Фото | 5 мин уншина

Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зориход бэлэн боллоо

Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зориход бэлэн боллоо
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 27
Монголын дайчид даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй хамтран энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, ХСИС-ийн удирдлага, дайчдын маань ар гэрийн төлөөлөл оролцсон юм. НҮБ-ын "UNMISS" ажиллагаанд оролцож буй НҮБ-ын цэргийн багийн бие бүрэлдэхүүн тус улсын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, ард түмний амгалан тайван байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулдаг үндсэн чиг үүрэгтэй. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Яг одоо гэхэд Монголын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэгвэл тэдний халааг авч үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид ажиллагааны орон газрыг зорихоор өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв. Манай энхийг сахиулагчид үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүмүүнлэгийн үйлст оролцож, бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцдогийг нутгийн ард түмэн бахархан ярьдаг юм. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярихад мөн л манай энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэл сайн байгааг дурьдаад, энхийг сахулагчдыг цагт нь ээлж солиулах талаар ярьсан ёсоор болж VI Мотобуудлагын батальон бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход ийн бэлэн болжээ. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна. Газар зүй, байгаль цаг уурын ямарч нөхцөлд дасан зохицох чадвартай манай цэргийн алба хаагчид нэгдмэл санаа зорилготой, чанд сахилга баттай, тууштай үйл ажиллагаагаараа тавигдсан үүргийг амжилттай биелүүлж байгааг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон одоо үүрэг гүйцэтгэж буй цэрэг дайчдын мэргэжлийн ур чадвараас тодорхой харж болно" хэмээн онцлов. Харин УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Манай дайчид эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг сайхан уламжлалын дагуу жигдрэн жагсаад байна. Цагийн байдлын нөхцөл хүндэвтэр байгаа ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай, нэгдмэл санаа зорилготой үйл ажиллагаагаараа манай энхийг сахиулагчид хэдийнээ тус оронд Монголын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, баттай байр сууриа эзлэн энэхүү ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь бусад орнуудын цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байна" хэмээн бахархаж буйгаа илэрхийлсэн юм.
Удахгүй ажиллагааны орон газрыг зорих Мотобуудлагын батальоны захирагчаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ ажиллана. Тэрээр НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд олон удаа оролцсон туршлагатай, Зэвсэгт хүчинд 22 дахь жилдээ ажиллаж байгаа манай шилдэг офицеруудын нэг юм. Хурандаа Б.Бат-Эрдэнийн ахлах энэ удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадна онцгой байдал, хил хамгаалах, цагдаа, тагнуул зэрэг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 100 гаруй алба хаагч багтсанаас 40 гаруй эмэгтэй цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Мотобуудлагын батальон нь хариуцлагын үндсэн бүс Юнити мужийн Бентью хот дахь НҮБ-ын бааз, Дотоодын дүрвэгсдийн хуаран, Юнити мужийн Париан, Лийр хотуудад энгийн иргэдийг хамгаалах, хол ойрын эргүүл, цувааны хамгаалалт,баазын хамгаалалт, Бентью хот дахь Рубкона нисэх онгоцны буудлын хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байна.
Удахгүй эх орноосоо мордох, шинэ цагийн бахархал болон гялалзаж яваа энхийг сахиулагчид болон тэдний ар гэрийнхнээс сэтгэгдлийг нь сонирхлоо.
Дэслэгч С.Мандуул: -Дайчин эрсийнхээ хамт эх орон, зэвсэгт хүчнийхээ өгсөн үүргийн дагуу энхийг дэмжих ажиллагаанд оролцох гэж байгаадаа сэтгэгдэл их өндөр байна. Зэвсэгт хүчинд зургаа дахь жилдээ ажиллаж байна. Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ротын захирагчаар ажилладаг. Мандуул миний бие эх орныхоо төлөө хичээхээ амалж байна.
Дэслэгч Ц.Отгонсүрэн: -Энхийг дэмжих ажиллагаанд анх удаа оролцох гэж байна. Цэргийн хүн болсны хувьд ажиллагаанд оролцох ёстой гэж боддог. Тэгээд сонгогдоод явж байгаадаа сэтгэл өндөр байна. Миний хувьд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажилладаг, дэслэгч цолтой. Гэхдээ ажиллагааны орон газарт очоод хангалт үйлчилгээний тасагт сав угаагчаар ажиллана. Би бол ажлыг голохгүй, оногдсон ажлаа сайн гүйцэтгэхийн төлөө л хичээнэ. Монгол цэргийн түүхэн дайчин уламжлалын дагуу би өөрийгөө хурцалж, хөгжүүлэх болно оо. Ээж, ах нартаа хайртай, сайн сууж байгаарай гэж захия. Ээжийн эрх энхрий охин биш эх орны охин болоод явж байдагтаа талархаж явдаг шүү.
Г.Пүрэвдорж: -Намайг Г.Пүрэвдорж гэдэг. Миний хүү П.Ган-Эрдэнэ ажиллагаанд явах гэж байгаа болохоор хүүгээ харах гээд хүрээд ирлээ. Би өөрөө насаараа цэргийн газар ажилласан хүн. Одоо гавьяаны амралтыг эдлээд Увс аймгийн Баруунтуруун сумандаа амьдарч байна. Миний хүү цэргийн гэр бүлд өсч, цэргийн орчинтой дэндүү ойрхон болохоор эх оронч хүмүүжилтэй гэж ойлгодог шүү. Хүүгээ цэргийн алба хаагч болоод үеийн найз нөхдийнхөө хамт эх орныхоо омогшил бахархал болон гялалзаж явааг харах сайхан байна. Хүүгээрээ маш их бахархаж байна. Миний хүү Зэвсэгт хүчний 350 дугаар ангид ажилладаг, дэд ахлагч цолтой" гэсэн юм.
Сонирхуулахад, Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос цэргийн ажиглагч, 2006 оноос цэргийн баг үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 13 мянга орчим алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1186 цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс цэрэг оролцуулж буй оролцоогоороо 30 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн