Эрх зүй | 5 мин уншина

​Үүл баатарт холбогдох бас нэгэн дуулиан

​Үүл баатарт холбогдох бас нэгэн дуулиан
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 18

Нийслэлийн сонгуульд, “Э.Бат-Үүлийн баг улсаа өрөнд барьцаалж Улаанбаатарт зам барьсан, дахин төлөвлөлт хэрэгжүүлнэ гээд маш олон иргэнийг гудамжинд гаргасан. Хүүдээ хүртэл тендер өгч, хүү нь оффшорт данстай болов” гэж МАН-ынхан ярьдаг. АН, Э.Бат-Үүлийн баг сонгуульд ялагдсанаар МАН засаг, нийслэлийн эрх мэдлийг аваад байгаа. Дүүрэг, сумын хурлын төлөөлөгчдийг сонгох, төр, засгийн бодлогыг анхан шатанд хэрэгжүүлэх хариуцлагатай сонгууль удахгүй болно. Үүний урьтал уу, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж, бас нэг дуулиан босгож ирэв. Э.Бат-Үүл баатарын өнгөрсөн дөрвөн жил ярьж ирсэн дахин төлөвлөлтийн улмаас 104 тэрбум төгрөг үр ашиггүй салхинд хийсч, 400 өрх хохирсон гэх дүгнэлтийг өнгөрсөн даваа гаригт шинээр томилогдсон Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хурал дээр хэлсэн. Сум, дүүргийн сонгуулиас өмнө МАН-аас сонгогдсон нийслэлийн өнөөгийн удирдлагуудын үргэлжлүүлэн сөхөх, магадгүй Үүл баатарыг шалгагдахад хүргэх факт энэ байж магадгүй юм. Хурлын үеэр хэн юу хэлснийг хүргэе.

М.Ганбаатар дарга танилцуулгадаа гэр хорооллыг дахин төлөвлөх ажил 2010 онд VIIхорооллоос эхэлсэн ч 2012 онд шинээр нийслэлийг удирдсан эрхмүүд явц дунд нь өөрчлөлт оруулсан. Ингээд газраа дахин төлөвлөлтөд хамруулсан иргэдийг түр амьдруулахаар төлөвлөсөн орон сууцыг “Ахмадын орон сууц” болгосон. Энэ хугацаанд 24 байршилд дахин төлөвлөлт явуулахаар 34 төсөл хэрэгжүүлэгчийг сонгосон. Харамсалтай нь тэдний 18 нь компанийн ажил зогсч, гурав нь огт барилгаа бариагүй. Дийлэнх нь суурь, арматураа босгосон байдалтай бүрэн гүйцэт ажлаа хийсэнгүй. Төлөвлөлтгүй, хариуцлагагүй энэ байдлаас үүдэж олон өрх буудалд, айлд, түрээсийн байранд амьдарч хохирч байна гэв.

Мөн “2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай. Э.Бат-Үүл даргын амалсан хаус хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байна гэсэн юм. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин бодит байдал дээр энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг. Энэ мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой. Одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байсан” гэж Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн.

Түүнийг ийн хэлсний дараагаар НИТХ-ын тэргүүлэгч Ж.Алдаржавхлан, “Би Засгийн газрын орон сууцны хөтөлбөрийг хариуцаж байсан хүн. Дэндүү харамсалтай, эмгэнэлтэй үйл явдал өнгөрсөн жилүүдэд болжээ гэж бодож байна. Бид 2010, 2011 онд Засгийн газрын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 140 тэрбум төгрөгийн бонд гаргаж санхүүжүүлж байсан. 140 тэрбум төгрөгийн санхүүжилтээр олон мянган хүн зургаан хувийн зээлд хамрагдаж, орон сууцтай болсон. Гэтэл өнөөдөр 104 тэрбум төгрөг гаргачихаад байхад үр дүн 0 байна. 104 тэрбумыг дэд бүтэц, шугам сүлжээнд зарцуулсан гэж ярьж байгаа. Дөрвөн жил өнгөрч байхад олон мянган хохирогчтой ажил болсон дэндүү харамсалтай үйл явдлын гэрч боллоо гэж би ойлгож байна. М.Ганбаатар дарга ажилдаа шуурхай орж байгаад баяр хүргэе. Энэ 104 тэрбум төгрөг хаашаа оров, тэр дэд бүтэц нь баригдсан юм уу, үгүй юм уу, үр дүн нь ямар байна вэ гэдгийг ажлын хэсэг гаргаж шалгах ёстой. Бид Монголын ард түмэнд бодит байдлыг харуулах ёстой. Бас хохирсон хүмүүсийг орон гэртэй болгож, дахин төлөвлөлтийг цааш зөв гольдрилоор үргэлжлүүлэх ёстой” гэлээ. Араас нь НИТХ-ын Тэргүүлэгчид байр сууриа илэрхийлэв.

Д.Баярсайхан, “Хөхөө өвөл, хөр цас ойртож байгаад олон өрх орон гэргүй болсон байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Энэ дахин төлөвлөлт явуулах эрх авсан “Назу проперти” гэдэг компани гэхэд өөрөө барилга барих зөвшөөрөлгүй. Ийм компанид хүртэл хариуцлагатай ажил даалгасан нь харамсалтай. Бид ийм шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох цаг болжээ. Шүүх, хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй. Мөн бүх хүчээ дайчилж байгаад хохирсон энэ олон хүний эрх ашгийг хамгаалж, хохиролгүй болгох нь зүйтэй” гэв.

Ж.Батсайхан, 104 тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Энэ мөнгөний зарцуулалтыг шалгах шаардлагатай байгаа учраас гүйцэтгэлийг нь шалгах ажлын хэсэг гаргая. Мөн хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судлах өөр нэг ажлын хэсэг гаргая. Түрүүн хэлсэн түр орон сууцыг зориулалтаар нь ашиглах боломж байна уу” гэв.

М.Ганбаатар, “Түр орон сууцыг ахмадуудууд түрээсэлж байгаа. Энэ хүмүүсийг яах вэ гэдэг нь асуудал болоод байгаа. Өвлийн хүйтэнд тэднийг гаргах боломжгүй. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байгаа хохирогчдын асуудлыг судалж, шийдвэрлэх зүйтэй. Мөн газар дээрээ ногоо тарьж, дэлгүүр ажиллаж байсан хүмүүсийн орлогын асуудлыг тооцоогүй шийдсэнээс олон хүн хохирсон байгаа.” гэлээ.

М.Эрдэнэтуяа, “Өнгөрсөн Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” гэдэг хөтөлбөрийн нэрийн дор 131.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын бонд гаргасан. Энэ бондыг Хөгжлийн банк худалдан авсан. Бондын хүүд 75.5 тэрбум төгрөг төлж, 206.7 тэрбум төгрөг болгож төлөхөөр гэрээ хэлцлийн асуудал яригдаж байгаа. Энэ хүрээнд зургаан орон сууцны хорооллыг барьж байгуулсан. Ингээд Засгийн газрын болон Улаанбаатар хотын бонд нийлж 410 тэрбум төгрөгийг орон сууцны хөтөлбөрт зарчихаад орсон айлын тоо маш бага, хөрөнгийг үр ашиггүй зарсан байна. Дараагийн нэг асуудал нь хувийн хэвшлийн хийх ажлыг Засгийн газар нь булааж хийснээс үүдэж улсын өрийг их хэмжээгээр нэмсэн байна. Энэ явдал дээр хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Манай 41 дүгээр тойрогт гэхэд 11 тендер зарлахад нэг компани дангаараа 10 тендер авсан асуудал гарсан байна. Шалгаад үзэхэд цаасан дээр 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа мөртлөө байгаа байдал нь тэс өөр байна. 60-70 хувийн санхүүжилтээ авсан мөртлөө гараас гаргасан ажил алга. Ажлын хэсэг гаргаж шалгах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Ц.Сандуй, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх ёстой. Энэ бол хот байгуулалтын хамгийн чухал ажил. Харин буруу бодлогоор явснаас болж өнөөдрийн асуудлууд гарч ирсэн байна. Намайг төр захиргааны байгууллагад ажиллаж байхад 2008 онд энэ ажлыг эхлүүлж байсан. Эхлүүлж байсан хүн нь би байна. 1990 оноос хойш малыг малчдад, орон сууцыг иргэдэд үнэгүй өгсөн. Дараа нь гэр хорооллын иргэдэд амьдарч байгаа газрыг нь өмчлүүлсэн. Яг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр иргэд газрынхаа ашгийг хүртэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр ашиг хүртэх ёстой хүмүүс маань хохирогч болчихоод байна. Биднийг ажил эхлүүлэхэд иргэд төр, компани, газрын эзэн хоорондын гурвалсан гэрээ хүсч, төрийг хариуцлагажуулъя гэдэг байсан. Гэтэл хотын өмнөх удирдлагууд дахин төлөвлөлтийг явуулахдаа өөрсдөөсөө хариуцлагыг холдуулаад компанитай л гэрээ байгуул гэсэн. Ингээд ажил эзэнгүйдэж хариуцлагагүй компаниуд иргэдийг хохироож, өнөөдөр төрийн нуруун дээр буугаад байна. Одоо буруу шийдвэр гаргасан хүмүүс хариуцлагаа үүрэх ёстой. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр ярьсан асуудлыг ажил хэрэг болгож, дахин шалгалт явуулж дүнг нь сонсоё. Түрүүн дурдсан ажлын хэсгүүдийг гаргаж асуудлыг яаралтай шийдье.” гэлээ. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн