Open iToim app
Нийгэм | 9 мин уншина

​Э.Энхмаа: Есөн үеийн удам угсаагаа мэдэхгүйгээс болж цус ойртолт нэмэгдэж байна

​Э.Энхмаа: Есөн үеийн удам угсаагаа мэдэхгүйгээс болж цус ойртолт нэмэгдэж байна
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 28
Анагаах ухааны доктор, хүн судлаач Э.Энхмаатай цус ойртолтын талаар ярилцлаа.  
-Та олон жил цус ойртолтын талаар судалгаа хийсэн. Манай улсын хувьд цус ойртолтын төвшин, өнөөгийн байдал ямар байна вэ?
-Цус ойртолт бол хүн амын дунд олон жилийн турш чимээгүй тахал хэлбэрээр явагддаг генетик процесс. Монголчууд эрт дээр үеэс ураг төрлийн хүрээнд цус ойртохоос сэргийлж угийн бичиг хөтөлдөг, овог хэрэглэдэг, овог дотроо үлгэрлэх зарчмыг баримталдаг уламжлал, соёлтой ард түмэн. Гэтэл 1925 онд Ардын Засгийн газрын тогтоол гарч монгол хүн ургийн бичиг хөтлөх, овог хэрэглэхийг хорьчихсон юм билээ. Үүнээс хойш монголчууд угийн овог хэрэглэхээ больсон. “Овог чинь хэн бэ” гэж асуухаар эцгийнхээ нэрийг л хэлдэг. Овог хэрэглэхээ больсноос гадна гэрийнхээ угийн бичгийг хөтлөлгүй 91 жил явж ирсэн. Энэ бүхэн нь хүн амын дундахь цус ойртолтын төвшинд нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд хүн амын дундахь цус ойртолтын төвшинг судлахад тухайн хүн өөрөөсөө дээшээ 3-4 дэх үеэ мэдэхгүй, цусан төрлийн хамааралтай үр удмууд хоорондоо гэрлэж эхнэр нөхөр болоход илэрдэг цус ойртолтын хэлбэр илрээд байгаа.
-Цус ойртолтын төвшинг нь ямар байдлаар тогтоож, хэрхэн судалдаг юм бэ?
-Хүн амын дундахь цус ойртолтын төвшинг судлах нь  амар зүйл биш л дээ. Судалгааны хэд хэдэн арга бий. Нэгд, цус ойртолтыг судлахдаа угийн бичгийн аргыг хэрэглэдэг. Угийн бичиг хөтлөлтийн аргыг хэрэглэхдээ тухайн өрхийн тэргүүн хэний хэн, өвөг эцэг, эмэг эх, авга талаар, нагац талаар гээд есөн үеийг нь нэг бүрчлэн бичнэ. Гэрийн эзэн, эзэгтэйн есөн үеийг нь судалж, тухайн гэр бүлийн хоёр цусан төрлийн холбоотой байна уу гэдгийг угийн бичиглэлээр илрүүлдэг арга юм. Гэтэл энэ аргаар нийт хүн амын дундахь цус ойртолт байна уу гээд судлаад үзэхээр аав, ээжийнхээ талын өвөө, эмээг бол мэдэж байна. Харин аав, ээжийнх нь өвөөгийн аав нь хэн бэ гээд асуухаар зарим тохиолдолд зөвхөн нэрийг нь хэлж мэддэг. Нэгдүгээр үе гэдэг нь аав, ээж, хоёрдугаар үе нь өвөө, эмээ, гуравдугаар үе нь элэнц өвөг, эмэг, дөрөвдүгээр нь хуланц өвөг, эмэг гээд цаашаа явна. Гэтэл элэнц өвөг, эмгээсээ эхлээд өвөг дээдсийнхээ талаар ямар ч мэдээлэлгүй болоод эхэлсэн. Энэ нөхцөлд угийн бичиглэлийн аргаар хүн амын дунд цус ойртолт байна уу гэдгийг мэдэх боломжгүй. Тиймээс хүн амын генетикийн тооцооллын аргыг хэрэглэж цус ойртолтын төвшинг судалсан. Энэ аргаар тооцоолж гаргахын тулд эхлээд хүн амын дунд удамшлын олон системийн генүүдийн тархалтыг тооцож гаргадаг. Энэ судалгааг хийхэд хүн судлаач эрдэмтэд 30 гаруй жилийн хөдөлмөрөө зарцуулсан. Энэхүү судалгаанд үндэслэн үндэсний хэмжээнд 11 системийн 340 гаруй генээр удамшлын тархалтыг гаргаж ирсэн. Олон жилийн судалгааны үндэсний хэмжээний генийн газар зүйн мэдээлэл дээр тулгуурлаж хийсэн. Олон улсад цус ойртолтыг хэмждэг F коэффициент гэж байдаг. Энэ нь 0-1-ийн хооронд утга авдаг. Хэрвээ F коэффициент 0-тэй тэнцүү байвал тухайн хүн амын дунд цус ойртолт байхгүй байна гэж үздэг. Харин 0-ээс ялгаатай 1 рүү дөхвөл цус ойртолт байна гэсэн үг. Энэ аргаар Монгол Улсын аймаг болгонд тооцоолол хийж үзэхэд F коэффициент 0-тэй тэнцэж байгаа аймаг нэг ч байгаагүй, бүгд 0-гээс ялгаатай байсан. Өөрөөр хэлбэл, аймаг болгон цус ойртолттой байна гэсэн үг.
-Цус ойртолтын тархалт нэмэгдэж байгаа гол шалтгаан юу вэ. Угийн бичгээ хөтлөхгүй, овог аймгаа мэдэхгүй зэрэг удмын мэдээлэл тасарсантай холбоотой байх. Үүнээс гадна юу нөлөөлж байна вэ?
-Удам угсааныхаа талаар мэдээлэлгүй болохоос гадна хүн амын шилжилт хөдөлгөөн төв рүүгээ чиглэсэн нүүдэл саарахгүй байна. Бид цус ойртолтын газар зүйн тархалтын зураглалыг гаргасан юм. Макро төвшинд буюу аймаг бүрээр харахаар алаг цоог зураглал гараад ирсэн. Харин микро төвшинд буюу Монгол орны газар зүйн уртраг өргөргийн зурвасууд, нэгж градус бүрээр тооцоод нарийн шинжилгээ хийгээд үзэхээр Монгол орны өргөргийн дагуу хойноосоо урагшлах тутам цус ойртолт аажмаар ихэсдэг зүй тогтол илэрсэн. Хүн амын нягтрал сийрэгжиж, тухайн нутаг оронд үлдэж байгаа цөөн хүн ам хүссэн, хүсээгүй дотроосоо олон үе дамнан хоорондоо гэр бүл болдог. Энэ нь алсуур цус ойртолтыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, хэт их төв рүүгээ чиглэсэн нүүдэл олширч, орон нутаг эзгүйрч байгаа нь цус ойртолтод нөлөөлж байна. Гуравт нь, цус ойртолтоос хамгаалахын тулд хүн амын хөдөлгөөний тэтгэж байх хэрэгтэй байдаг. Хүн ам хоорондоо чөлөөтэй зорчдог, уулздаг боломжийг бий болгох хэрэгтэй. Манай улсад энэ нөхцөл сайн нээгдээгүй байна. Өнөөдөр Баян-Өлгийд амьдарч байгаа эмэгтэй Дорнодын залуутай уулзах бодит боломж байхгүй байна. Дээр нь, манай улс 21 аймаг 330 гаруй сум, 1500 гаруй баг болгон засаг захиргааны нэгжээ хэт жижиглэснээс хэсэг бүлэг хүн ам үүсч байна. Энэ хэрээр хүн амын хөдөлгөөн хоригдоод байгаа. Үүний цаана цус холилдох сэлбэх үзэгдэл түгжигдэж байна гэсэн үг. Энэ гурван хүчин зүйлээс хамаарч хүн амын дунд цус ойртолтын төвшин эрчимтэй нэмэгдэж байна. Цус ойртолт нь хүн амын дунд 25 жилийн үечлэлтэй явдаг үзэгдэл. Учир нь, хүний нэг үе удмын үечлэл дунджаар 25 жил байдаг. Миний үр хүүхэд төрөөд дунджаар 25 нас хүрч гэр бүл болж, үр хүүхдээ төрүүлэх нас нь 25 жил. Дараагийн үе удам гарч ирэх хугацаа юм. Манай улсын хувьд энэ хугацаагаар цус ойртолтын төвшин зузаарч байна. Өнөөгийн нөхцөлд нэмэгдэж л байгаа юу гэхээс хорогдоно гэж байхгүй. Цус ойртолт бол ханиад хүрээд 7-10 хоногийн дараа эдгэчихдэг шиг үзэгдэл биш. Дээр дурдсан гурван шалтгаан руу чиглэсэн бодлого арга хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай байна. 
-Монгол Улсын иргэн бүрийн иргэний үнэмлэх дээр угийн овгийг нь бичсэн байдаг. Энэ нь хэр бодитой, үндэслэлтэй юм бэ. Зарим гэр бүлийн хоёрын иргэний үнэмлэх дээрх угийн овог ижил байх тохиолдол байдаг шүү дээ?
-1997 онд Засгийн газрын тогтоол гаргаж угийн овгоо сэргээж эхэлсэн. Гэтэл угийн овгоо хэрэглэхэд будлиан үүссэн. Ураг төрлийн нэг язгуурт улсуудын нэгдлийг ургийн овог гэдэг. Гэтэл эхнэр, нөхөр хоёрын иргэний үнэмлэхийг харахаар хоёулаа Боржигон овогтой байгаа. Уг нь эхнэр, нөхөр бол ураг төрлийн өөр язгуурт хүмүүс. Гэтэл амьдрал дээрээ ижилхэн овогтой болчихсон. Нөгөө талд, төрсөн ах дүү нар  өөр овогтой болсон. Угийн овгийг хэрэглэхэд ийм будлиан үүссэн. Тиймээс гэрлэх гэж байгаа залуус иргэний үнэмлэх дээрх овог өөр учраас бид хоёр гэрлэхэд ураг төрлийн холбоогүй юм байна гэж шууд ойлгож болохгүй. Угийн овог будлиантай учраас гэрийн ургийн бичгээ хөтлөх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх гэсэн хоёр арга үлдэж байна. Эдгээр аргыг хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Төрийн бодлогоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байхад хангайгаасаа говь руу, говиосоо Хангай руу чиглэж нэвт отор нүүдэл хийдэг байсан. Нүүдлийн мал аж ахуйн давуу талаа ашигладаг байжээ.
-Сүүлийн үед анагаах ухаан хөгжиж байна. Цус ойртолтыг цусны шинжилгээгээр тогтоох боломжгүй юу?
-Хувь хүнийг хараад эсвэл гэр бүл болж байгаа хоёроос цусны шинжилгээ аваад цус ойртсон байна гэдгийг тогтоох боломжгүй. Илэрхий оюуны хомсдолтой, нус, шүлсээ гоожуулсан хүмүүсийг хараад цус ойртсон байж магадгүй гэж таамаглахаас өөрөөр хувь хүн дээр хэлэх аргагүй. Бидний судалсан арга бол хүн амын дотор юу болж байгаа, генийн давтамж хаашаа явж байгааг тооцооллын аргаар гаргаж байгаа юм. Ер нь үе удмаа мэдэх хэмжээнд нь бичиж, үр хүүхэддээ үлдээх хэрэгтэй. Ингэхийн бол хэдэн үе удмын дараа монголчууд есөн үеэ мэддэг болох боломжтой. Нэг нутаг усны гэр бүл болох хоёр есөн үеэ мэддэг, цусан төрлийн хамааралгүй бол хоорондоо гэрлэж болно шүү дээ.
-Цус ойртолтын сөрөг нөлөө хүний эрүүл мэндэд ямар байдлаар нөлөөлдөг вэ?
-Цус ойртоно гэдгийг энгийнээр тайлбарлабал хүн болгоны генийн санд нөхцөл нь бүрдэхээрээ өвчин болдог муу шинжийн генүүд хэдэн арваараа байдаг. Хэрвээ тухайн хүн цус ойртсон гэрлэлт болохгүй болбол насан туршдаа муу генүүд нуугдмал байдаг. Харин цус ойртсон гэрлэлтийн үед муу нуугдмал байсан генүүд нь хоорондоо ижилсэж, гадна талдаа илрэх нөхцөл бүрдчихдэг. Энэ тохиолдол төрөл бүрийн өвчин, согогтой, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг. Цус ойртолттой гэр бүлээс төрсөн хүүхдийн бие бялдрын хөгжил давжаа, аливаа өвчнийг эсэргүүцэх биеийн дархлаа сулардаг гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон. Сүүлийн үед хүн амын дунд энэ шинж тэмдгүүд тод илэрч байна. Ялангуяа төрөлхийн согогтой хүүхэд олноор төрөх болсон. Бүх аймаг, нийслэлд согог, гажигтай хүүхэд төрж байгаагийн цаана нөлөөлж байгаа нэг дэвсгэр хүчин зүйл байгаа юм. Гажиг болон согогтой төрөлт нь цус ойртолтой холбоотой байна уу гэдгийг судлаж үзсэн. Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт цус ойртолт нэмэгдэх тусам төрөлхийн согог, гажигтай төрөх хүүхдийн тоо өсч байсан. Статистик тоо баримт ч үүнийг илтгэж байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэдээлснээр 2005-2009 он хүртлэх дөрвөн жил хагасын хугацаанд бүрэн бус мэдээллээр улсын хэмжээнд 689 хүүхэд төрөлхийн гажигтай төрсөн. Харин 2014 оноос 2015 оны эхний зургаан сар буюу 1.6 жилийн хугацаанд 1280 хүүхэд гажигтай төрсөн гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, шинээр төрж байгаа хүүхдүүдийн 0.8 хувийг гажигтай, согогтой төрж байна. Сүүлийн жилүүдэд тооны хувьд эрс өсч байгаа нь харагдаж байна. Хүн амын аливаа өвчнийг тэсвэрлэх дархлаа суларснаас болж дурын өвчинд өртөмтгий болдог. Хүн амын дунд  олон улсын 10-р ангилалын бүлэг өвчин тус бүрт цус ойртолт нөлөөлж байна уу гэдэг судалгааг хийсэн. Ингэж үзэхэд цус ойртолт нөлөөлөхгүй байгаа өвчний бүлэг гэж алга. Хорт хавдар, цусны эргэлтийн тогтолцооны өвчин зэрэг томоохон бүлэг өвчлөлүүдэд бүгдэд нь хамааралтай. Хүн амын өвчлөл үүсгэж байгаа гадна, дотны олон хүчин зүйл байдаг. Үүнд дээр нэмэгдээд байх ёсгүй цус ойртолт гэдэг өвчний дарамт үүсч байна. Ингэснээр дархлаа суларч аливаа өвчинд өртөмтгий болох дүр зураг ажиглагдаж байна. Үүн дотроос монголчуудын хамгийн ихээр өвдөж байгаа элэгний хорт хавдарт хэрхэн нөлөөлж байгаа судлахад цус ойртолт, элэгний хавдар шугаман хамааралтай гарсан. Цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг яаралтай авах цаг нь болсон. Хүн ам цөөтэй, гадна, дотнын харилцаагүй тусгаарлагдмал бүлэг хүмүүс бий болж байна. Хүн амын дунд жижиг бүлэглэл, баг сум хэдий чинээ олон үүсч байна, төдий чинээгээр цус ойртолт ихсэх үндсийг бий болгодог. Сүүлийн үед ард иргэдийн дунд үндэсний талцал, нутгархах үзэл, сум, багаараа талцдаг болсон байна. Энэ нь манайх шиг жижиг улсын хувьд үндэсний эв нэгдэл сулрах сөрөг үр дагавартай.
-Европын орнуудад үеэлүүд нь хоорондоо гэрлэсэн хэр нь үр хүүхэд нь эрүүл саруул төрдөг, цус ойртолт гэдэг зүйл байдаггүй гэж зарим хүн ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Европын хаан угсааны мөхөлд цус ойртолт хэрхэн нөлөөлсөн гэдгийг эрдэмтэд Хабсбургийн хаан угсаан дээр судлаад тогтоочихсон. Хабсбургийн хаант засаглал 1500-1700 он хүртэд бараг 200 жил хаан ширээг залгамжилсан хүчирхэг хаан угсаатнууд байсан. Гэтэл хаан угсааны ураг төрлийнхөн хоорондоо гэрлэж, нийт 11 цус ойртолттой гэрлэлтийн ихэнхи нь үеэлүүдийн гэрлэлт байсан. Хабсбургийн хаан угсаа эцэстээ Чарльз-II гэдэг хаанаар төгсгөл болсон. Энэ хооронд цус ойртолтын коэффициент 10 дахин өссөн байдаг. Хаан ширээг залгамжилсан Хабсбургийн сүүлийн хаан цус ойртолтын маш гүнзгий золиос болсныг нь судалгаагаар баталчихсан. Хоёр удаагийн гэрлэлтээс үр хүүхэдгүй, 39 насандаа удамшлын хоёр төрлийн эмгэгээр зовж шаналж нас барсан. Эрдэмтэд Хабсбургийн хаан угсаа мөхөхөд цус ойртолт гарцаагүй нөлөөлсөн гэж дүгнэсэн. Юу хэлэх гээд байна гэвэл цус ойртолт нь эцсийн дүндээ улс үндэстэнг мөхөх аюулд хүргэдэг. Тиймээс анхаарахгүй, аюулгүй мэтээр орхиж яав ч болохгүй.
-Цус ойртолт гэж ярихтай зэрэгцэн монголчууд гадаадын иргэнтэй гэр бүл болох үзэгдэл нэмэгдэж байна. Эрлийзжих нь хэр аюултай юм бэ?
-Цус ойртолт өндөр байна гэдгийг гадаадын иргэнтэй гэр бүл болоод бай гэсэн үг огт биш. Ер нь эрлийзжих нь цус ойртолтоосоо дутахгүй аюулыг авчирдаг. Учир нь, эрлийз гэр бүлээс төрж байгаа хүүхдийн тавин хувь Монгол тавин хувь нь гаднын цустай байна. Ийм төрлийн төрөлтөөс үүссэн хүүхэд өөрийн гэсэн унаган орчингүй төрдөг. Монгол орны байгаль орчин, цаг уурт Монгол удмын сангаараа дассан зохицож амьдардаг. Гэтэл энэ дассан зохицсон зүйлийг эвдэж бүрэн зохицож амьдарч чадахгүй байдалд хүргэдэг. Хоёрт, хүн амын дунд эрлийзжих үзэгдэл нэмэгдэхээр тухайн улс үндэстний удмын санд урд өмнө нь байгаагүй удамшлын өвчний генүүд гарч ирдэг. Жишээ нь, Африкт тохиолддог халуун хумхай өвчний ген нэвтрээд ороод ирвэл хамгаалж чадахгүй нөхцөлд л амьдарч байна шүү дээ. Ийм аюул байдаг. Гуравт, эрлийзжих үзэгдлийг дагаж үндэстэн орших уу эс орших уу гэдэг асуудал яригдана. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн