Чөлөөт цаг | 6 мин уншина

​Б.Төгөлдөр: “Унгас бол хайрын илэрхийлэл” комеди олон хүнд хүрсэн

​Б.Төгөлдөр: “Унгас бол хайрын илэрхийлэл” комеди олон хүнд хүрсэн
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 19

Сүүлийн үед залуусын сонирхлыг ихээхэн татаад байгаа “UB COMEDY” клубын гишүүн Б.Төгөлдөртэй ярилцлаа.

-Сүүлийн үед “UB COMEDY” клубын бэлтгэсэн шоу олны анхаарлыг ихээхэн татах болсон. Энэ хэрээр танай хамтлагийн гишүүдийг залуус андахгүй болсон. Таны хувьд энэ чиглэлээр сурсан уу, ер нь ямар мэргэжилтэй вэ?

-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Баатарын Төгөлдөр гэдэг. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Миний бие Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд, одоо “Чингис хаан” банкинд дилер хийж байна. Харин “UB COMEDY” клубын тоглолтын бэлтгэлээ ажлын чөлөөт цагаар хийдэг.

-Нэг шоун дээр Та үзэгчдийг “хар Төөгөө” хэмээн орилоорой гэж уриалж байсан. Хар Төгөө гэдэг нь таны хоч юм уу, эсвэл тайзны нэр үү?

-Би багадаа өвөө, эмээ дээрээ өсөхдөө зуслан дээр их өнждөг байсан болохоор бор хүүхэд байсан. Тиймээс найзууд маань 5-р ангиас хойш “хар Төөгөө” гэж дууддаг болсон юм. Сүүлийн үед тэгж дуудахаа больчихоор нь тэр нэрээ санаад гэх юм уу, үзэгчдээр зориуд дуудуулсан юм. Бүр бага байхад байрны хүүхдүүд Төмпөн Төөгөө гэж дууддаг байсан л даа. Миний үздэг Габриел Иглесиес гээд Мексик гаралтай Америкийн Стэнд апп комеди байдаг. Тэр тайзан дээр гарч ирэхээрээ өөрийгөө “хөвсгөр” гэж дуудуулдаг. Тэрнээс бага зэрэг санаа авсан гэж хэлэхэд болно.

-Та анх “UB COMEDY” клубд яаж явж байгаад орсон юм бэ. Өмнө энэ чиглэлийг сонирхдог, судалдаг байсан уу?

-2014 оны зун Б.Батбилэгийг комеди хийж байхад нь очиж үзсэн юм. Тухайн үед комеди хийх сэтгэгдэл төрж байсан ч зориг хүрэхгүй жил орчим явсан л даа. Нэг өдөр Б.Гантулга намайг зоригжуулаад хүүхдийн урлан бүтээх төвийн урд “Full cup” паб биднийг дэмжиж, тоглолт зохион байгуулдаг байсан. Тэдний тайзан дээр анх гарч байсан. Тухайн үед тайзан дээр гарахаасаа өмнө ярих зүйлээ бэлдчихсэн байсан. Тэгээд тайзан дээр гараад бэлдсэн зүйлийнхээ талыг нь ярьж байтал хүмүүс инээж эхэлсэн. Үзэгчдийн инээдээс урам зориг авч, “комеди хийж чадах юм байна” гэж өөртөө итгэсэн.

Би багаасаа урлагт дуртай байсан. Манай өвөө олон жил циркид багшилж, циркийн захирлаар ажиллаж байсан хүн. Мөн эмээ маань Улсын филармонид ажиллаж байсан болохоор урлагийнхантай ойр өссөн. Англид магистр хамгаалахаар сурч байхдаа комеди үзээд өөрөө хийж үзэх юмсан гэсэн бодол төрж байсан. Түүний дараа Б.Батбилэгийнхээ комеди хийж байгааг үзэж танилцаад, тэгээд л комеди хийж эхэлсэн.

-Та болон танай хамтлаг тайзан дээр гарахаасаа өмнө хэрхэн бэлддэг вэ?

-Комеди хийж болох сэдэв бүрийг байнга тэмдэглээд явж байдаг. Ер нь хүнд хүргэх байдал нь нэг хүн микропон бариад ганцаараа ярьж байгаа болохоос сэдэв болгон нь тохиолдсон зүйл биш, хөгжилтэй явдал, онигоо, зохиол ч байж болно. Гол нь үзэгчид юуг сонирхож, юунд инээж байна гэдгээс хамааран бэлдсэн материалаасаа тухайн үед сэдвээ сонгодог.

-Таны хувьд “Ардын буйдан” нэвтрүүлгийн оролцогч. Ер нь Ардын буйдан нэвтрүүлгийн оролцогч гэдгээр нь хүмүүс илүү таньж байна уу, эсвэл “UB COMEDY”-оороо илүү танигдсан байна уу?

-“UB COMEDY”-гийн бичлэгийг youtube-д үнэгүй үзэхээр тавьсан. Тиймээс хүмүүс их үздэг болсноос ч тэр үү, заримдаа “UB COMEDY”-гийн залуу явж байна гэдэг. Комеди хийдэг болсноос хойш “A sound” хамтлагийн 2016 оны хоёрдугаар сард болсон тоглолтыг би хөтөлж байхдаа “унгас бол хайрын илэрхийлэл” гэдэг сэдэвтэй комеди ярьсан. Тухайн тоглолтын бичлэгийг univision, skymedia, facebook-ээр цацахад олон хүнд хүрсэн. Тэр тоглолтын дараагаар хүмүүс намайг “энэ нөгөө унгас ярьдаг залуу байна” гэдэг болсон байна лээ. /инээв/

-“Ардын буйдан” нэвтрүүлэгт оролцоход сонгон шалгаруулалт явуулж байсан уу. Танай хамтлаг яаж сонгогдсон юм бэ?

-Хамтлагаараа Монгол HD телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрт уригдаж оролцсон. Түүний дараа биднийг “Ардын буйдан” нэвтрүүлэгт оролцох уу гэсэн хүсэлт тавьснаар бид оролцсон.

-Комеди, хошин урлаг хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Хошин урлагт мэргэжлийн төвшний хүмүүс хамтарч ажиллан бүтээл туурвидаг. Бидний хувьд дуртай зүйлээ сонирхлоороо хийж байгаа залуус. Комедиг хошин урлагийн ганцаарчилсан шинэ төрөл гэж ойлгож болно. Харин хошин урлаг, комеди хүмүүсийг инээлгэх нэг зорилготой.

-Тайзан дээр гараад аав, ээж, эхнэрээ тухайн тоглолтын сэдэвтэй оруулж ярьдаг. Тэдгээр яриа бодит уу, эсвэл хийсвэр зүйл үү?

-Тухайн сэдэвтээ тохируулан зохиож бичсэн зүйл ч байгаа, аль болохоор олон талаас нь харж зарим үед нийгэмд хэрэгтэй мессежийг өгье гэж боддог. Миний нэг тоглолт дээр “Ажлын хажууд гэр байдаг. Эхнэр үргэлж хардаг” гэж ярьсан хэсэгт ажлын хажууд гэр байдаг нь үнэн, гэхдээ эхнэр харж байдаг нь зохиомол байсан. Тухайн нөхцөл байдал, сэдвээс хамаарч үзэгчдийг инээлгэхийн тулд янз бүр л байдаг.

-Анхны тоглолт хаана, хэдэн үзэгчтэй болсон бэ. Анхны тоглолтын дараа юу бодогдож байсан бэ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Анхны тоглолт 2014 оны нэгдүгээр сард хуучин V дэлгүүрийн хажуу талд хуучин “HiFi records” гэж байсны доор подвальд эхэлсэн. Тухайн үед такс тасалдаг залуус өөрсдөө үзээд суудаг байсан. Одоо бол сэтгэл хангалуун байгаа. Саяхан “Corporate convention center”-т болсон тоглолтоороо 1100 хүнийг цуглуулж чадсан. Бид хийж буй зүйлээ аль болох олон хүнд хүргэх зорилготой ажилладаг. Бид нар шиг залуус олон болж, хоорондоо өрсөлдөж, хошин урлагийн продакшнууд шиг олон клубууд болж, жижигхэн комеди наадам хийдэг болох хэмжээнд хүрээсэй хэмээн хүсч, зорьж явна.

-“UB COMEDY”-г зорьж үздэг залуус олон болсон байна. Ер нь үзэгчдийн сэтгэгдэл ямар байна вэ. Юу захиж, юу хүсч байна вэ?

-Барагцаалбал, 20-35 насны залуус их үзэж байгаа санагддаг. Ер нь цоо шинэ зүйл учраас хүлээж авах хүн байхад, дургүйцэх нь ч байдаг. Нэг үеэ бодоход, залуус интернетээр дуртай бичлэгээ үзэх боломжтойгоос гадна гадаад, дотоод их явдаг болсон байна. Бидний үзүүлэх гээд байгаа зүйл интернетэд янз бүрээр байдаг. Үүнийг үзээд мэддэг болсон хүмүүс нь зорьж ирдэг. Гэхдээ ихэнх нь эерэг, дэмжсэн санал байдаг. Зарим хүмүүс бүсэлхийнээс доош зүйл ярихаар дургүйцэх нь ч байдаг.

-Хүмүүсийг ялангуяа залуусыг инээлгэдэг зүйл нь комеди юу, марзганал уу, хошин урлаг уу?

-Хэлж мэдэхгүй юм байна. Ямартай ч шинэ зүйл хэрэгтэй гэсэн үүднээс комедийг эхлүүлээд явж байгаа. Гэхдээ сүүлийн үед хүмүүс хошин шог үзэх нь багассан юм шиг санагддаг.

-Танай клубынхан бүгд тогтсон ажилтай, зарим нь сурч байгаа юм байна. Комедигоос олсон орлогоо юунд зарцуулдаг вэ?

-Одоохондоо орлого олж шалихгүй л байна даа. Анх олон газруудад санал тавьж, заримдаа гуйж хүн багатай өдөр тоглодог байсан. Саяхнаас “Сант асар” төвийн удирдлагатай тохиролцоод өөрсдийн “UB COMEDY” клубтай болж, тэндээ тогтмол тоглож байгаа. Орлогийн хувьд нээх нуух зүйл байхгүй. Тасалж байгаа таксаа орлого болгож, түүгээрээ заалаа засч, техникээ худалдаж авдаг. Одоогоор орлогоосоо зарлага нь их. Ер нь сонирхлоороо дуртай зүйлээ хийж байгаа шүү дээ. Комеди хийж амьдралаа залгуулж байгаа хэрэг биш, бид бүгдээрээ ардаа ажил төрөлтэй хүмүүс.

-Танай гэр бүлийнхэн шоуг нь үздэг үү. Ямар санал хэлдэг вэ?

-Манай аав, миний бичлэгийг өөрийн нүүр номондоо шэйрлэдэг ш дээ. Ер нь байнга л дэмждэг. Гэхдээ зарим хүмүүс бүдүүлэг байна гэдэг. Комеди орой 21 цагаас хойш насанд хүрэгчдэд зориулан явж байгаагаас учраас +18-тай холбоотой үг хэллэг байхгүй, дүрэмд захирагдах юм бол илтгэл тавьж байгаа юм шиг болж утгаа алдана. Энгийн, байдаг л зүйл ярьж байгаа учраас оруулах хэрэгтэй гэж бодож байгаа.

-Цаашдаа комедигоо гадаад хэл дээр хийх үү?

-Манай улсад гаднын мэргэжилтнүүд их байдаг. Тэдэнд болон гадаадад сургууль төгссөн залуусдаа зориулан сард нэг удаа “English night”-ыг зохион байгуулдаг. Стэнд апп комедигийн онцлог нь англи хэл дээр илүү тохирдог гэх юм уу, англиар комеди хийхэд илүү сонирхолтой болдог. Харин англиар ярьсан зүйлээ Монгол руу орчуулахаар инээдтэй биш болох тохиолдол байдаг. 

-Танай хамтлагийн комедийг үздэг үзэгчиддээ болон уншигчддаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Биднийг дэмжээрэй гэж хэлье. Шинэ зүйл эхлүүлж байгаа учраас дутагдалтай зүйл ч байгаа байх тэр болгонд ойлгохыг бодож, залуусын зоригийг битгий мохоогоорой гэж хэлмээр байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн