Улс төр | 3 мин уншина

О.Цолмон гэж хэн бэ

О.Цолмон гэж хэн бэ
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 9
МАХН-ын дарга, Н.Энхбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлж, СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн боловч түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн үндэслэлээр СЕХ бүртгэхээс татгалзсан. Тиймээс Н.Энхбаяр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон юм. Уг нь тэрээр Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвшихээр төлөвлөж байсан. Н.Энхбаяр өөрөө нэр дэвших боломжгүй болсон учраас эхнэр О.Цолмон нь 75 дугаар тойрогт нэр дэвшихээр болж энэ сарын 7-нд СЕХ-ноос үнэмлэхээ гардан авсан.
75 дугаар тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, МАН-аас Бишрэлт группын захирал Б.Ундармаа, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас З.Болдбаатар, МУНН-оос Х.Маам, МСДН-аас И.Түвдэндорж, БНН-аас Б.Ангарагбаатар нар нэр дэвшиж байгаа.
Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярын гэргий О.Цолмон гэж хэн бэ. Тэрээр Эдийн засагч, философич мэргэжилтэй бөгөөд ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгсч ирээд Н.Энхбаяртай гэрлэж дөрвөн хүүхдийн эцэг, эх болжээ. Түүний нөхөр Н.Энхбаяр 1985 онд МАХН-ын гишүүнээр элсэж, 1992 онд УИХ-д сонгогдож, Засгийн газрын гишүүн Соёлын сайдаар ажиллаж байв. Энэ үеэс эхлэн Н.Энхбаярын улс төрийн карьер өндрөө авсан бөгөөд түүний ард эхнэр О.Цолмон нь байж, төрийн хэрэгт байнга оролцдог байсан гэх яриа ч бий. Н.Энхбаярыг ид мандаж байх үед хүн бүхэн эхнэр О.Цолмонтой нь танилцаж дотносохыг хүсдэг байснаас тэр ямархуу нөлөө бүхий нэгэн байсан нь харагдана. Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсон даруйдаа эхнэрээ Тагнуулын ерөнхий газрын зөвлөхөөр томилсон бөгөөд долоохон хоног ажилласан гэдэг. Одоо О.Цолмон “Ерөөл сан”-гийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд тус сан хараа хяналтгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалдаг аж. Тэрээр МАХН-д ямар нэгэн албан тушаал хашдаггүй ч намын гишүүд нь О.Цолмон дарга хэмээн дууддаг юм билээ.
Түүний өвөөг хэлмэгдүүлж Төв хорооны нарийн бичгийн даргын албанаас буулгаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын дарга болгож байжээ. Энэ үед О.Цолмон дунд сургуулийн дөрөвдүгээр анги хүртлээ Тосонцэнгэлд суралцсан юм байна. Олон жилийн дараа Тосонцэнгэлийн наана Солонготын даваанд өвөө Л.Цэнддээ зориулан гэрэлт хөшөө босгожээ. Гэхдээ Цэндийн ач охин Цолмонг Зөвлөлтөд хамгийн нэр хүндтэй сургуульд явахад хэн ч саад хийсэнгүй. Сургуулиа төгсч ирээд банк санхүүгийн төв байгууллага, нэр хүндтэй дээд сургуульд багшлаж байсан юм. Өвөг эцэг нь 1930-аад онд хэлмэгдэж, өвөө нь албан тушаал буурч хэлмэгдсэн гэх. Харин нөхөр Н.Энхбаярыг мөн л хэлмэгдүүлсэн хэмээн тэр ярьж байв. Тэрээр хэвлэл мэдээлэлд тийм ч их ярилцлага өгч байгаагүй. Харин өнгөрсөн хоёрдугаар сард "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн нууц бичлэг алдагдаж шуугиан тариад авсан. Тэрээр "Хүмүүс намайг улс төрд ордог, Н.Энхбаярын бүх ажилд оролцдог, хор найруулдаг гэдэг. Үнэндээ би ямар ч асуудалд оролцдоггүй. Улс төрөөс хол байдаг. Тэд яагаад надаас айгаад байдгийг хэлж мэдэхгүй юм. Хэрвээ би улс төрд орвол орсон шиг орно" хэмээн ярьсан байсан юм. Ингээд тэрээр энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Түүнийг улс төрд оруулах, эсэх эрх нь сонгогч таны сонголт.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн