Зочин | 8 мин уншина

Пассив Н.Ганбаа: Байшин барихдаа дулаан хамгаалалтыг хамгийн сайн хий, энэ аргад л суралц

Пассив Н.Ганбаа: Байшин барихдаа дулаан хамгаалалтыг хамгийн сайн хий, энэ аргад л суралц
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 30

Нийслэлийн өрхүүдэд тулгамддаг утааш шийдэх, цаашлаад ая тухтай орчин нөхцөлийг цогцоор нь шийдэх Пассив барилгын дизайны талаар Пассив Барилгын Хүрээлэн ТББ-ын ерөнхийлөгч, ОУ-ын Пассив барилгын зөвлөх Н.Ганбаатай ярилцлаа.

-Пассив хаусны онцлог нь юу юм бол?

-Пассив хаус нь аль болох байгалийн өөрийнх нь энергийг бүрэн ашигладаг. Ердийн барилга нь ямар нэг насос, зуух, сэнс ажиллаж идэвхтэйгээр дотоод орчныг бүрдүүлдэг. Харин пассив барилга бол нарны эрчим хүч, нарны гэрэлтүүлэг, дулааныг ашигладгаараа бусад барилгаас ялгаатай.

-Монголд пассив хаусыг нутагшуулахад ямар асуудлууд тулгарч байна вэ?

-Онцолж хэлэхэд, пассив хаус бол технолги биш. Технологийн өнгө аяс орсон дизайн юм. Нарны тусгал, байршил, эрчим хүч, дулаанд уялдаж хүний амьдрах орчныг бүрдүүлсэн дизайн гэж ойлгох хэрэгтэй. Ойлгуулахын тулд нэг жишээг хэлье. Улаанбаатарт хойшоо харуулж барьсан барилга олон байна. Технологийн хувьд гайхамшигтай байж болно, пассив ч байж болно. Гэвч хойшоо харчихсан учраас маш их арчилгаа, халаалт шаардаж, барилгын чанар муудна. Тиймээс пассив хаусыг дизайн гэж харах хэрэгтэй. Монголд энийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тал нь цаг уур. Дэлхий дээрх хамгийн хүнд нөхцөлийг тулгаж байгаа хэрэг. Ийм нөхцөлд дизайны аргаар бага эрчим хүч зарцуулан ая тухтай орчин бүрдүүлнэ гэдэг хэцүү.

-Пассив хаусыг олон асуудлын шийдэл гэж харж байна. Тэгвэл үүнд төрөөс хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?

-2015 оноос хойш энэ төслийн туршилтуудыг өөрийн хөрөнгөөр хийж байна. Төртэй хамтарсан төсөл огт байхгүй. Төрөөс нэг ч төгрөгний дэмжлэг авч үзээгүй. Авахыг ч хүсдэггүй. Учир нь, төрийн ажил чинь дөрвөн жилийн мөчлөгтэй, улс төрийн тоглолттой сонин явагддаг. Тиймээс аль болох орооцолдохгүйн тул зайлсхийдэг. Энэ барилгын концепцийг Монголд буулгаж, олон хүн суралцвал төр оролцохгүй өөрсдөө утаанаас салах боломжтой. Төр оролцох зайлшгүй шаардлагатай бол хууль, эрх зүйн зохицуулалт л байх. Тухайлбал, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах гэж байгаа хүмүүст ипотекийн зээл олгох журам ч юм уу.

-Төртэй хамтарч ажиллавал том асуудлаас хурдан гарах боломжтой юм биш үү?

-Төр, төрийн албан хаагчид, төрийн байгууллагууд, бодлого хэрэгжүүлэгчид ирж суралцдаг, хардаг, туршлага судалдаг. Ийм сэдэл өгөх зорилттой ажиллаж байгаа болохоос төртэй хамтарч бизнес хийнэ гэдэг байж болохгүй зүйл. Судалгааны бүх зүйлээ дэлгэж үзүүлснээр хамтарч ажиллаж байгаа нэг хэлбэр. Бид өөрсдөө төрийн том төсөлд ормоор байна гэж дайрч болохгүй. Бие даасан судалгааны байгууллага гэдэг ийм л ажил хийдэг. Судалгааны үр дүнг танилцуулж, олон нийтэд нээлттэй байлгаснаар олон хүн санаа авч, суралцаж байгаа. Тэр байтугай  төрийн орон сууцны корпорацын хэрэгжүүлэх гэж байгаа “Ногоон орон сууц” хөтөлбөрийн гадаад инженер, зөвлөх ч  ирж үзэж хэр хэмжээний эрчим хүч, хөрөнгө зарцуулж, ямар материал орж байгаа зэрэг бүх датаг авч байна.  

-Иргэд хувийн орон сууц барихдаа танай дизайныг ашиглан барих боломжтой юу?

-Мэдээж боломжтой.  100 айл дээрээс барилгын материал авч Дэнжийн мянгад байшин барих үйл явц байнга болдог. Гэхдээ л алдчихаад байдаг. Алдаж байгаа шалтгаан нь мэдээлэл муутай, зөв барьж чадахгүй, буруу жишгийг дуурайж үрэлгэн төлөвлөдөг байдал саад болдог. Тухайлбал, байшингаа 10х8 харьцаатай хоёр давхар, мансарттай зэргээр том төлөвлөчихдөг. Ингэж төлөвлөж материалаа цуглуулахдаа хямдхануудыг нь цуглуулаад ч дуусдаггүй. Ингээд өвөл амьдрахаас өөр сонголтгүй халаалтын асуудалд орж бойлер, зуух, нам даралт, шалны халаалтыг илүүд үздэг. Үүн дээр нь импортлогчид, халаалтын бизнес хийдэг хүмүүс хөгжчихсөн иргэдийг хүйтэн байшин барихыг хүлээгээд байж байдаг. Иргэд байшиндаа анхаарал тавихгүй халаалтын системдээ илүү их хөрөнгө хаядаг учраас 100 айл дээрээс материал авахаасаа өмнө сайтар төлөвлө. Уг нь төлөвлөхдөө сардаа гаргаж чадах зардлаа бодох хэрэгтэй. Тэгэхгүй  ирээдүйд болох хүүхэд, эмээ өвөө бүгдийг нь тооцоод том байшин төсөөлдөг. Түүндээ хүрэх гэж аль болох хямдхан материалыг сонгож өнөөх асуудлуудад ордог. Харин бид ая тухтай амьдрах орчин нь хэдэн м2 гэдгээ тодорхойл гэж зөвлөж байгаа . Энэ хэмжээ жижиг байх тусам ашиглалтын зардал, анхны хөрөнгө оруулалт бага, урт хугацаанд авч явах засвар үйлчилгээнд зарцуулах хөрөнгө бага байна. Ингэснээр 100 айлаас гурван портер ачаа авах гэж байсан бол нэг машинаар асуудлаа шийдэж болох гээд байна шүү дээ. Гэхдээ том байшинтайгаа адилхан зардал гаргаж пассив болгох арга ухааныг зааж өгөх ёстой.

-Энэ чиглэлээр боловсон хүчин хэр байна вэ, манайх бэлтгэж чадаж байна уу?

-Боловсон хүчин маш хүндрэлтэй. Сэтгэлгээний бүтэн эргэлт хийхгүй бол болохгүй. Инженерүүд халаалт нь бэлэн ямар нэг эх үүсвэртэй гэж тооцоолон зургаа гаргадаг. Нэгэнт алаалтын эх үүсвэртэй учраас өнгө үзэмжид тааруулж зургаа гаргадаг. Ийм том алдааг гаргах олон инженерүүд бэлтгэгдэж байгаа. Тиймээс уг сууринд нь ажиллах хэрэгтэй. Их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сурах бичиг нь дээр суулгаж өгөх хэмжээнд очихгүй бол ажлын байранд гараад дутагдалтай зүйлс үүснэ. Хоёрт, барилгын гүйцэтгэл хийж байгаа компаниуд дулаан хамгаалалтын ойлголт огт байхгүй. Хямдхан халаалтын гай л даа. Суурь ойлголтоороо эргэж халаалт байхгүй шүү гэх нөхцөлөөс эхлэхгүй бол тог, халаалт хэзээ ч зогсож магадгүй. Ингэсэн тохиолдол яах талаар суурь бодлогыг өөрчилж дизайнерүүд, барилга барьж байгаа хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Гэтэл улс төрчид тэгдэггүй. Нүүрс, тог хямдхан болгоно гэж улс төрийн оноо авдаг. Энэ чинь өөрөө иргэдийг ядууралд улам чихэж байна. Сар бүр орлогынхоо 50 хувийг зөвхөн түлшинд зарцуулж байгаа нь ядуурлын хамгийн том эх үүсвэр. 50,60 жил насан туршдаа энэ зардлыг гаргана гэвэл баян хүн ч чадахгүй. Барууны орнууд хөгшчүүлийн болон асрамжийн газрыг пассив дизайнаар барьдаг. Урсгал зардлыг олон жилээр тооцвол том тоо гарна шүү дээ. Энэ зардлыг хязгаарлахын тулд пассиваар барьж байна. Манай улс ч гэсэн энэ чиглэл рүү хандах хэрэгтэй байна.

-Энэ бүгдийг шийдээд байгаа пассив барилга яг яаж цогцоор нь шийдээд байгаа юм бэ?

-Пассив барилгын үндсэн таван зарчим бий. Байшинг халаалтын элементтэй төлөвлөхөд тодорхой хэмжээний хязгаар байдаг. Дулааны хамгаалалт сайтай болох үед паар, уурын зуух, насос зэрэгт зарцуулах зардал хэрэггүй гэдгийг ухаардаг ч манайхан чаддаггүй. Учир нь, байшинг таван см хөөсөөр дулаалчихаад болчихсон гэдэг. Энэ бол эхлэл. Үүнээс цааш 20-30 см дулаалахад паар, халаалтын систем хэрэггүй болж эхэлдэг. Гэвч энэ хүртэл хүмүүс дулаалдаггүй.  Пассив барилгын үндсэн таван зарчимд байшинг сайн дулаалах, урагшаа харсан сайн цонх тавих, битүүмжлэлийг нягт хийх, хана болон таазаар дулааны гүүр үүсгэхгүй байх, агааржуулалтын цогц системтэй байх зэрэг багтана. Хаанаас яаж дулааныг шийдээд байгаа юм гэх асуултын хариулт нь энэ бүгдийн нийлбэр юм. Эдгээр таван зарчмыг нарийн тооцоолж, сайн гүйцэтгэж чадвал халаалтын ачаалал нь 90 хүртэл хувиар буурдаг. Харин үлдсэн 10 хувь нь хөл доор тавьдаг халаагуур шиг жижигхэн зүйлээр л шийдэгдэж бүхэл бүтэн байшинг халаах боломжтой болдог.

-Сайн цонх, хаалга тавих хэрэгтэй гэсэн. Сайн цонх, хаалганы үнэ өртөг өндөр байж таараа. Энэ нь иргэдийн орлогод нийцэхгүй хямдхан материал ашиглах шалтгаан болж байгаа юм биш үү?

-Цонх найдвартай сайн байх ёстой. Үүнийг дотоодын шийдэхийн тулд цонхны компаниуд сайн цонх үйлдвэрлээд эхэлчихсэн. Харин олон үйлдвэрлэгдэж эхэлбэл үнэ хямдарч ердийн цонхны түвшинд хүрнэ. Цонхны компаниуд нийлээд холбоо үүсгээд ажиллаж байна. Тэгэхгүй бол Монгол Улсын бүх нүүрс цонхоор гараад явлаа гэдэг яриа хүртэл явж байна. Цонх чинь хамгийн их дулаан алддаг хэсэг шүү дээ. Пассив байшин ердийн байшингаас илүү зардалтай нь ойлгомжтой. Гэхдээ анхны хөрөнгө оруулалт өндөр боловч эргэн нөхөх хугацаа нь богинохон. Учир нь түлш, цахилгаанд зарцуулах халаалтын зардал эрс буурдагтай холбоотой. Монголд зээлийн хүү өндөр, иргэд цалин, илүү мөнгө багатай байдаг. Зээл авч байшин барилаа гэхэд зээлийн хүүд төлөх мөнгө нь халаалтын зардлаас ялгаагүй байна. Иймд хүү бууруулах төрийн бодлого боловсруулах хэрэгтэй. Эрчим хүчний хэмнэлттэй, улсад ачаалал өгдөггүй, халаалтыг өөрсдөө шийддэг, утаа униар гаргадаггүй байшингуудын хүү нь дээр татаас өгдөг байх хэрэгтэй. Улсаас тодорхой хэмжээний зээл авч байж барих болчихоод байна шүү дээ. Өмнө нь ах дүү нартайгаа нийлээд 20-30 сая төгрөгөөр блокоор байшин барьдаг байсан бол одоо 50-60 сая төгрөг болох гээд байна. Үүнийг төрөөс дэмжиж ипотекийн зээл, урьдчилгаа төлбөр дээр туслах зэрэг бодлогоор дэмжихгүй бол хуучин байшингийн хэв маяг, технологи руу буцна.

-Одоогоор хэчнээн байшин барьсан байгаа вэ?

-Ер нь барилгын бизнес талаас хийсэн төсөл цөөхөн тул гуч гаруй л байна. Жишээ болгож үзүүлэх, хэмжилт хийх зорилгоор барьсан. Мөн хувийн хөрөнгө оруулалттай хотын захад нэг хотхон барьсан. Хувийн орон зай руу хүмүүс орж үзэж, зураг авах гээд дайраад байдаг учраас зарлаж гаргахад төвөгтэй. Нууц юм огт байхгүй дэлгээд яриад байна шүү дээ. Тийм байхад хүмүүс дунд нь нэг нууц байгаа юм шиг хандаад байдаг. Тиймээс Пассив барилгын хүрээлэн ТББ хүмүүст нээлттэй үзэх, харах загварын байртай болохоор санхүүжилт босгох гээд ажиллаж байна.

undefined

-Пассив барилгын хүрээлэнгийн цаашдын зорилт юу вэ?

-Пассив барилгын хүрээлэнгийн цаашдын зорилт нь дулаан хамгаалалт, сэтгэлгээний өөрчлөлтийг хийх. Бид бүх байшинг барина гэвэл дуусахгүй. Утаанаас маш хурдан гарах арга бол сэтгэлгээний өөрчлөлт. Инженер, барилгын бригадууд, стандарт сайжирч, барилгын материал үйлдвэрлэгчид бүгд өндөр үзүүлэлттэй материалыг үйлдвэрлэмээр байна.  

-Иргэдэд зөвлөж хэлбэл?

-Дулаан хамгаалалтаа сайн хийсэн пассив байшинд аль болох олон хүн амьдраасай. Учир нь, энэ бол дээд зэргийн аз жаргал. Бүтэн дулааны хамгаалалт хийсэн учраас ая тухтай, нартай гэгээлэг, агаар сайтай ямар нэг ажил шаардахгүй 24 цаг 365 хоног ая тухтай орчинг Монголд бүрдүүлж болно. Үүнд бага зэрэг хөрөнгө шаарддаг ч нэг хийсэн байхад насан туршдаа санаа зовох зүйлгүй. Хүмүүст сайн дулаал, энэ аргад суралц гэж хэлмээр байна. Бид мэдээллийг дутуу хүргэж байгаа тал бий. Зарим цахим группэд орохоор их мөнгөөр буруу зөрүү зүйл хийчихсэн байдаг. Энд тэндхийн уулын аманд дүүрэн барьсан ногоон хотхон гээд байгаа хотхонууд эрчим хүчний “мангас” шүү дээ. Айлуудын сардаа хэдэн төгрөг төлөх нь хамаагүй гоё л харагдаж байвал болоо гэсэн шиг. Энэ бүгд  буруу хандлага. Дулаан хамгаалалтыг сайжруулсан нь илүү үнэлгээ авч, улсаас дэмжлэг хүртдэг, иргэдэд таалагддаг сэтгэлгээний өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн