Нам, хөдөлгөөн | 3 мин уншина

Н.Энхбаярын хоёр дахь хувилбар

Н.Энхбаярын хоёр дахь хувилбар
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 16
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгох долоо дахь удаагийн сонгууль 40 гаруй хоногийн дараа болох гэж байна. УИХ-д суудалтай МАН УИХ-ын дарга М.Энхболдыг, АН Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо хянаж үзээд, хуулийн шаардлага хангасан хэмээн бүртгэсэн. Харин МАХН-аас нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хуульд заасан зарим шаардлагыг хангахгүй байна хэмээн бүртгээгүй. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн тоглоомоос хасагдаж, МАХН хоёр дахь хувилбартаа орлоо. МАХН өнөөдөр 22.00 цагаас өмнө СЕХ-нд хоёр дахь хувилбараа нэр дэвшүүлэх ёстой.

МАХН-ын төв байранд тус намын Гүйцэтгэх товчоо яг одоо хуралдаж байна. Үүний дараа Бага чуулган хуралдах юм байна. Гүйцэтгэх товчооны хурал дээр УИХ-ын гишүүн асан "Босоо" хэмээх С.Ганбаатар, Н.Энхбаярыг хэдэн жилийн өмнө өмгөөлж байсан академич, гавьяат хуульч С.Нарангэрэл болон Шадар сайд асан Ц.Оюунбаатар, “Насны зам” компанийн ерөнхий захирал Ж.Энхжаргал, МАХН-ын нарийн бичгийн дарга, гавьяат хуульч Ц.Шаравдорж нарын нэрийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр оруулж иржээ. МАХН-ын Гүйцэтгэх товчоо С.Нарангэрэлийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээс татгалзаад Бага чуулганд дөрвөн хүний нэр оруулсан байна. С.Нарангэрэл академич төрийн ажлын туршлага, боловсрол зэргээрээ бусад горилогчийг хол хаях боловч намдаа өгөх хандив сэлтээс болоод тээг тохиож магадгүй байсан нь дээрх шийдвэрээр батлагдлаа.
Ц.Оюунбаатарын тухайд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай нэгэн цагт бизнесийн шугамаар хамтарч байсан нэгэн. Хэрэв МАХН Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлбэл АН буюу Х.Баттулгатай тохироо хийсэн байж болзошгүй гэж хардаж болохоор байна.
Харин С.Ганбаатар МАХН байтугай МАН-ын бүрэлдэхүүнд ч багтаж яваагүй улстөрч. Ганцхан жилийн өмнө Хөдөлмөрийн үндэсний намын дарга сэтэр зүүж яваад МАХН-д саяхан л дагаар орсон. Ийм хүн намд олон жил зүтгэсэн бусдын өмнүүр дайрч орж болохгүй гэж ахмад гишүүд ярилцаж байна. Гэхдээ С.Ганбаатар улс төрийн рейтинг тогтоох судалгаанд тогтмол дээгүүр чансаатай бичигддэг, үйлдвэрчний эвлэлийг төлөөлж Сүхбаатарын талбайд чамгүй олон жил жагсч, Бороо гоулд, Оюутолгойн гэрээг шүүмжилж олон нийтэд маш сайн танигдсан. МАХН санал хуваах, эсвэл ялах зорилго агуулж байгаа нь үнэн бол С.Ганбаатар хамгийн сайн сонголт .
Ц.Шаравдоржийн тухайд өөрөө Ерөнхийлөгчид өрсөлдөх төдий л сонирхолгүй яваа. Саяхан л “МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг л нэр дэвшүүлнэ. Өөр сонголт байхгүй гэж хатуу шийдсэн. Би өрсөлдөхгүй” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаа хэтэрсэн өр, төлбөргүй байх хуулийн шалгууртай. Ц.Шаравдорж гавьяатын хувьд энэ шалгуурыг давах болов уу.

Олны таамаглаагүй, массын мэдэхгүй горилогч Гүйцэтгэх товчооны хуралд танилцуулагдсан нь Жумдаагийн Энхжаргал болж байна. “Насны зам” гэх автозамын бүтээн байгуулалтын компанийн захирал тэрээр олон тендерт оролцож, олон зам тавьж байсан. Замын чанар, стандарт харин хэр болсныг мэдэхгүй байна. Ямартай ч Дорнод аймагт МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсан. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн бөгөөд Дорнод аймгийн МАХН-ын хорооны даргын сонгуульт ажилтай юм байна. Насны зам-ын Ж.Энхжаргалыг МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн шалтгаан анхаарал татаж байна .
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн