Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор , харшлын эмч С.Мөнхбаярлахыг "Эрүүл монгол" буландаа урьж ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Хотжилтыг дагасан тоосжилт үүнд хамгийн их нөлөөтэй гэх нь ч байна. Харшилтай хүмүүсийн тоо яагаад жил ирэх тусам нэмэгдэж байна вэ?
-Харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн дотор дэлхий дахинд хүн төрөлхтний дунд мэдрэгдэхүйц ихэсч байгаа. Яагаад харшил ихэсч байгааг тодорхойлсон хэд хэдэн онол, таамаглал байдаг.
Нэгдүгээрт, эрүүл ахуйн талаас нь тайлбарладаг. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр суурьшмал хотын амьдралд шилжиж байна. Байгаль орчноосоо хэт их тасарч, хөндийрч байна. Хүн эрүүл ахуйн хэм хэмжээ сайн хангагдсан орчинд амьдрахын хэрээр дархлаа тогтолцооны халдварын эсрэг тэмцэх чадварт өөрчлөлт орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүний биеийн дархлаа тогтолцоо нь хүрээлэн буй орчноос хүний биед нэвтэрч байгаа төрөл бүрийн халдварын хүчин зүйлийн эсрэг тэмцэж, халдварын зүйлээр өвчлөхгүй байх дархлааг бий болгож, тэмцэх үүрэгтэй. Тэгэхээр сүүлийн үед хот сууринд баруунжсан амьдралын хэв маягаар амьдрахын хэрээр хүний биед орох байгалийн ашигтай халдварын хүчин зүйлс тухайлбал, нян, шимэгч, мөөгөнцөрийн хэмжээ нь багасаад ирэхээр хүний дархлаа тогтолцооны гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдөж халдварын биш ургамлын тоос, амьтан, шавьж, хоол хүнсний зүйлийн эсрэг хэт хүчтэй дархлааны хариу урвал үзүүлж харшлаар өвчилдөг болчихоод байгаа юм. Үүнийг эрүүл ахуйн онол гэж нэрлэдэг.
Дархлаа тогтолцоо нь тодорхой шалтгааны улмаас гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа нь өөрчлөгдөж болно. Дархлааны хариу урвал сулраад халдварын эсрэг тэмцэж чадахаа больсон үед ханиад томуу тусаад, өвдөг, хатиг гараад халдварт дээрэлхүүлнэ гэсэн үг. Харин дархлаа тогтолцоо хэт их идэвхжихээр харшил, аутоиммуни өвчнүүдээр өвчилдөг. Харшил нь дархлаа тогтолцооны тодорхой нэг хэсэг хэт идэвхижснээс үүдэлтэй үүсдэг.
Хоёрт, 21 дүгээр зуун гарснаас хойш харшлын өвчлөл ихэсч буйг “Old friends theory” буюу Эртний нөхрөө алдах онолоор тайлбарлаж байна. Хүний арьс, хамар, амны хөндий, хоол боловсруулах эрхтэн гээд салстын талаасаа ч гэсэн бичил биетүүдээр бүрхэгдсэн байдаг. Түүнийг нь микробиом гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, хүний арьсан дээр маш олон төрлийн вирус, бактери, мөөгөнцөрийн халдварын хүчин зүйлүүд байж байдаг. Тэр хүчин зүйлүүд нь хүний биед тохирч, тэр бичил биетүүдэд хүн зохицсоны үр дүнд хүн эрүүл амьдардаг. Ингэж биологийн биетүүд харилцан зохицож амьдрахыг симбиоз гэж нэрлэдэг. Жишээ нь, хүний нарийн бүдүүн гэдсэнд хүнд ашигтай бифидобактер, лактобацилл зэрэг нянгууд байдаг. Тэр нянгууд хүний бие физиологид хэвийн үйл ажиллагаа явагдахад оролцож, тусалж байдаг. Гэтэл хүний биед ашигтай хэрэгтэй тэр нян, бактери, мөөгөнцөрийн тоо хэмжээ, харьцаа алдагдан микробиом нь өөрчлөгдөөд ирэх юм бол дисбиоз болж халдварын эсрэг дархлааны өөрчлөлт гарч харшлаар өвчилж байна гэж тайлбарлах болсон.
Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол, хоол тэжээлийн онцлог, ахуйн химийн бодисын хэрэглээ, антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор хүний биеийг бүрхсэн бичил биетүүд устан өөрчлөгдөж, улмаар харшил үүсдэг. Жишээ нь, антибиотикийг зохисгүй хэрэглэхээр өвчин үүсгээд байгаа халдварын хүчин зүйлийг устгахын зэрэгцээ хүнд байдаг ашигтай нян бактеруудыг давхар устгаад дисбиозыг үүсгэж, харшилд мэдрэмтгий болгож харшил бий болно.
-Харшил сэдрэх хугацаа харилцан адилгүй байдаг нь юутай холбоотой вэ?
-Тухайн хүн ямар төрлийн зүйлд мэдрэгшсэн байдлаас хамаараад эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хугацаа харилцан адилгүй өөр өөр байдаг. Товчхон хэлэхэд шалтгаанаас хамаарна. Жишээлбэл, ургамлын тоосны харшилтай хүмүүс 5-9 сарын хооронд ургамал цэцэглэж, тоосжих үед харшил хөдөлнө. Гэтэл астма өвчний сэдрэл агаарын бохирдол, тоосонцорын хэмжээ ихэссэн, ханиад томууны үед ялангуяа арваннэгдүгээр сараас нэг, хоёрдугаар сарын хооронд илэрнэ.
Хавар дулаан орж 4,5 сар болоод ирэхээр нарны хэт ягаан туяаны идэвхижил нэмэгддэг. Энэ үеэр нарны харшилтай хүмүүс мэдрэмтгий байх жишээтэй. Ямар зүйлээс мэдрэгшсэн, юунд харшилтай байна гэдгээс хамаараад цаг хугацааны хувьд харилцан адилгүй илэрч болно. Зарим харшлын тухайд улирлаас хамаардаггүй. Ямар нэг эмэнд эсвэл хүнсэнд мэдрэгшээд харшилтай болчихсон хүмүүс бол тухайн эм, хүнсийг хэрэглэсэн даруйд улирал хамааралгүй шинж тэмдэг нь хөдлөн харшил нь сэдэрнэ.
Антибиотек, газрын самраас үүдэлтэй харшлын шок давамгайлж байна
-Сүүлийн жилүүдэд ургамлын харшлаас гадна шинээр ямар төрлийн харшлууд нэмэгдэж байна вэ?
-Сүүлийн үед эмийн харшил, хүнсний харшил их тохиолдох болсон. Сүүлийн хагас жилийн дотор эмийн бодис, антибиотикоос шалтгаалсан харшлын шоконд орж нас барсан 6, 7 тохиолдол илэрсэн. Энэ нь эмийн зохисгүй хэрэглээг дагаад эмэнд харшилтай болсон хүмүүс ихэсч байгаагийн илрэл юм. Мөн сүүлийн үед газрын самрын (peanut) харшил нэмэгдэж байна. Cамар идээд харшлын шоконд ороод ирж байгаа хүмүүс цөөнгүй байна.
-Ямар учраас харшлын шоконд ордог вэ?
-Зарим хүмүүс харшилтөрөгчид хэт мэдрэгшсэн байдаг. Хэт хүчтэй мэдэргшил үүсгэсэн харшилтөрөгч хүний биед нэг дор ихээр орох юм бол бие махбодийг бүхэлд нь, олон эрхтэн тогтолцоог хамарсан харшлын маш хүнд шинж тэмдэг илэрдэг. Энэ үед ердөө 15 минутаас цагийн дотор харшлын шоконд орж амь нас аюултай байдалд хүрдэг. .
Шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам ууж болохгүй
-Харшилтай хүмүүст ямар хүнсийг хориглодог вэ?
-Тухайн хүн ямар харшилтөрөгчид мэдрэгшсэн байна гэдгээс хамаараад тэр хүнд ямар хүнсийг хориглохыг анагаах ухаанд судлаад тогтоочихсон байдаг. Жишээлбэл, хус модны тоосны харшилтай хүмүүс алим, лийр, чавга, тоор зэрэг модонд ургадаг жимснүүд идвэл дархлааны солбицох урвалаар харшлын шинж тэмдэг илэрдэг. Шарилжны харшилтай хүмүүс айраг, гүүний саам уух юм бол харшил нь сэдэрч хүндэрдэг. Мөн шарилжны харшилтай бол түүхий лууван, улаан лооль идэж болохгүй. Тухайн хүний мэдрэгшсэн харшилтөрөгчийг цусны шинжилгээ эсвэл арьсны сорилоор юунд харшилтайг нь тогтоогоод, ямар хүнс хориглохыг эмч зааварлах ёстой. Түүнээс биш харшилтай хүнд хориглох хүнсийг зөвхөн мэргэжлийн эмч л хэлж өгч чадна. Харшилтай гээд мах гурилаас бусдыг хориглож хүнс тэжээлийн дутагдалд оруулж болохгүй. Ер нь шинжлэх ухааны нотолгоогүй ам дамжсан цуу ярианд итгэж өөртөө туршиж болохгүй. Сүүлийн үед ургамлын тоосны харшилтай хүн аргалын утаагаар утахаар, голио царцаа идэхээр эрүүл болж байна гэх яриа гарах болсон. Дархлаа тогтолцооны гүнзгий өөрчлөлт үүсээд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа үед аргалын утаагаар утаад арилна гэж байхгүй шүү дээ.
-Арьсны өвчин, харшил, ханиадыг хэрхэн ялгах вэ. Харшлыг ханиадтай андуурч буруу эмчилгээ хийх эрсдэл байдаг шүү дээ?
-Амьсгалын дээд замын харшил, томуу, томуу төст өвчин эмнэл зүйн шинж тэмдэгээрээ ойролцоо байдаг. Тиймд энэ хоёрыг хооронд нь ялган оношлох ёстой. Тухайн хүний цусанд шинжилгээ хийж, эсвэл арьсан дээр сорил тавьж харшил мөн үү үгүй юу гэдгийг ялгаж оношлох ёстой.
Харшилтөрөгч хүний биед нэвтэрч орсон замаасаа шалтгаалаад эмнэлзүйн шинж тэмдэг нь өөр, өөр байдаг. Хэрвээ харшилтөрөгч амьсгалын замаар нэвтэрч орох юм бол амьсгалын замын харшлын шинжүүд илүү илэрнэ. Найтаах, усан нус гоожих, хамар битүүрэх, нармай, тагнай загатнах, ханиалгах, амьсгаадах, бачуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ хоол боловсруулах замаар харшилтөрөгч нэвтрэх юм бол арьсны тууралт, хоол боловсруулах замын хямрал гүйлгэх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Арьс салстаар нэвтэрч орох юм бол тухайн арьс салстын орчинд үрэвсэл үүсхээс гадна бүх биеийг хамарсан эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болно. Жишээлбэл, төмрийн харшилтай хүмүүс гэхэд төмрийн найрлагад байгаа никель сульфат хэмээх бодис хүний арьсаар нэвтэрч ороод тэр хэсэгтээ дархлааны урвалын оролцоотойгоор арьсны хэсэг газрын үрэвсэл үүсгэдэг. Харшлын шалтгаан хүний биед ямар замаар нэвтэрч орсон, түүнээс шалтгаалаад эмнэлзүйн шинж тэмдгүүд өвөрмөц, өөр, өөр байдаг гэсэн үг.
Хамар битүүрэлт стресс, сэтгэлзүйн шалтгаантай байдаг
-Харшлын нэг шинж тэмдэг нь хамар битүүрэх байдаг. Түүнээс гадна хамар битүүрэлтийг дархлаа сулдсанаас, мөн ханиад томуунаас үүдэлтэй гэж тайлбарладаг. Үүнийг хэрхэн ялгаж таних вэ?
-Хамар битүүрэх шинж тэмдэг олон өвчний үед илэрнэ. Жишээлбэл, харшил, ханиад томуу тусах, хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсээд битүүрч болно. Түүнээс гадна жирэмсэн үед дааврын өөрчлөлттэй холбоотой битүүрч болно, мөн сэтгэцийн эмгэг, мэдэрлийн ядаргаанд орж судасны тонус зохицуулгын алдагдал болох үед хамар битүүрэлт байна. Тухайлбал. Хүмүүс орчин үед маш их мэдээллийн зуунд байна. Мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар байнгын хэт их мэдээллийг авахаар хүний тархи, мэдрэлийн систем ядаргаанд ордог. Энэ мэдрэлийн системийн сэрэлттэй байдал нь шөнө тайван хангалттай унтаж, амарч чадах юм бол эргээд сэргэж байдаг. Тэгэхээр нойр муутай, оюуны өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүмүүс мэдрэлийн ядаргаанд ордог. Мэдрэлийн ядаргаанд орохоор хүний биеийн дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг хүний ухамсраас үл хамаарч зохицуулдаг автомат мэдрэлийн системийн тэнцвэрт байдал нь алдагддаг. Ингэснээр судас өргөсгөдөг мэдрэлийн тогтолцоонууд нь давамгайлсан үед хамар битүүрэлт болдог. Үүнийг вазомоторны битүүрэл гэж нэрлэнэ. Тэгэхээр олон төрлийн өвчин эмгэгийн үед хамар битүүрэх шинж илэрдэг гэсэн үг. Үүний шалтгааныг зөв оношилоод эмчлэх шаардлагатай. Хамар байнга битүүрч байх нь хүчилтөрөгчийн дуталд орох, толгой өвдөх, хоолой залгиурын эмгэг үүсгэх зэрэг олон сөрөг нөлөөтэй.
Харшлаас урьдчилан сэргийлэх, мөн "эмчлэх" боломжтой
-Харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Харшлаас урьдчилан сэргийлж болно. Харшлын анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт гэж бий.
Анхдагч урьдчилан сэргийлэлт гэдэг нь тухайн хүнийг анхнаас нь харшлаар өвчлүүлэхгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй. Дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, байгаль орчиндоо ойр амьдарч ашигтай хүчин зүйлүүдийг хүний бие авч байх гэх мэт.
Хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэдэг нь нэгэнт харшилтай болчихсон бол, яг юуны харшилтай гэдгийг тодорхойлоод харшил өгдөг зүйлээс хол байх, хэрэглэхгүй байх юм. Эмэнд харшилтай, хүнсэнд харшилтай бол түүнийгээ хэрэглэхгүй байх шаардлагатай.
Гуравдагч урьдчилан сэргийлэлт нь нэгэнт тухайн хүн харшилтай болоод эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа бол хүндрэлээс нь хамгаалахад чиглэгдэх ёстой. Жишээлбэл, ургамлын тоосны харшилтай хүн хамар битүүрээд, нүд загатнаад байна гээд тоохгүй яваад байдаг. Тэр нь нэг өдөр астма болно. Амьсгалын доод замын үрэсвэл болж хүндэрнэ. Астматай болсон хүн эмчид хандахгүй, эмчилгээ хийлгэхгүй яваад байх юм бол өөр зүйл харшилтай болно. Харшилаа сайн оношлуулж, сайн эмчилгээ хийлгээгүйгээс харшлын шоконд орж болно гэсэн үг. Харшил даамжрах, хүндрэх байдлаас урьдчилан сэргийлэх боломжтой.
-Амьсгалын замаар дамждаг харшил хүнээс хүнд халдварлах уу, эсвэл удамшдаг уу?
-Харшил бол халдварт өвчин биш. Харин харшламтгай байдал нь удамших хандлагатай байдаг. Хүний биеийн дархлаа тогтолцоон таван төрлийн дархлааны уураг ялгардаг. Үүнийг иммуноглобулин нэрлэдэг. А, M , G, D, E гээд таван төрөлтэй. Харшлын үед иммуноглобулин "E" эсрэг биеийн ялгаруулалт нь эмгэгээр их болдог. Тэрийг хариуцсан генийн мутаци үүсч илүүдэл хэмжээгээр үүсгээд ялгаруулдаг гэсэн үг. Иммуноглобулин "E" ихтэй хүмүүс нь харшлын суурьтай. Энэ байдал нь удамших хандлагатай байдаг. Тийм учраас харшилтай эцэг эхчүүдээс харшилтай хүүхэд төрөх хандлагатай гэсэн үг.
-Харшил бүрэн эмчлэгддэг үү?
-Харшил эмчлэгддэг өвчин. Харшлын эмчилгээ хийлгээд зовиур шинж тэмдэггүй сайхан амьдарч болно. Харшил эмчилгээний дөрвөн зарчим бий.
Нэгд, өвчтөний сургалт. Тухайн хүн харшилтай болчих юм бол эмчдээ хандаад харшил гэж юу яагаад харшилтай болдог, яаж эмчилж, сэргийлж болох талаар зөвлөгөө авч, харшлын тухай ойлголтоо зөв болгох хэрэгтэй. Тэгээд эмч, өвчтөн хоёр нийлээд харшлын өвчний эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Эмч эмчилгээ хийж зөвөлгөө өгөөд, өвчтөн хэрэгжүүлэхгүй бол харшлын эсрэг тэмцэл үр дүнгүй болно. Хоёулаа тэмцээд, эмчийн зөвлөгөө заавраар эмчилгээг хийх юм бол харшлыг дийлж болно.
Хоёрт, харшил төрөгчөөс зайлсхийх. Яг юунд харшилтай гэдгээ оношилуулж шалтгаанаа мэдээд түүнээс зайлсхийх арга. Үүнийг эмч зааж өгнө. Харшлын шалтгааныг илрүүлэх цусны шинжилэгээ, арьсны сорилын аргууд байдаг. Эффект эмнэлэгт манай оронд хамгийн түгээмэл тохиолдох 40 төрлийн харшилтөрөгчийг цусанд оношилж байгаа. Харшлын шалтгаанаа найдвартай мэдрэг сайн аргаар тогтоолговол эмчилгээ хийхэд үр дүн сайтай байдаг.
Гуравт, эмэн эмчилгээний арга. Харшлын эсрэг төрөл бүрийн эмүүд гарч ирсэн. Харшлын эсрэг эмийн сонголт Монголд сайн байгаа. Харшилтай хүнд өвчний зовиур шинж тэмдэгийн хүнд хөнгөний байдал, ямар эрхтэн тогтолцоог хамарч байгаагаас хамаарч эмч эмийн сонголтоо хийж ямар тунгаар, хэр удаан эмчлэх эмчилгээний тактикаа боловсруулж аюулгүй, үр дүнтэй эмчилгээ хийх ёстой. Дөрөвт, дархлаа эмчилгээ гэж байдаг. Харшилтөрөгчид мэдрэгшсэн зүйлээр нь дархлаа эмчилгээ хийгээд хэт их идэвхижсэн байгаа дархлаа тогтолцоог тэнцвэржүүлж эмчилэх арга юм. Өвөрмөц дархлаа эмчилгээг зөв сайн хийвэл 10 гаруй жил зовиур шаналгаа багатай байж үр дүнтэй болно. Сүүлийн үед дархлаа зүгшрүүлэг хийдэг эмчилгээний шинэ бэлдмэлүүд гарч байгаа ч бэлдмэлийн үнэ өртөг маш өндөр байна.
Харшил эмчилгээний энэ дөрвөн зарчмаар харшлыг эмчлээд хянаад явах юм бол тухайн хүн харшлын зовиур шинж тэмдэггүй явж болно. Харин генийн мутацитай холбоотой эцэг, эхээс удамшсан харшламтгай суурийг бүрэн засах боломжгүй байгаа юм