БНМАУ-ын төрийн тэргүүн, Eрөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ сард тохиож буй.
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн баасан гаригт БНМАУ-ын Маршал Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг УИХ-ын даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлээд МАН-ыг УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрээр “Өнгөрсөнд болсон аливаа үйл явдал үнэн бодитоор түүхэнд үлдэх ёстой. Миний эцгийн мэндэлсний 100 жилийн ойг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад баяртай байна.
Энэ түүхэн ойг тэмдэглэж буй үйл явдал нь Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой. Өөрийн нутагтаа эцгийнхээ мэндэлсний ойг тэмдэглэхээр ирсэндээ баяртай байна. Шинэ парламент, Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёлыг улам сайн хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Миний эцэг улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Үүний үр дүнд эцгийн маань төрийг удирдаж байсан 44 жилийн хугацаанд Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан гэж боддог” гэсэн юм.
Тэрээр өмнө нь нэгэн хэвлэлд өгч байсан ярилцлагадаа "Аавын 100 насны ойг тэмдэглэх явдал нь хэн нэгэн хүний төрсөн өдрийг зүгээр нэг тэмдэглэхтэй адил зүйл биш. Монголын ард иргэд ХХ зууны гарамгай удирдагчдын нэг болох аавын маань ойг тэмдэглэх гэж байгаа нь түүний Монголын ард түмний төлөө ихээхэн зүйл хийснийг хүлээн зөвшөөрч байгаа явдал гэж ойлгож байна. Би өөрийн зүгээс чадах чинээгээрээ туслах болно" хэмээн дурдаж байжээ.