Үндэстэн дамнасан технологийн томоохон компаниуд болох Microsoft, Yahoo-д инженерээр ажиллаж, өдгөө дэлхийн 30 гаруй оронд салбартай “Adobe” компанид ажиллаж буй монгол бүсгүй М.Сувдмааг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. Бид “Adobe” компанийг Photoshop, Lightroom, PDF, Acrobat Reader, Premiere Pro зэрэг компьютерийн өргөн хэрэглээний программуудаар нь эчнээ таних билээ. М.Сувдмаагийн хувьд тус компанид бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байгаа юм.
Тэрээр АНУ-д 20 гаруй жил ажиллахдаа программын инженерээс эхлээд системийн архитектораар ажиллан,, бүтээгдэхүүн хариуцсан менежер, технологи хариуцсан захирлын алба хашиж, гарааны бизнес үндэслэн байгуулж, олон талын туршлага хуримтлуулжээ. Ингээд компьютерийн ухааны доктор М.Сувдмаатай ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсанд тань баярлалаа. Дэлхийн 30 гаруй оронд салбартай “Adobe” компанид бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байгаа юм байна. Хоёулаа таны ажил, мэргэжлийн карьерын талаар яриагаа эхлүүлье?
-Би технологийн салбарт арваад жил ажиллахдаа том, жижиг компани, гарааны бизнес гээд олон төрлийн компанид ажиллаж үзлээ. Том компаниуд гэвэл Microsoft, Yahoo, Adobe байна. Мөн гурван жижиг “start-up” буюу гарааны бизнесийн компанид ажиллаж,нэгийг нь би өөрөө үндэслэн байгуулж байсан юм Миний гүйцэтгэх үүрэг ч энэ хооронд нэлээд өөрчлөгдлөө. Ажлын гараагаа программын инженерэээхлээд системийн архитектор, гарааны бизнес үндэслэн байгуулагч, технологи хариуцсан захирал, бүтээгдэхүүн хариуцсан менежер зэргээр карьерын хөгжил маань ахисанбайна.
Одоо би Аdobe компанид бүтээгдэхүүн хариуцсан ахлах менежерээр ажиллаж байна. Манай компани нийт 15000 ажилтантай, дэлхийн 30 гаруй оронд салбартай. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд гэвэл Photoshop, Lightroom, PDF, Acrobat Reader, Premiere Pro гэх зэрэг нийтдээ 80 гаруй график дизайн, видео редактор, цахим бичиг баримт, маркетингийн бүтээгдэхүүнүүд бий. Мөн зөвхөн бизнесменүүдэд зориулсан нэлээд хэдэн бүтээгдэхүүн хийдгийг олон нийт тэр болгон мэддэгүй л дээ. Товчхондоо, би одоо тус бүтээгдэхүүнүүдийн үүлэн тооцоолол дээр суурилсан хайлтын системийг хариуцан ажиллаж байна. Энэ хайлтын систем нь манай компанийн бүтээгдэхүүнүүдийг ашиглаж байгаа хэрэглэгчдэд хайлт хийх боломж олгодог. Хэрэгтэй зураг, видео, бичиг баримтаа өргөн хүрээнд хайж олж болно гэсэн үг. Ингэхдээ зөвхөн өөрийн цуглуулга дотор хайлт хийгээд зогсохгүй, Adobe Stock гэдэг гэрэл зураг, график урлагийн зах зээлээс хайлт хийж хэрэгтэй зүйлээ худалдан авч болно. Хиймэл оюун ухаан ашигладаг тул хэдхэн жилийн өмнө боломжгүй байсан техникийн шийдлийг одоо манай бүтээгдэхүүнд ашиглах боломжтой болсон. Ямар ч гарчиг, тайлбаргүй зургуудыг систем маань өөрөө шинжлээд, сэдэв, хэв маяг, өнгийн зохицлыг нь ойлгож авна. Тэгээд хэрэв хэрэглэгч "муур нохой хоёр далайн эрэг дээр" гэж хайвал яг хүн нэг бүрчлэн нүдээрээ хайсан мэт зөв зургуудыг ялгаж гаргана гэсэн үг. Бүр цаашилбалаль нэг зурагтай адил хэв маягтай, баруун дээд өнцөгтөө бичиг нэмэх хоосон зайтай эсвэл хоёр зураг эмхэтгэсэн дүрс зэргээр өргөн хүрээнд хайлт хийж болно. Миний хувьд энэ төрлийн системийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажилладаг.
-Үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн оронд өөрийн байр сууриа олж томоохон компанид ажиллана гэдэг амаргүй шүү дээ. Таны намтрыг харахад өмнө нь, Yahoo, Microsoft зэрэг үндэстэн дамнасан томоохон компаниудад ажиллаж байсан юм билээ. Эдгээр компаниудад ажилд орж байсан түүхээсээ хуваалцаж болох уу?
-Технологийн томоохон компаниудын ярилцлагад орох талаар манай бусад IT-чууд нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа харагддаг. Ялангуяа, Amazon-ы н.Амарбаярын блог их сайн мэдээлэлтэй санагддаг шүү. Монголчууд маань нэг нэгэнтэйгээ ийм байдлаар туршлага, мэдээлэл солилцож байгаа нь магтууштай.
Би өөрөө оюутан байхдаа Америкийн их дээд сургуулиудад хэрхэн элсэх, тэтгэлэг хэрхэн авах талаар маш дэлгэрэнгүй цуврал нийтлэл бичдэг байсан Тухайн үед маш олон хүн надтай холбоо барьж, асуухыг хүссэн зүйлдээ зөвлөгөө, мэдээлэл авдаг байлааХэрэгтэй мэдээллээ авлаа, хүссэн сургуульдаа орлоо гэж талархсан захианууд ч их ирдэг байсан шүү. Гэхдээ тэр болгон хүн бүрт хариулж чадаагүй л дээХэрэв уншигч танд хариулаагүй бол уучлаарай.
Би Цахиурын хөндийд ажиллаж эхэлснээсээ хойш бас олон монгол оюутнуудад ажилд орох талаар зөвлөгөө өгч, CV-г нь хянаж засч, ярилцлагад бэлдэхэд нь туслаж, таньдаг хүмүүс, компанитайгаа холбож өгч байсан. Дараа нь, "Сувдаа эгч ээ, баярлалаа" гээд цэцэг бариад ирэхэд нь эсвэл
Ерөнхийдөө ажлын ярилцлагад хамгийн чухал зүйл нь бэлтгэл байдаг. Гэхдээ энэ бол хэдхэн хоногийн тухай биш нэлээн хэдэн сарын бэлтгэлийн тухай асуудал байдаг. Ярилцлагаас гадна ямар сургууль төгссөн, хаана ямар дадлага ажил хийж байсан, тэмцээн уралдаанд түрүүлж байсан эсэх, ажиллаж байсан компаниас ямар тодорхойлолт өгсөн гээд бусад бүх хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ бүгдийг нь төгс бүрдүүлэх албагүй, ямар ч хүнд боломж бий.
Миний хувьд би сургуулиа төгсч байхдаа арваад компанид ярилцлагад ороод, зургаан ажлын санал авч байсан. Сайн сургуулийг онц төгссөн, оюутан байхдаа IBM, HP, Motorola гээд гурван том компанид дадлага хийж байсан юм. Гэхдээ эдгээр хүчин зүйл зөвхөн ярилцагад орох үүд хаалгыг маань л нээж өгсөн. Яг ярилцлага дээр бол асуултуудад хэрхэн хариулснаас ажлын санал авах, эсэх нь хамаарна. Товчхондоо бол таны хандлагыг л шалгадаг. Өөрөөр хэлбэл, ярилцлага өгөхийн тулд туршлагатай байх, ажилд орохын тулд хандлага сайтай байх шаардлагатай болдог. Тиймээс дахин хэлэхэд сайн бэлдэх л хэрэгтэй
Дээд сургуульд яваагүй эсвэл огт өөр мэргэжлээр сураад өөрөө программчлал бие даан сурсан хүмүүстэй би хамт ажиллаж байсан. Тэд үзүүлж харуулах бүтээлтэй, өндөр чадвартайгаа ярилцлагын үеэр харуулж чадсан учраас хүссэн ажилдаа орж чадсан байгаа юм. Англиар муу ярьдаг хүмүүстэй ч ажиллаж байсан. Гэхдээ тэр хүмүүс өндөр ур чадвартай, хамгийн гол нь ажлын хүрээндээ өөрийгөө ойлгуулж чаддаг, багаар ажиллах чадвартай байсан учраас дүрмийн алдаатай эсвэл аялгатай ярьдаг зэрэг нь огтхон ч хамаагүй байсан.
Эцэст нь хэлэхэд том компанид орж чадахгүй бол жижиг, дунд компанид ороход ч буруудахгүй. Харин ч илүү их бие дааж ажиллах, олон төрлийн үүрэг гүйцэтгэх, илүү хурдан зэрэг дэвших боломж олддог. АНУ-д олон мянган технологийн компани байдаг. Та бидний сонсож ч байгаагүй олон компанид монгол залуучууд сонирхолтой ажил хийгээд, өндөр цалинтай ажиллаж байгаа.
-Амжилттай яваа хүмүүс ихэнхдээ хэн нэгнээс үлгэр дууриал, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дууриал авдаг вэ?
-Миний амьдралын үе шат болгонд өөр, өөр хүмүүс надад үлгэрлэж байсан юм байна.. Аав минь олон жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан сэтгүүлч хүн. Хүнтэй хэрхэн зөв харьцах, үнэнч нөхөрлөл, хүн чанарын тухай ойлголтыг өөрийн биеэр, өөрийн жишээгээр үзүүлсэн хүн бий. Харин дунд сургуулийн баш нар маань эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, чин сэтгэлээсээ хандахыг зааж өгсөн. Одоо миний мэргэжлийн салбарт,миний тэмүүлж буй амжилтад хүрсэн хүмүүстэй холбоотой байж, зөвлөгөө авахыг чухалчилж байна.
Бас амжилттай яваа хүмүүсийн замналын тухай ном уншиж, тэднээс суралцахьг хичээдэг. Малколм Гладвелл гэдэг сэтгүүлчийн бичсэн "Outliers - The Story of Success" ном надад их таалагдсан. Энэ номонд янз бүрийн салбарт амжилтад хүрсэн хүмүүсийн замналыг судлаж, тэдний сурах, ажиллах арга барилыг статистикийн аргаар шинжилж сонирхолтой дүгнэлт хийсэн байдаг. Нэг талаас энэ хүмүүс зөв цагт, зөв газар төрж өссөн мэт Харагддаг. Гэвч хамгийн гол нь тэд олдсон боломжийг ашиглан уйгагуй хөдөлмөрлөж, тухайн салбартаа тэргүүлсэн байдаг.Энэ номоор "10 мянган цагийн онол"-ыг дэвшүүлсэн байдаг юм: Энэ нь аливаа салбарт дэлхийн төвшний өндөр ур чадвартай болохын тулд тэр чиглэлээрээ наад зах нь 10 мянган цаг хичээллэж, бэлтгэл хийх хэрэгтэй гэсэн байдаг. Хөгжмийн зохиолч Моцарт, Бийтлз хамтлагБилл Гейтсийн замналыг хүртэл энэ онолоор тайлбарласан байдаг. Би хувьдаа амжилтын 99 хувь нь хичээл зүтгэл, үлдсэн нэг хувь нь төрөлхийн авьяас, ухаан гэж боддог. Энэ ном миний энэ итгэлтэй нийцсэн тул их таалагдсан.
-Таны хувьд амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөөг хэн өгсөн бэ?
-Нэг найз минь 'The squeaky wheel gets the oil' гэж байнга хэлдэг байсан. Энэ үг "чахардаг дугуй тос хүртдэг" гэсэн утгатай. Би энэ үгийг байнга санаж явахыг хичээдэг. Хүссэнээ нэрлэхэлгүйгээр хэлж, нэхэх хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
Манай технологийн салбарт ажиллагсдын 15-20 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ийм тэнцвэргүй орчинд зарим эмэгтэй аль болох анхаарал татахгүй байхыг хичээх, мөн өөртөө итгэлгүй байх үзэгдэл элбэг. Нөгөө талаас, зарим эрэгтэй хүн эмэгтэй хүнийг үл тоох, дээрэлхэх зан гаргадгийг би энэ салбарт ажиллаж эхэлснээсээ хойш хэд хэдэн удаа мэдэрч байлаа. Сургуульд байхад эсвэл шинэ ажилтан байхад мэдэгддэггүй байсан юм билээ. Харин тушаал дэвших тусам, мөн гэр бүлтэй болж амьдралын өөр хэв маягтай болоход илүү мэдэгдэж эхэлсэн гэх үү дээ. АНУ шиг хөгжилтэй оронд шүү. Эмэгтэй хүний хувьд цалингийн хэлэлцээ хийх, тушаал дэвших хүсэлт гаргах, ажлын илүү тохиромжтой нөхцөл шаардах амаргүй. Би олон компанид, олон төрлийн ажил хийж үзсэний хувьд энэ тал дээр одоо гайгүй болсон гэж боддог. Шинэ ажилд орохдоо би заавал цалингийн хэлэлцээ хийж, амралт болон гэрээс ажиллах нөхцөлөө сайжруулж, урьдчилан тохирдог.
-Амьдралдаа хийж байсан хамгийн том бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?
-Хүн амьдралынхаа эцэст гаргасан алдаандаа бус, оролдож үзээгүй зүйлсдээ харамсдаг байх гэж би боддог. Бүтэлгүйтэж, алдаж үзээгүй хүн бол оролдлого хийдэггүй, эрсдэл гаргадаггүй хүн л гэсэн үг. Надад бүтэлгүйтсэн, зорьсондоо хүрч чадаагүй тохиолдол өчнөөн бий. Гэхдээ би өнгөрсөндөө нэг их харамсдаггүй. Би маш олон зүйл оролдож үздэг тул бүтэлгүйтсэнээ амархан мартчихдаг. Байнга санаж явахыг хичээдэг сургамж бол хүн хоорондын харилцаа маш чухал, бас эмзэг эд. Би ажлын гараагаа эхэлж байхдаа хамт ажилладаг хүмүүстэйгээ найзлаж, харьцаагаа бататгах гэж хичээдэггүй байсан юм. Мөн танилын хүрээгээ тэлэх гэж нэг их оролддоггүй байлаа. Би Монголд элбэг тохиолддог танил талын татлаа түлхээнд маш дургуй учраас Америкт бүх юм зөвхөн хувь хүний мэдлэг, чадварт түшиглэдэг гэж боддог байсан. Тэгсэн яг ч тийм биш юм байна лээ. Бизнес болон ажлын хүрээнд хүмүүс хоорондын харилцаа их нөлөөтэй, мэргэжлээрээ дэвших тусам тухайн хүний нөлөөллийн хүрээ амжилтад хүрэх том хүчин зүйл болдог юм байна гэдгийг ойлгож авсан. Одоо би долоо хоног бүр хуучин хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ эсвэл надад үлгэр дууриал болох 1-2 хүнтэй уулзаж ярилцах зав заавал гаргадаг болсон.
-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ.Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?
-Би докторын зэрэг хүртлээ олон жил сурлаа. Гэсэн ч би сурч дуусаагүй байна. Би байнга өөрийгөө хөгжүүлж, шинийг сурахыг хичээдэг. Намайг төгссөнөөс хойш газар авсан хиймэл оюун ухааны талаар бие даан онлайн хичээл авч зах зухаас нь сураад ажил дээрээ хэрэгжүүлж эхэлсэн. Бас blockchain, Internet of Things зэргийг сонирхож эхлээд байгаа.
Яг одоо миний ажлаасаа гадна хамгийн их сонирхож, цаг зарцуулж байгаа зүйл маань гарааны бизнес. Би гарааны бизнес эрхлэгчдийн зөвлөгчөөр ажиллаж, зарим төсөлд хөрөнгө оруулалт хийж эхлээд байгаа. Гэхдээ ихэнхдээ бусад хүнтэй хамтарч дундын сан үүсгэж хөрөнгө оруулалт хийдэг. Одоогоор энэ үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч цаашид өргөжүүлэх санаатай байгаа.Монгол дахь гарааны бизнесүүдийг Америк дахь хөрөнгө оруулагчидтай холбож өгч, Монголын хөрөнгө оруулагчдыг Америк дахь бизнесүүдтэй холбож өгөхөөр ажиллаж байна.
-Үйлдвэрлэл, маркетинг өндөр хөгжсөн газар гарааны компани байгуулж байсан хүний хувьд гадаадад зах зээлд бүтээгдэхүүнэээ гаргаж, хөрөнгө оруулагчид хэрхэн татах талаар өөрийн туршлагаар олж мэдсэн зүйлээсээ хуваалцаж болох уу. Ер нь технологийн компаниудын хувьд гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, хөрөнгө оруулагчдыг татахад хамгийн чухал нь юу байдаг вэ. Ямар шалгуур, шаардлагыг хангасан байх ёстой байдаг вэ?
-Миний анзаарснаар гадаад хөрөнгө оруулагчдын зүгээс гарааны бизнест гурван гол шалгуурыг тавьдаг. Нэгдүгээрт, тухайн багийн туршлага хэр вэ, цаашид амжилттай ажиллах боломж нь хэр вэ . Тухайн баг хамтдааүнэхээр сайн баг байж чадах уу гэдгийг эхний шалгуур болгон авч үздэг. Ерөнхийдөө багаараа шинэ бүтээгдэхүүнээ хөгжүүлэх ур чадвартай юу, инженерийн шийдлийг хэр сайн хийж чаддагвэ гэдгийг хардаг.
Хоёрдугаарт, бизнесийн шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн нь хэр дорвитой асуудлыг шийдэж чадах вэ гэдэгт голлон анхаарал хандуулдаг. Тухайн бүтээгдэхүүн хэнд хэрэгтэй вэ, юуг орлож, ямар асуудлыг шийдэж чадах вэ гэдэг нь хамгийн чухал.
Гуравдугаарт, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргах, гадаад хөрөнгө оруулагчдыг өөртөө татах хүсэлтэй байгаа Монголын гарааны бизнесүүд эхний ээлжинд дотоодын зах зээлдбүтээгдэхүүнээ хэр амжилттай байх вэ гэдгийг туршиж мэдэрсэн байвал давуу тал болдог. Учир нь амнө нь, зах зээлд гарч байгаагүй бүтээгдэхүүний хувьд хэрэглэгчдэдээ танигдахын тулд нэлээд хугацаа зарцуулах хэрэгтэй болдог.
-Манай IT инженерүүд бүтээгдэхүүн хийж гадаадын зах зээлд гаргах боломж хэр байдаг вэ. Ер нь Монголд IT-гийн салбарыг хөгжүүлэхэд ямар гаргалгаа байна вэ?
-Би АНУ-д оршин суугаaд 20 жил болж байна. Би энд арваад жил их, дээд сургуулиудад сурч Компьютерийн ухааны бакалавр, магистр, докторын зэрэг авсан. Технологийн салбартаа ажиллаад мөн арваад жил болж байна.
Энэ чиглэлээр АНУ-д сурч, ажилласан анхны цөөн хэдэн монголчуудын нэг. Одоо 200-гаад монголчууд АНУ-д энэ салбарт ажиллаж байна. Ер нь ямар ч том компанид ядаж нэг монгол ажилтан байгаа нь их бахархууштай. Тиймээс манай монгол залуусын дараагийн эзэгнэх орон зай нь гарааны бизнес юм байна гэж харж байгаа.
Би хааяа нэг Монгол дахь IT инженерүүдтэйутсаар ярьж, зарим нэг гарааны компанид зөвлөгөө өгдөг. Би Монголын IT салбарыг сайн мэднэ гэж хэлж чадахгүй. Гэхдээ өнгөцхөн харахад нэг үеэ бодвол Монголд гарааны компани нэлээд бий болж байна. Манай залуучууд ч энэ салбарыг их сонирхож, инкубаторууд бий болж, Hackathon тэмцээнүүд ч явагддаг болж. Энэ бүхэн маш сайшаалтай. Гэхдээ нэг зүйл анхааруулахад, хэдэн жилийн өмнө хялбар апп хийгээд, старт-ап үүсгээд, хөрөнгө оруулалт олж болдог байсан. Харин одоо тэр үе өнгөрсөн. Одоо үед хөрөнгө оруулагч нар дорвитойхон, том асуудал шийдсэн, сүүлийн үеийн технологи хэрэглэн өндөр чанартай бүтээгдэхүүн хийж чадах старт-апыг л хайдаг болсон. Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ гарган туршиж, сайжруулаад гадагшаа том зах зээл рүү гаргаж болох юм.
Монгол дахь гарааны компаниудыг амжилтад хүрэхэд хөрөнгө оруулагч чухал. Монголд ийм төрлийн хөрөнгө оруулалтын талаар ойлголт муу, хууль зүйн орчин нь сайн бүрдээгүй байна. Харин “Анд Глобал” компанийн үйл ажиллагаа надад их таалагдаж байгаа. Тэдний “LendMN” зээлийн апп нь чухал, дорвитой асуудал шийдэхээс гадна гүйцэтгэл нь ч сайн болсон. Тэд гаднын хөрөнгө оруулагчдыг татаж чадахаас гадна хөрөнгө оруулагч, гарааны бизнесийн хоорондох харилцаа ямар байх, хөрөнгө оруулалтын нөхцөл ямар байвал зохих талаар монголчуудыг сургаж байна. Үүнээс өмнө Монгол дахь хөрөнгө оруулагчид бизнес үүсгэгчийн оюуны өмч, цаг наргүй зүтгэсэн хөдөлмөрийг үнэлдэггүй, мөнгө өгснөөр тэднийг өмчлөөд авсан мэт боддог байсан. Харин одоо тэр үе өөр болсон гэж анзаарагдсан шүү.
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?
-Би аливаа ажлыг сайн төлөвлөж, бэлтгэл, зохион байгуулалт хийжбайж гүйцэтгэдэг. Ажил дээрээ ч тэр, хувийн амьдралдаа ч тэр. Аливаа зүйлийг зохион байгууллалттай, төлөвлөгөөтэй хийвэл заавал хурдан хийх гэж яарч сандрах шаардлага байхгүй. Миний хувьд байнгатэмдэглэл хөтөлдөг. Хүнтэй уулзсан ч, хуралд суусан ч, эмчтэйгээ уулзсан ч тэмдэглэл хөтлөхийг боддог. Хэрэв тухайн үедээ бичиж чадаагүй бол гараад бушуухан товч тэмдэглэл хийхийг хичээдэг. Ингэхдээ тухайн хүнээс, үйл явдлаас юу сурав, одоогийн байдал, дараагийн хийх ёстой алхам зэргээ тэмдэглэнэ. Ажил дээрээ бүтээгдэхүүн хариуцсан менежерийн хувьд би тухайн бүтээгдэхүүн, бизнесээ хэрхэн хөгжүүлэх, сайжруулах төлөвлөгөө байнга гаргадаг. Жилээр, улирлаар, долоохоногоор. Энэ төлөвлөгөөний дагуу манай инженерийн багууд гүйцэтгэл хийдэгэ. Багууд ажлын цагаа зөв зүйлд зарцуулж, компанийн бизнесийн амжилтад өгөөжөө өгөх ажлыг би би хариуцдаг юм л даа.
Ийм байдлаа би ажил дээрээ өдөржин шийдвэр гаргах шаардлагатай байдаг тул гэртээ жижиг сажиг зүйлд шийдвэр гаргаж цагаа үрэх дургүй. Тиймээсаль болох гэр ахуйн ажлаа хялбарчилж, урдчилсан хувиар гаргадаг. Долоо хоногийн хоолны цэс, долоо хоног бүр авах хүнсний жагсаалт гэх мэт зүйлсийг хэвлээд бэлдчихсэн байдаг. Би хувсаа өглөө босоод сонгох дургүй. Тиймдээ ч яг адилхан хэдэн цамд, өмд авсан. Миний зөвхөн гутал, пиджак л өөрчлөгддөг, бусдаар бол ажилдаа яг адилхан хувцас өдөр болгон өмсдөг. Хүүхдүүдийнхээ маргааш өмсөх хувцас, идэх хоолыг нь урд шөнө нь бэлдчихдэг юм. Хүүхдүүд маань нас бага байгаа тул одоохондоо өөрсдөө бэлдэж чадахгүй.
-Нэг талаар таны амжилт дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин төрж байна гэдгийг харуулаад байна л даа. Гэхдээ нөгөөтэйгээр тантай адил амжилттай яваа хүмүүсийн тоо хэт цөөн байна. Энэ тоог яаж олон болгох вэ. Яавал монгол хүн бүр таны замналаар явж чадах вэ?
- Амжилт, аз жаргалын тодорхойлолт хүн бүрт адилгүй.Хүн өөрийн тавьсан зорилгодоо хүрэхээр зүтгэж, тэр зүтгэлээсээ кайф авч чадвал аз жаргалтай байх боложтой. Би хувьдаа аливаа зүйлийг маш их хүсээд, түүнийхээ төлөө тэр хэмжээгээр хөдөлмөрлөөд, тавьсан зорилтдоо хүрснийхээ дараа, тэр дороо өөр зорилго хайж эхэлдэг. Ер нь би налайгаад сууж чаддаггүй хүн. "It's the journey, not the destination" буюу "хүрэх газар нь биш аян зам нь илүү сонирхолтой байх ёстой" гэсэн үг байдаг.
Би бодохдоо монгол залуус боловсрол, эрдэм мэдлэгээр аль ч орны залуусаас дутахгүй. Харин Монголд боловсролтой хүн гэхээсээ төлөвлөдөг, хийдэг, хэрэгжүүлдэг хүмүүс илүү хэрэгтэй гэж би боддог юм.
-Та бол технологийн салбарт тэр дундаа өрсөлдөөн ихтэй гаднын зах зээлд амжиллтай ажиллаж яваа эмэгтэй хүн. Мөн ээж хүн. Энэ хоёр чухал ажлыг хооронд нь цалгардуулалгүй хэрхэн амжуулж, ажил амьдралын балансаа хэрхэн зохицуулж ямар төлөвлөгөөгаар ажилладаг вэ. Америкт эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг талаар өөрийн туршлага,ажиглалтаас үүдэлтэй зөвлөмжөө хуваалцахгүй юу?
-Би хоёр хүүхдийн ээж. Хүүхдүүдээ аль болох дэг журамтай байлгахыг хичээдэг их хатуу ээж гэж болно. Хүүхдүүдээ тэр бүр эрхлүүлэхгүй байхыг боддог. Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх тал дээр миний баримталдаг зарчим нь аливаа зүйлийг цаг тухайд нь хийлгэж сургах. Тогтсон цагт унтуулна, тогтсон цагт хоолыг нь идүүлнэ. Энэ нь алсдаа хүүхдийг цаг барьдаг, хэлсэн амандаа хүрдэг хүн болж хүмүүжихэд чухал нөлөөтэй гэж боддог.
Манай хоёр хүүхэд хоёулаа цэцэрлэгт явдаг. Цэцэрлэг нь хүүхэд бүрт жижиг, жижиг үүрэг даалгавар хариуцуулдаг. Энэ нь тухайн хүүхдийг хариуцсан зүйлдээ хянамгай, няхуур байх, нөгөөтэйгүүр удаан хугацаагаар сууж сургадаг юм билээ. Мөн идмээр байгаа зүйлийг нь өөрөөр нь хийлгүүлдэг нь их таалагддаг. Хэрэв гадил идмээр байгаа бол өөрөө зүсээд ид гээд хутга өгч, итгэл үзүүлж дэмжлэг болдог байх жишээтэй. Ер нь, Америкийн цэцэрлэгүүд хүүхдийг багаас нь бие даасан, хувь хүн болгож хүмүүжүүлэх арга барилтай юм билээ.
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлжөөрчлөх шаардлагатай байгаа талуудад нь илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан гэж боддог вэ?
-Монголд өөрчлөх шаардлагатай байгаа асуудлуудыг тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс хэнээс ч илүү сайн ойлгож, тохирох шийдлийг олж чадах болов уу. Миний бодлоор монголчууд маань өндөр боловсролтой, ухаантай, амьдрах чадвар сайтай хүмүүс. Ялангуяа монгол эмэгтэйчүүд маань маш чадварлаг. Би хаана ч явсан монгол бүсгүйчүүдээр дандаа бахархдаг юм.
Миний ажигласнаар, Монголд анхаарах зүйлс нь байгаль орчны бохирдол болон хүмүүсийн ёс суртахууны доройтол юм болов уу. Мэдээж улс төрийн байдал, хотын утаа хүн болгоныг цухалдуулж байгаа. Энд тэр талаар яриад яах вэ. Байгаль орчны хувьд бид "Монголын онгон тансаг байгаль өөр хаана ч байхгүй' гэж бахархаж ярьдаг. Гэтэл хөдөө яваад тэр сайхан байгалиа үзэхээр хогоор дүүрсэн байдаг. Нүд халтирмаар. Ёс суртахууны хувьд хүн хүнээ хүндлэх, хайрлах сэтгэл байхгүй болоод байгаа юмуу даа гэж анзаарагдсан. Ангийн ялгаа их гарч эхэлсэн шиг санагдсан. Баячуудын хүүхдүүд зөвхөн баячуудын сургуульд явж, баян хороололд амьдарч, тэгээд тэр хүүхдүүд алсдаа эцэг эхийнхээ албан тушаалыг залгамжлан авч улс орноо удирдахдаа эх орон болон ард иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах болов уу гэдэг айдас ч төрсөн шүү.
-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?
-Аливааг бие дааж сурах тэвчээр, хатуужилтай болох хэрэгтэй. Ингэвэл байнга өөрийгөө хөгжүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах болно. Мөн сониуч бай, сонирхсон зүйлдээөөрийгөө сорьж үзэж байгаарай гэж захимаар байна.
Хүн гаргасан алдаандаа бус, оролдож үзээгүй зүйлдээ их харамсдаг гэдэг шүү дээ. Хэрэв танд ямар нэгэн санаа байгаа бол хэрэгжүүлэх гээд үз. Болох, болохгүй нь хамаагүй, үүнээс суралцах нь л чухал. Оролдож үзэх явцдаа маш их зүйл сурсан байх болно. Зорилт тавих амархан, хэрэгжүүлэх хэцүү. Алхам алхмаар зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргавал аливаа зүйл тийм ч хэцүү биш санагдана.