Халуун цэг | 2 мин уншина

Хятадын Гуандун мужид ‘Covid-19’ өвчин эдгэсэн хүмүүсийн 14 хувьд нь дахин халдвар илэрчээ

Хятадын Гуандун мужид ‘Covid-19’ өвчин эдгэсэн хүмүүсийн 14 хувьд нь дахин халдвар илэрчээ
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 27
Хятадын Гуандун мужид коронавирусийн халдвар нь эдгэж эмнэлгээс гарсан нийт иргэдийн 14 хувьд нь “Covid-19”-ын халдвар дахин илэрсэн талаар тус улсын “Caixin Global” агентлаг мэдээлжээ.
Гуандун мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга, доктор Сонг Ти энэ талаар товч мэдээлэл өгөхдөө “Одоогоор хэрхэн ийм зүйл болсон болон яагаад өвчтөнүүд халдвартай хэвээр байгаа талаар тодорхой дүгнэлт гараагүй байна. Гэсэн ч шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээс үзэхэд эдгээр өвчтөнүүд нь шинэ төрлийн коронавирусийн халдвар нь бүрэн эдгээгүй байсан гэж үзэж болохоор байна” гэсэн юм.
Харин Гуандун мужийн Гуанжоу хотын Наймдугаар нэгдсэн эмнэлгийн захирал, доктор Ли Юэпин  “Коронавирусийн халдвараас эдгэсэн иргэдийн дунд хийсэн давтан шинжилгээгээр манай эмнэлэгт хэвтэж байсан 13 өвчтөнөөс  “Covid-19”  халдварын эерэг дүн гарсан. Гол нь эдгээр хүмүүсийн хэнд нь ч халдварын шинж тэмдэг дахин илрээгүй. Мөн эдгээр хүмүүстэй ойр харилцаанд байсан хүмүүст хийсэн шинжилгээний дүн сөрөг гарсан” гэж мэдээлсэн байна.
Тус эмнэлгийн өөр нэг мэргэжилтэн доктор Цай Випингийн хэлснээр халдвараас эдгэсэн хүмүүсийн шулуун гэдэснээс арчдас авч шинжлэх үед 14 хувьд нь “Covid-19”-ын халдвар дахин илэрсэн байна. Шулуун гэдэсний арчдас авч шинжлэх арга барил нь  “Covid-19” вирусийг оношлох тийм ч түгээмэл техник биш юм. Хятадын Эрүүл мэндийн байгууллагууд шинэ төрлийн коронавирусийн халдварыг оношлохдоо амьсгалын замын халдвар гэдэг утгаар нь зөвхөн хоолой болон хамрын салстын арчдасаас авсан дээжээр шинжлэх арга барилыг ашиглаж буй. Гэсэн ч зарим судлаачид өвчтөний ялгадсаар халдвар тархах эрсдэлтэй гэсэн байр суурьтай байгаа юм.
Доктор Цай Випинг энэ талаар “Шинэ төрлийн коронавирусийн халдвараас эдгэсэн хүмүүсээс вирус дахин илэрч, идэвхтэй хэвээр байгаа нь шинжилгээний дээж дээр гарсан зөрүү байх боломжтой. Өөрөөр хэлбэл халдвар эдгэсэн эсэхийг оношлох арга барил хангалттай үр дүнтэй биш байх магадлалтай. Тиймээс улс даяар халдвараас эдгэсэн өвчтөнүүдийг эмнэлгээс гаргахаасаа өмнө сайтар нягтлах шаардлагатай бөгөөд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд үүнд шуурхай хяналт тавих хэрэгтэй” гэж анхааруулжээ.
Түүний мягмар гаригт хийсэн энэхүү мэдэгдлийн дараагаар тус улсын бусад мужуудад коронавирусийн халдвараас эдгэсэн хүмүүст хийсэн шинжилгээгээр дахин эерэг хариу гарсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна.
Тиймээс БНХАУ дахь халдварын төв цэг болоод буй Ухань хотод коронавирусийн халдвараас эдгэсэн хүмүүсийг 14 хоногийн турш дахин тусгаарлаж, бүрэн эдгэсэн эсэхийг нь нарийвчлан тогтоож байж эмнэлгээс гаргах шийдвэрийг  тус улсын Эрүүл мэндийн байгууллага гаргасан талаар “South China Morning Post” мэдээлжээ.
Дашрамд дурдахад, Хятадын Эрүүл мэндийн байгууллагын зүгээс баталсан “Covid-19”-ын халдварын эмчилгээний үндэсний удирдамжид заасны дагуу шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөнүүд хоёр дараалсан хоолой болон хамрын салстын арчдасаас дээж авах шинжилгээгээр вирусийн сөрөг хариу гарч, цээжний хөндийн компьютер томограф шинжилгээгээр уушгины үрэвсэл илрээгүй, халуурах зэрэг шинж тэмдэг арилсан бол эдгэсэнд тооцож эмнэлгээс гаргах журам үйлчилж байна.
Эх сурвалж: Caixin Global, SCMP, Straits Times
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн