Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн босгон дээр буюу өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль, Цэргийн төв эмнэлэгт тус тус ажиллав.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамц, Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа С.Батболд, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирал хошууч В.Дашпунцаг нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ҮБХИС-д хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсаж, Төрийн дуулал эгшиглүүлэн Төрийн хүндэт харуулын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэл өгөв. Үүний дараа ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамц, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирал хошууч В.Дашпунцаг нар сургуулийнхаа үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр байгуулагджээ. Түүхийнхээ хугацаанд олон мянган боловсон хүчин бэлтгэн гаргасны дотор Монгол Улсын баатар, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн олон арван алдартныг төрүүлсэн байна. ҮБХИС өнөөдөр зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд, иргэний байгууллагуудад хүний нөөц бэлтгэх, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, иргэний салбарт суурь болон хавсрага судалгаа явуулдаг цогц их сургууль болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжиж байгааг танилцууллаа. Тус сургууль саяхан Үндэсний их сургууль гэсэн тодотголтой болсон бөгөөд бүрэлдэхүүнд нь Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургууль, Цэргийн хөгжмийн сургууль, Ахлагчийн сургууль, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль багтаж байна.