Бид энэ удаа хуульч, эрх зүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэгтэй ярилцлаа. Тэрээр сүүлийн үед ”Vote Mongolia2020” нэвтрүүлэг олон нийтэд хүргэж байгаа билээ.-Таны хувьд “Vote Mongolia2020” нэвтрүүлгээрээ хүчирхийллийн сэдвээр ярилцсан нь олон хүнд хүрсэн. Хүчирхийллийн хохирогч болж байсан олон охид бүсгүйчүүд танд хандсан байсан?-Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон арга хэмжээ байдаг ч тэр бүр үр дүнд хүрч байсан удаагүй. Харин энэ удаад нийгмийн 12 бухимдал дагуулсан сэдвийн хүрээнд хийж буй “Vote Mongolia2020” нэвтрүүлгийн тусгай дугаараас хүчирхийллийн болон эмнэлгийн, боловсролын салбарыг хөндөж байгаа юм. Нэвтрүүлгийн тав дахь дугаар болох нийгмийн хамгийн хүнд сэдэв болох хүчирхийллийг хөндсөн нь маш олон үзэгчийн сэтгэлд хүрсэн. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдэг санааг дэмжсэн олон үзэгч надад өдөр бүр захиа ирүүлж байна. Энэ асуудлыг иргэд бус төрд дөрвөн жил суусан гишүүд тэр дундаа 13 эмэгтэй гишүүн хийж болох байсан асуудал. Гэвч хүүхдийн төлөө дуу хоолойгоо өргөх нь битгий хэл хуулийг хөнгөлж өгөхөд гараа өргөн дэмжсэнд нь гайхаад байгаа юм. Нийгмийн дуу хоолой болдог олон хүн энэ тэнд дуугарч бие биенээ улс төрийн жижигхэн асуудлаас болж нийгмийн асуудлыг өөрийн ярих сэдэв мэт хөндөж байгаа нь огт таалагдахгүй байна. Энэ бол байж болох асуудал огт биш. Нийгмийн тэр дундаа хүчирхийллийн асуудлаар шоу хийж төрд орох хүсэлтэй олон хүн байдаг юм байна гэж харлаа. Миний хувьд нийгмийн дуу хоолой болж ирсэн учраас ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол хөөж энэ сэдвийг дэвэргэж хөөрөгдөхийг зөвшөөрөх ёсгүй гэж бодож байна. Энэ байдлаараа нэр дэвшихийг горилж буй хэсэг бүлэг хүмүүс хүчирхийллийн асуудлыг цаашид эрчимжүүлэх бус шоу болгох вий гэхээс айж байна.