Зочин | 12 мин уншина

Б.Даваасүрэн: Хүний амьдралд зовлонтой мэт жаргал ч байдаг

Б.Даваасүрэн: Хүний амьдралд зовлонтой мэт жаргал ч байдаг
Нийтэлсэн 2018 оны 12 сарын 28

Бяцхан хүүхдүүдийн цангинасан хоолой, нялх хүүхдийн хамар цоргим үнэр, дэггүйтэн гүйх балчир үрсийн хөлийн чимээ, хайр гэрэлтсэн харцаар гэрээ дүүргэсэн нэгэн залуу гэр бүлд шинэ оны босгон дээр зочилж, энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.  

Хишигбаярын Базаррагчаагийнх тэрсхэн гэмээр долоон хүүхэдтэй. Тэдний хамгийн бага дөрөв нь ихэр, хамгийн том хоёр нь жилгүй төрсөн. Харин гуравдахь хүү Магнай нь ах нараасаа гурван насаар дүү, ихэр дүү нараасаа дөрвөн насаар ах.  Том хүү Тэмүүжин нь арван настай. Хамгийн бага ихрүүд болох Мандах, Маралгоо  нар 11 сартай. Хүүхдүүдийн гурван том нь сургуулийн, дөрвөн ихэр нь гэрийн цэрэг.             

Ажлын өдрүүдэд аав нь ажилтай, хүүхдүүд ч хичээл сургуультай учраас гэр бүлийн гишүүд бүгд завгүй шахуу өнгөрөөдөг. Харин амралтын хоёр өдөр халуун ам бүлээрээ хамтдаа цагийг сайхан өнгөрүүлдэг ажээ. Тиймд бид баасан гаригийн орой цаг товлож байгаад очлоо. Халуун ам бүлээрээ цуглажээ. Эднийх 21-р хорооллын орчимд хашаа байшинд амьдардаг бөгөөд  гэр хорооллын орчинд байхааргүй, олон хүүхэдтэй айл гэхээргүй цэвэр цэмцгэр, тохитой, тухтай амьдардаг аж.          

Өмнө нь эднийх шиг олон хүүхэдтэй айлд нэг биш удаа зочилж, сурвалжлага бэлтгэж байсан болохоор ямар дүр зураг угтдаг гэдгийг ерөнхийдөө гадарлана. Гэхдээ эднийх төсөөлснөөс тэс өөр юм. Биднийг ороход аав, ээж хоёр нь том өрөөндөө ширээ засан, хоол цай зэхэж, харин хүүхдүүд нь унтлагын өрөөндөө тоглож байлаа.  Бид аав, ээжтэй нь цаг орчим хууч хөөрч, хоол цай, амттангаар дайлууллаа. Энэ хооронд унтлагын өрөөнөөс хүүхдүүдийн нэг нь гарч ирсэнгүй, амттан чихэр идье гэж шалсангүй. Тэднийг бага балчраас нь томчуудын яриа сонсохгүй, бусдад тавьсан идээ будаа, тавгийн чихэрт гар хүрч болохгүй гэж сургажээ. Биднийг хөөрөлдөх зуур арван настай Б.Тэмүүжин, есөн настай Б.Тэмүүгэн, зургаан настай Б.Магнай нар дөрвөн ихэр дүүгээ хооллож, хоёрыг нь унтуулж амжжээ.   

Хоёр дахь хүү Тэмүүгэн ээжийнхээ дэргэд ирсэнээ “Ээжээ, би удахгүй аяга тавгаа угаанаа” гэж байна. Ээж нь хүүгийнхээ толгойг үнэрлээд “Манай гурван том орой болгон аяга тавгаа угааж, биендээ хүлээлгэж өгдөг даалгавартай. Аав нь бага байхаас нь ингээд сургачихсан юм. Цэвэрлэгээ хийхдээ нэг л аяга дутуу угаах юм бол маргааш нь дахиад хийхээр болж улирдаг. Хүүхдийн нас нь бага, жаахан гэлтгүй ажил даалгаж байх ёстой. Бага балчир гэж эвийлээд байвал бусдын араар суугаад үлддэг зуршилтай болдог. Манай гурван том бид хоёрыг байхгүй хойгуур хоолоо өөрсдөө хийгээд идчихнэ, дүү нараа асарч, халамжилна. Ер нь тэгээд олон хүүхэд биенийгээ хүмүүжүүлдэг юм байна. Олуулаа байхын хэрээр өөрсдийнхөө хариуцлагыг маш сайн мэддэг. Түүнээс бид хоёр онцгой арга барилаар хүмүүжүүлсэн зүйл байхгүй ээ. Манай эмээ намайг хөдөлмөрөөр хүмүүжүүлсэн. Гурил нялцгай зуурсан бол хатуу болтол илдүүлдэг, зузаан илдсэн бол бууцаагаад базаад дахиад илдүүлдэг хүн байсан” гэж ярих зуур зургаан настай Магнай “Ээжээ, би хувцасаа өөрөө угаадаг, тийм ээ” гэж ярианд оролцов.  

undefined

“Эднийг дагаад жил болгон нэгдүгээр ангид сурдаг. Банкинд ороод баталгаат гарын үсэг зурахаараа том том үсгээр элементээр бичээд байдаг”   

“Бидэнд хөгтэй явдлууд олон тохиолдоно шүү дээ. Нэг удаа бид нар гэртээ талх аваад идэж байлаа. Тэгсэн хоёр дахь хүү Тэмүүгэнийгээ “наад талхаа зөв харуулаад, зөв талд нь элэгний нухашаа түрхээд ид л дээ” гэсэн чинь өөдөөс “энэ талхны чинь зөв бурууг олох гэсээр байтал дуусчихдаг юм байгаа биз дээ” гэж хэлж бөөн инээдэм болж билээ.

Энэ мэт хөгтэй, хөгжилтэй зүйл олон гарна. Би гэдэг хүн энэ хэдийг дагаад олон жил нэгдүгээр ангид сууж байна. Банкинд очоод баталгаат гарын үсэг зурах гэхээр өөрийнхөө нэрийг элементээр том, том бичээд байдаг юм” хэмээн ярьж гэр дүүрэн инээдэм боллоо. Гэтэл хажуунаас нөхөр нь “Энэ хэдээс ганц, хоёр нь ийшээ тийшээ явчихаар гэр эзгүйрээд  нэг л тавгүй байгаад байдаг юм. Хийх ажил олдохгүй ч байгаа юм шиг” гэж нэмэрлэв.   

Долоон хүүхэд маань бидний амьдралын долоон бурхан, тэдэн дундаа алтан гадас нь ганц охин минь юм даа. Дөрвөн ихэрээ дөрвөн хөлөг баатартай зүйрлэнэ ээ, бас болоогүй.

undefined

Үүний дараа ихрүүдийн төрсөн тухай дурсамж яриа бидний дунд өрнөв.     

Хүүхдүүдийн аавБид хоёр 2008 оны гуравдугаар сард таван ханатай гэрт амьдралаа эхлүүлж байлаа. Тэгээд 2008 оны тавдугаар сард нь том хүү Тэмүүжин төрсөн. Тэгээд жил болоогүй байтал удаах хүү Тэмүүгэн төрсөн юм. Хоёр том маань жилгүй төрсөн болохоор анхнаас нь нэг ангид оруулаад, ижилхэн хувцасладаг болчихсон юм. Тийм болохоор хүмүүс манай хоёр томыг ихэр гэж боддог. Тэгээд 2012 онд дунд хүү Магнай төрлөө. 2016 онд гэнэт эхнэрийн маань бие учир шалтгаангүй өвдөөд эхэлсэн. Тэгээд эмчид үзүүлсэн чинь “Савны гадуурх жирэмслэлт, эсвэл ямар нэг хавдар байж магадгүй” гээд онош нь тодордоггүй. Тэгж байгаад Хоёрдугаар төрхийн нэг эмчид үзүүлсэн чинь “хэд хоногийн дараа дахиад хүрээд ир” гэж байна. Тэгээд долоо хоногийн дараа очсон чинь ихэр хүүхэдтэй болсон байна, баяр хүргэе гэж хэлдэг байгаа. Ямар нэг өвчтэй болчихсон юм байна гээд санаа зовж байснаас бус ихэр хүүхэдтэй болчихсон гэж яаж төсөөлөх вэ дээ. Бөөн баяр болж билээ. Ингээд хоёр ихэр хүү болох Тэнүүн, Тэмүүлэн нарыгаа төрүүлсэн юм. Хоёр хүү төрөөд долоон сар болж байтал эхнэрийн бие бас л өмнөх шигээ учир шалтгаангүй өвдөөд эхэллээ. Эмчид үзүүлсэн чинь дахиад ихэр хүүхэдтэй болсон гэдэг байгаа. Тэр үед бол баярлах, гайхах зэрэгцээд шоконд орсон шүү /Инээв/ 

Ийнхүү хамгийн бага охин, хүү хоёроо 2018 оны нэгдүгээр сард төрүүлсэн дээ. Удахгүй ой хүрэх гэж байгаа. Хүүхдүүд маань бид хоёрт дандаа л гэнэтийн бэлэг байсан даа.  Долоон хүүхэд маань бидний амьдралын долоон бурхан, тэдэн дундаа алтан гадас нь ганц охин минь юм даа. Дөрвөн ихэрээ дөрвөн хөлөг баатартай зүйрлэнэ ээ, бас болоогүй.         

Ихэр хүүхэд төрүүлж, өсгөх мэдээж сайхан. Гэхдээ түүнийг дагаад ачаалал хоёр дахин нэмэгдэнэ шүү дээ. Эход харуулахдаа хүртэл хоёр хүний мөнгө төлж байж үзүүлнэ шүү дээ” гэж учирлав.      

Харин хүүхдүүдийн ээж Манай нөхөр аав, ээжээсээ дөрвүүлээ. Би эцэг, эхээсээ гурвуулаа. Хүний амьдралд баяр гуниг, зовлон жаргал тохиолдох үед олуулаа байх шиг сайхан зүйл байдаггүй гэж боддог. Манай аав, ээж хоёулаа нэлээд эрт өөд болчихсон юм. Миний эрэгтэй дүү эхнэртэйгээ гадаадад амьдардаг. Харин эгч маань нөхөртэйгээ нэг хэсэг хотод байгаагүй болохоор би гэдэг хүн цор ганцаараа юм шиг л амьдардаг байсан. Тийм болохоор олон хүүхэд төрүүлнэ гэж боддог болсон.  Дээрээс нь хүүхдүүдийнхээ дэргэд эрүүл саруул, урт удаан наслах юмсан л гэж боддог. Амьдралын маань хамгийн эрхэм зорилго л тэр” гэж ярих зуур хоёр нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан юм.  

Хүн эд хөрөнгө биш ухаанаараа л амьдарна...

undefined

Ингээд Хишигбаярын Базаррагчаа, Баярсүрэнгийн Даваасүрэн нартай хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг, залуус хосууд хоорондын харилцаандаа ямар зарчим баримталдаг талаар ярилцсанаа хүргэж байна.  

-Ээж, эхнэр хүн ямар байх ёстой гэж боддог вэ. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд ямар зарчим баримталдаг вэ?    

-Б.Даваасүрэн: Хүмүүс олон хүүхэдтэй болохоор ч тэр юм уу, үнэхээр мундаг эмэгтэй юм аа гэж ярьдаг. Би бол тийм мундаг хүн биш ээ. Ээж хүн, эмэгтэй хүн ямар байх ёстой тухай ярих хэмжээний тийм мундаг хүн биш. Гурван ихэр хүүхэд төрүүлж, өсгөсөн. Эсвэл 10 хэдэн хүүхэд төрүүлсэн настай буурлуудын дэргэд би хэн ч биш шүү дээ. Одоо бол миний мундаг ээж гэдэг нь юун дээр ч ил гарч харагдаагүй байна. Би олон хүүхэд төрүүлсэн л эмэгтэй. Яахав бусдыг бодвол арай илүү ачаалалтай л байдаг байх.  Миний хүүхдүүд өсөж том болоод, сайн сайхан яваа тэр үед л сайн ээж байсан уу гэдэг нь харагдах байх даа. Түүнээс одоо бол би өөрийгөө сайн ээж, мундаг эмэгтэй гэж хэлэхээс үнэхээр ичдэг.   

Томчууд хүүхдүүдийг биш, эсрэгээрээ хүүхдүүд томчуудыг “хүмүүжүүлдэг”

Олон хүүхэдтэй хүн чинь хүүхдийнхээ тоогоор гэгээрчихдэг юм байна. Олон хүүхэдтэй байхын хэрээр уужим тайван болдог юм байна. Олон хүүхэд хүнд маш их ухаарал өгдөг. Анхандаа бол ганц, хоёр хүүхэдтэй байх үед их л бухимдуу, адгадаг байсан. Одоо бол их тайван, уужуу болсон. Томчууд хүүхдүүдээ хүмүүжүүлдэг гэж ярьдаг. Эсрэгээрээ олон хүүхэд аав, ээжийгээ хүмүүжүүлдэг юм шиг байна. Хүүхдүүдээсээ маш их зүйлийг сурдаг. Тэвчээр, хатуужлаас эхлээд л аав ээжийгээ сургаад явна.    

Би хүүхдүүдээ бүгдийг нь их дээд сургуульд оруулна гэж улайрахгүй. Зөв бодолтой, амьдралын ухаантай хүн л зөв амьдарна гэж боддог. Түүнээс биш цагаан гартай, бал барьсан хүн бүр сайн сайхан амьдарна гэсэн үг биш шүү дээ. Хүүхдүүдээ мундаг эрдэмтэн, доктор болоосойн гэж хүсэхгүй. Амьдралын ухаантай байхад л сайхан амьдарна. Хүн эцэг эхээс өвлөж авсан эд хөрөнгөөр бус, толгойд хийсэн ухаанаараа л амьдарна гэж боддог. Тиймд хүүхдүүдээ эд баялагаас илүү, ухааныг өвлүүлэхийг хичээдэг.    

Шалтгалтын дүн, олимпиадын оноо хүний амьдралыг шийддэггүй. Тийм ч болохоор хүүхдүүдээ бусадтай өрсөлдүүлээд, хэт улайруулахыг хүсдэггүй. Тэдний хүүхэд тэгж сурч байхад чи яагаад ийм байгаа юм гэж хэзээ ч хэлж байгаагүй. Хүүхдийнхээ хичээлийг хийлгэнэ. Гэхдээ хэзээ ч өөрөө зааж өгөөд өмнөөс нь хийж өгдөггүй. Мэдэхгүй зүйлээ багшаасаа асуу гэж хэлдэг. Хүнтэй харилцах, багштайгаа ойлголцох чадварт сургаж байгаа юм. Өмнөөс нь өөрөө хийгэд өгчих юм бол багштайгаа харилцаж, санаа бодлоо илэрхийлж чадахгүй, бусдаар хийлгээд хүний ард суудаг хүн болох эрсдэлтэй. Мэдэхгүй зүйлээ  бусдаар хийлгэчихээд даалгавраа хийсэн юм шиг харагдах, эсрэгээрээ үнэхээр мэдэхгүй зүйлээ асууж ойлгож, мэдэхийн хоёрын дунд маш том ялгаа бий. 

-Залуу хосуудын хувьд харилцаандаа ямар зарчмыг баримталдаг вэ. Шинэ залуу аав, ээжүүдэд гэр бүлийн харилцаагаа бат бөх авч явах, үр хүүхдээ хамтдаа өсгөх тал дээр юуг зөвлөх вэ?   

.Базаррагчаа: Биедээ итгэх итгэл, биенээ сонсох чадвар маш чухал. Нэг нь юм хэлж байхад өөдөөс нь зөрүүлээд асаад байж болохгүй. Хэн хэндээ буулт хийж сурах хэрэгтэй гэж бид боддог. Харилцаанд маань бага зэрэг асуудал гарсан ч хүүхдүүдийнхээ дэргэд хэзээ ч том дуугарч муудалцаж байгаагүй. Нэгнийгээ нэрээр нь, эсвэл “чи, би” гэж хэзээ ч дуудаж байгаагүй. Тийм ч болохоор хүүхдүүд маань “танай хань чинь” гээд л ярьдаг.

Жаахан буруу ойлголцол гарч, хоорондын харилцаа сэвтэх зүйл гарвал цаг тохирч байгаад гадуур гарч болзоно. Тэгээд сэтгэлд байгаа бүхнээ хуваалцаж, ярилцдаг.  Ярилцаж, ойлголцож, биенээ сонсох нь гэр бүлийн харилцаанд чухал нөлөөтэй байдаг.  

Миний эхнэр үнэхээр мундаг эмэгтэй. Би эхнэрээрээ маш их бахархаж, ханьдаа баярлаж явдаг. Миний ур удмыг залгуулж, энэ олон хүүхэд төрүүлсэнд нь маш их баярладаг. Өөр надад хүсэх зүйл юу байх билээ дээ.  

-Б.Даваасүрэн: Манай нөхөр “MCS-Coca-Cola” компанийн борлуулалтын албанд ажилладаг. Бор зүрхээрээ л биднийгээ тэжээж, нуруун дээрээ энэ амьдралаа үүрч яваа. Компанийх нь зүгээс хамт олон нь ч гэсэн манай нөхрийг маш их дэмжиж тусалдаг. Маш сайн хамт олонтой.  Ажил нь Амгаланд байдаг болохоор 19 км явж ажилдаа ирж, очно.   Дээрээс нь бидэндээ маш халамжтай. Хэдийгээр би аав, ээжийгээ бага залуу насандаа алдсан ч тэдний минь орон зай, хайр халамжийг миний хань дүүргэж ирсэн. Сайн ханьтай учирсан болохоор аав, ээжгүйн зовлонг мэдрээгүй явж ирсэн гэж өөрийгөө боддог. Магадгүй миний аав, ээж зөв бодолтой, зөв сэтгэлтэй хүмүүс байсан болохоор сайн ханьтай учирсан гэж бодож явдаг.

-Гэр бүлээрээ хийдэг тогтсон уламжлалууд бий юү?

-Б.Даваасүрэн: Жил болгоны тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдийг манай аавын ах дүү нар тэнгэрт гарсан төрөл төрөгсөдөө дурсах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр өөд болсон аав, ээжийгээ дурсана, шинээр төрж байгаа хүүхдүүдээ биендээ танилцуулна, хэнийх нь хүүхэд амжилт гаргасан, жилийн турш ямар амжилт бүтээлтэй байснаа дүгнэж ярилцана. Мөн шинэ хүргэн, бэрүүдээ ураг удмаа танилцуулдаг сайхан уламжлалтай.    

-Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ. Энэ тухай залуу ээжүүдэд хандаад ямар зөвлөгөө өгөх вэ? 

-Хүүхдэд төрсөн цагаас эхлээд хамгийн хэрэгтэй зүйл бол ус, агаар байдаг. Манай хоёр ихэр хүү одоог хүртэл ганц удаа хамрын ханиад хүрч байгаагүй. Хоёр хүүгээ төрсөн цагаас нь эхлээд ой хүртэл нь өдөр бүр усанд оруулж, биед нь массаж хийж өгдөг байсан. Усанд оруулах нь хүүхдэд хамгийн том чийрэгжилт, дархлаа болдог. Мөн хүүхдүүдээ Баруун, Зүүн салаанд агаарт их гаргадаг. Нялх мод хүүхдэд маш их хүчилтөрөгч өгдөг.     

undefined

Гоё хувцас өмссөнөөр, олон ном цүнхэлснээрээ онц сайн сурахгүй

-Олон хүүхдийн хувцас, гутал, хичээлийн хэрэгсэл бэлдэхэд, нэн ялангуяа хичээлийн шинэ жилийн үеэр санхүүгийн хувьд нэлээд хүндрэл гарна биз дээ? 

-Бидний үед дунд сургуульд сурч байхдаа өөрт байгаа форм, биеийн тамирын хувцасаа өмсөөд л хичээлээ явдаг байсан. Гэтэл одоо жил болоод өөр өнгийн биеийн тамирын хувцас өмс гэж шаардах юм. Энэ нь наанадаж хүүхдийг эдийн шуналтай болгочихож байгаа юм. Нэг хувцасыг нэг л жил өмсөх ёстой гэсэн сэтгэхүйтэй болж байна.   Манайх жил бүр гурван биеийн тамирын хувцас авдаг.  Дээрээс нь 10 жилийн хүүхдүүд цүнх дүүрэн шахааны номтой явдаг. Сургуульд бол эрдэм, ном сурах гэж байгаа болохоос биш элдэв маяг авах гэж сураагүй шүү дээ.  Гоё хувцас өмссөнөөр, олон ном цүнхэлснээрээ онц сайн сурахгүй. Сургуулиуд сургалтынхаа хөтөлбөрт санаа тавих ёстой байтал, хүүхдийн өмссөн зүүсэнд анхаарал тавих юм. Гоё биеийн тамирын хувцас өмсөж, ангиараа жигдэрчихээд олигтой гүйж харайж, дасгал хөдөлгөөн хийж чадахгүй бол хэнд хэрэгтэй юм бэ.  Биеийн тамирын хувцасаараа жигдэрчихсэн л байвал биеийн тамирт орж байна уу, үгүй юу гэдэг нь  хамаагүй болчихсон.  Ийм байж болохгүй.         

-Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар та хоёрыг бусдад их тусалдаг тухай сонссон юм байна?

-Орон гэр авч өгөөгүй ч сэтгэлээрээ тусалж байсан хүн олон бий. Гэхдээ тэр хүнд тэгж тус хүргээд, ийм хүнд ингэж хандив өгөөд гэж яримааргүй байна. Магадгүй энэ ярилцлагыг тэр хүн уншвал ямар хэцүү санагдах вэ. Хүнд тус болсоноо биш, тус авсанаа л ярьж байвал зүгээр гэж боддог. Бидний хүргэсэн тус, сэтгэлийн бэлэг хожим эргээд энэ олон хүүхдийн буян заяаг түших байх даа гэж боддог юм.     

-Танай гэр бүлийн ойрын зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Б.Даваасүрэн “Миний хувьд олон хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Бид өөрийн гэсэн газартай, тэр газар дээрээ хоёр давхар байшин бариад, байшингийнхаа дээд давхарт гэр бүлээрээ амьдраад, харин доод давхарт нь цэцэрлэг байгуулах мөрөөдөлтэй. Над шиг хүүхдүүдээ хараад гэртээ суудаг  ээжүүд олон байгаа шүү дээ. Ганц болтугай гэр бүлд туслаад хүүхдүүдийг нь хараад асраад өгөх юм сан гэж боддог. 

-Жаргалтай зовлон гэж байхгүй, харин зовлонтой мэт жаргал гэж байдаг-

undefined

 “Олон ихэр хүүхэд төрүүлэх хэцүү, төрүүлсэний өсгөж, хүмүүжүүлэх нь бүр хэцүү. Манай эхнэр гурван жил хагас нойртой явж байна шүү дээ” хэмээн гэрийн эзнийг яриа эхлүүлтэл хүүхдүүдийн ээж үргэлжлүүлэн “Олон шөнө хагас нойртой хонож байгаа хэдий ч би сэтгэлдээ жаргалтай хүн. Тийм болохоор би ядардаггүй. Олон хүүхэд өсгөхийн зовлонг мэдэрдэггүй. Бие махбодийн хувьд бол мэдээж ядарч байгаа. Гэхдээ сэтгэл маань жаргалтай байгаа болохоор л энэ бүхнийг зовлон гэж харж байгаагүй” хэмээн ярьж байсан юм.  

Ийнхүү бидний буцах цаг болоход, зургаан настай Магнай хүү “Манай аавыг баян Базараа гэдэг юм чинь би ч гэсэн баян Магнай болно” гэх хөгжилтэй яриагаар биднийг үдсэн юм. Эд хөрөнгөөр элбэг биш ч сэтгэлээрээ баян амьдарч байгаа эднийхээс гарахдаа “Амьдрахын утга учир, жинхэнэ аз жаргал гэж энэ байх даа” гэх бодлыг тээсээр буцсан юм.     

Тэд хэнээс ч гуйлгүй хүүхдүүдээ элэг бүтэн эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байна. Тэд хэнээс дутахааргүй аз жаргалтай, “баян” амьдарч,  хэрэгцээнээс илүү гарсан багахан зүйлээ бусадтай хуваалцаж, түүнээс аз жаргалыг мэдэрч амьдардаг.  Долоон хүүхдийн амьдралыг нуруундаа үүрч, тэднийхээ төлөө хөдөлмөрлөх ёстойг хариуцлагатайгаар ухамсарласан залуу гэр бүлээр бахархах сэтгэл төрж байлаа. Монголдоо хүн нэмж, Монголынхоо ирээдүй хойчийг бэлтгэж байгаа тэдэнд эд баялагаар биш юм аа гэхэд халуун сэтгэлийн тусламж, дэмжлэг хэрэгтэй гэдгийг сэтгүүлчийнхээ хувьд дамжуулахыг хүслээ.  

undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн