Ц.Тувааны Ардчилсан нам АНУ-ын “DCI Group” гэх лобби фирмтэй 2021 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл 50 мянган ам.долларын зөвлөх үйлчилгээ, 100 мянган ам.долларын медиа үйлчилгээ авах гэрээ байгуулсан мэдээлэл цацагдсан. АНУ-ын лобби фирмүүдийн олон улс дахь үйл ажиллагааг мэдээлдэг "Foreignlobby" веб сайтын мэдээлснээр “DCI Group” нь АН-тай 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлыг сурталчлахаар гэрээ байгуулсан гэж мэдээлжээ. Гэрээтэй бүрэн эхээр танилцах. Тэгвэл АНУ-ын “DCI Group” фирм нь АНУ-ын нийслэл Вашингтон Д.С. хотноо төвтэй, компани болон улс төрийн намуудад олон нийттэй харилцах, бизнес, “PR”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг лобби фирм аж. Тус компани нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд “Microsoft”, “Boeing”, “General Motors” болон “AT&T” зэрэг томоохон корпорацуудад олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Харин улс төрийн хүрээнд АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч асан Жорж Бушийн 2000 болон 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцож, хоёр удаа ялалт байгуулахад нь хувь нэмэр оруулж байжээ. Үндсэндээ “DCI Group” нь АНУ-ын Бүгд найрамдах намын сонгуульт ажлууд болон улс төрийн кампанит ажлуудад идэвхтэй оролцдог аж. АНУ-ын “ABC News” телевиз тус компанийг “Бүгд найрамдах намын олон нийттэй харилцах асуудал хариуцсан алба, фирм” гэж тодорхойлсон байна.