
-Өөрчлөхийг хамгийн их хүсч байгаа зүйл бол хүмүүсийн харилцаа, бусдыгаа хүндэлж, хийж байгаа ажилдаа дурлаж хийгээсэй. Үйлчилгээний байгууллагууд ашиг орлого түрүүлж бодохоос илүү, хэрэглэгчдээ яаж сэтгэл ханамжтай байлгах вэ, үйлчилгээгээ яаж сайжруулах вэ гэдэг талаас нь хардаг болоосой гэж боддог.          
-Таны амьдарч байгаа газраас Монголд хэрэгжүүлж болох 5 санаа, шийдэл нэрлэ гэвэл та ямар шийдэл санал болгох вэ.  
-Хүүхдийн мөрөөдөл шиг сонсогдож магадгүй, Амазон, Фэйсбүүк, Гүүгл гээд зүгээр л нэг хувь хүмүүсийн эхлүүлсэн компаниудын орлогыг хараад Монголыг хэдэн арван жил хангалттай тэжээж чадахаар байна. Монголын мөнгө олох гол үүсвэр нь ганц уул уурхай байгаа юм шиг харагддаг.  Мэдээллийн технологийн салбарын хувьд төрийн бодлогоор, төрөөс дэмжлэгтэй, дэлхийн зах зээл рүү ордог програм хангамжийн компанитай болчихвол гэж боддог.
-Эцэст нь, таны зүгээс залуучуудад хандаж юуг захиж, хэлэх вэ?
-Ямар нэгэн ажил эхлүүлэх нь бүтсэн ч, бүтээгүй ч туршлага болоод л өнгөрнө. Тийм болохоор хийж эхлэхээсээ өмнө бүтнэ, бүтэхгүй талаар бодоод ч хэрэггүй, хийгээд л үзэх хэрэгтэй.  Монголд дэлхийд өрсөлдөх чадварлаг залуус олон байгаа, гэвч тэдэнд тулгарч байгаа асуудал нь хэлний бэрхшээл гэж харж байна. Гадаад зах зээлд гарч ажиллахын тулд хэлний мэдлэг сайн байх шаардлагатай байдаг. Том компанид орох нь тийм төсөөлж барамгүй хэцүү юм биш, цэгцтэй бэлтгэл хэрэгтэй. Иймээс манай залуус мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэгээ зэрэг хөгжүүлэх хэрэгтэй.          
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн