Иргэд фэйсбүүкт регистрийн бүртгэлээ оруулж, эсвэл хурууны хээгээ уншуулж нэвтрэх зохицуулалт бүхий хуулийн төсөл болосвруулж буйгаа УИХ-ын төвшинд өчигдөр гишүүд мэдэгдлээ. Уг зохицуулалтын талаар Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраас тодрууллаа.
-Таныхаар иргэд фахим орчин, фэйсбүүкээс заавал хуулиар зохицуулах хэмжээний хамааралтай байгаа юу?
-Манай улс дэлхийд бүх юмаараа сүүл мушгиад байдаггүй л дээ. Сошиал хэрэглээгээрээ бол Ази тивдээ манлайлдаг. Тавхан жилийн өмнө хүмүүс хамгийн их мэдээллийг телевизээс авдаг байсан бол хамгийн сүүлд, 2019 оны эхээр хийсэн судалгаагаар цахим орчноос авдаг гэсэн байна лээ. Мэдээллийг авч буй анхдагч эх сурвалж нь цахим орчин гэж нэрлэсэн харагдсан. Үндсэндээ хотод машинаа бариад явж буй таксины жолооч, оффистоо ажиллаж буй төр, хувийн хэвшлийн ажилтнууд, хөдөө малаа хариулаад явж буй малчид бүгд адилхан мэдээллийг ижил цаг хугацаанд нэгэн зэрэг авдаг цаг үе нэгэнт бий болжээ. Үүнээс хамгийн их хэрэглээтэй нь фэйсбүүк. Мэдээж тэнд хуурамч хаяг, давхардал олон бий. Өөрөөр хэлбэл, иргэд цахим орчноос авч буй мэдээллийнхээ ихэнхийг, бас анхдагч эх үүсвэрийг файсбүүкээс авч байна гэсэн үг. Тэр утгаараа фэйсбүүкийн эзэн Цукерберг бол Монголын оюун санааны "Удирдагч" нэгэнт болсон байна гэсэн үг.
-Гэхдээ хууль гаргаж зохицуулах нь зөв үү?
-Фэйсбүүкт нэр нүүрээ нуусан хуурамч хаягтай, улс төрийн болон бусад зорилтотой хувь болон бүлэг хүмүүс олон бий. Тэд цахим орчинд хуурамч мэдээллийг санаатай болон санаандгүй тарааж байгаа, хувь хүмүүсийн нэр төр, алдар хүнд, цаашлаад хувийн орон зай, үнэт зүйл рүү нь эрээ цээргүй халдаж байгааг бүрэн зогсоодоггүй юмаа гэхэд хязгаарлах, хянах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, цахим орчинд үнэн зөв мэдээлэл бүхий эрүүл зөв, ил тод хэрэглээ, оролцоог бий болгохын тулд зохицуулалт хэрэгтэй. Тэр нь заавал бие даасан хууль байх уу, фэйсбүүк компанитай хамтарсан бүртгэлийн шийдэл байх уу гэдгээ сайн бодож оновчтойг нь сонгох хэрэгтэй байх. Миний бодлоор хууль гаргаад хэзээ ч энэ цахим орчны хурдыг гүйцэхгүй. Өнөөдөр гаргасан хууль технологийн шийдэл, фэйсбүүкийн өдөр тутмын хөгжүүлэлтэд маргааш хоцрогдож магадгүй. Ер нь бол манайд мэдээллийн технологийн салбар хаа очиж дажгүй хөгжөөд, бүх салбарт хөгжлийг дэмжигч болж чадсан нь хууль тэдэнд нэг их саад тотгор болоогүйд оршдог. Зөнд нь хаячихсан байсан салбар шүү дээ. Тэр ч утгаараа дэвшилтэт сайн нь ч, тэвчишгүй сөрөг нь ч хамт орж ирээд нутагшчихсан. Одоо яах вэ гэдгээ хуульчлах гээд л нэг халгаад л, нэг мугуйдлаад л, нэг толгой нь эргээд л байж байгаа. Өчигдөр Байнгын хорооны төвшинд яригддаг хуулийн төсөл ч нэг тийм шиг санагдсан. Зарчмын хувьд Мэдээллийн аюулгүй байдлын хууль гарах ёстой. Наад зах нь л төрийн мэдээллийн Үндэсний Дата төв гэхэд л ямарч хууль эрх зүйн орчингүй, зохицуулалтгүй өдийг хүрлээ. Дата төвийн талаар лав ямар ч хуульд байхгүй. Анх удаа сая Бүртгэлийн шинэ хуулинд нэг өгүүлбэр оруулсан. Урьд нь Засгийн газрын тогтоолоор л байгуулаад орхичихсон байсан. Гэтэл тэнд хуримтлагдаж байгаа мэдээлэл, түүний хадгалалт, түгээлт, иргэдэд хүргэж буй үйлчилгээ нь гэхэд л ямар том далайцтай болсон байгаа билээ дээ.