Эдийн засаг | 4 мин уншина

​Нефть боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй юү

​Нефть боловсруулах үйлдвэр барих  хэрэгтэй юү
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 21

Монгол Улс нефтийн хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг ОХУ-аас авдаг. Олон жил л ганцхан зах зээлээс хараат явж байгаа бөгөөд нийлүүлэгч тал шатахууны үнээ нэмэхэд шатахуун импортлогчид дотооддоо зарж буй бензиний жижиглэнгийн үнийг нэмдэг. Бензиний үнийн нэмэгдлийг дагаж гол нэрийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь жишиг болоод буй. Заримдаа бүр ганц зах зээлээс хараат гэдэг байдлыг ашиглаж шатахуун импортлогчид нь үгсэн хуйвалдаж дотооддоо бензинийн жижиглэнгийн үнийг нэмж байсан тохиолдол цөөнгүй гарсан. Тэгвэл энэ хараат байдлаас гарах арга нь дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих гэж эдийн засагч, судлаачид хэлдэг. Засаг солигдох бүрт нефть боловсруулах үйлдвэр барина гэдэг ч өнөөдрийг хүртэл цаасан дээрх яриа төдий л байв. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч байгуулагдсаныхаа дараа газрын тос боловсруулах үйлдвэр барих байршлыг тогтоож, хөрөнгийг шийдвэрлэлээ. Тодруулбал, Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд суманд газрын тосны үйлдвэрийг барихаар болсон. Ингэхдээ Засгийн газар, Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болсон юм. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулах, компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов.

Урьдчилсан тооцоогоор үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж үзжээ. Гэхдээ нөгөө талд түүхий эд хангалттай биш байхад дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих нь ашиггүй гэж ярих судлаачид ч байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар зарим экспертүүдийн байр суурийг хүргэе.

-УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал: Монгол Улсын эдийн засгийн үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдлын асуудал, тусгаар тогтнолын асуудал гэж бий. Энэ бүх өнцгөөс харахад нэгдүгээрт, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал, хоёрдугаарт нефтийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, аюулгүй байдлаа баталгаажуулах асуудал юм. Тэгэхээр бидэнд нефть боловсруулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй, удаан хугацаанд хүлээгдэж байсан хүлээлт юм.

БНЭУ-аас санхүүгийн эх үүсвэрийг шийдэж, газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсан. Бас тодорхой технологи ч байх нь дамжиггүй. Гэхдээ үндсэн технологи нь БНХАУ-ын юм уу, ОХУ-ын орчин үеийн дэвшилтэт технологи байна шүү дээ. Эсвэл бүр гуравдагч, дөрөвдөгч хөрш орноос ч шинэ технологи авч болно. Хаанаас ч байсан бид инженер, техникийн ажилтнаа бэлтгэх, гаргасан бүтээгдэхүүнээ тодорхой зах зээлд шилжүүлэхэд мөн л хамтын ажиллагаа шаардагдана. Тиймээс л энэ ажлыг амжилтанд хүргэе гэж байгаа бол Ерөнхий сайд өөрөө гардан хариуцаж, энэ бүх зүйлийг уялдуулах ёстой. Ер нь бид нефтийн үйлдвэр байгуулаад хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахгүй ч гэсэн ядаж байгаа нөөцөө ашиглаад дотоодын хэрэгцээнийхээ 30-40 хувийг хангачих хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Энэтхэг улсаас авах хөнгөлөлттэй зээлийг нефтрийн үйлдвэрлэлийн төсөлд оруулах нь хамгийн оновчтой шийдэл. Зам барихад оруулсан хөрөнгө оруулалт 30-аас дээш жил өртгөө нөхөж, эдийн засагт үр өгөөжөө өгч эхэлдэг. Харин нефтийн үйлдвэр бол 2-3 жил бариад, ашиглалтад орж үйлдвэрлэл эхэлсэн цагаасаа эдийн засагт давхар эерэг нөлөөллүүдийг гаргаж ирдэг. Тиймээс нефть боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд үр өгөөжөө өгнө. Манай улсын хувьд үр дүн нь маш хурдан мэдрэгдэнэ. Эдийн засаг саарсан энэ үед жилдээ 600-700 сая ам.долларыг шатахуун импортолж байна. Энэ мөнгийг дотооддоо үйлдвэр барьж хэмнэх хэрэгтэй. Нефть боловсруулах үйлдвэр нь тусгаар тогтнол хийгээд стратегийн маш чухал үйлдвэрлэлийн салбар юм. Одоо яаралтай ажил болгохыг ард түмэн, УИХ Засгийн газраас шаардах ёстой.

-Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж: Өмнөх нийгмийн үед төр барьж байсан хүмүүст нефтээ өөрсдөө боловсруулъя, гаднын улс орны хараат байдлаас гаръя, манайд нефтийн нөөц нь байгаа цагт үүнийг хийх боломжтой л гэж үзэж байсан. Тийм ч учраас гаднын орны хайгуулыг оруулж, нөөцөө тогтоолгож, дэлхийд нефттэй орон гэдгээ зарласан шүү дээ. Харин нөөцөө ашиглаж чадаагүй нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой байсан. Манай улс 1990 оноос хойш эдийн засгийн хувьд нефтийн үйлдвэрийг бие дааж, өөрийн хөрөнгөөр байгуулах боломж байсангүй. Тиймээс гаднын аль нэг орноос хөрөнгө оруулалт хүсэх шаардлага гарсаар ирсэн. Энэ бүхэнтэй холбоотой л гэж би боддог. Түүнээс Монголын төр засаг, улстөрчид нефтийн үйлдвэрээс татгалзаад, түлш шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах асуудлаас цэрвэсэн зүйлгүй л болов уу. Гагцхүү боломж нь бүрдэхгүй байсан. Үүнийг зохицуулах гэхээр яг нефть боловсруулахад зориулсан хөрөнгө оруулалт санасанаар олдохгүй байсан тал бий. Ингээд тэд ч нэг их хүчлээд, зүтгээд байсангүй. Тэгээд л түүхий бүтээгдэхүүнийг нь гаднын улс зөөгөөд, өөрсдөө бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр авч явсаар л ирлээ дээ. Саяхан Засгийн газрын шийдвэр гараад Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо. Анх Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэрийн суурь эхэлсэн. Одоо ч олборлолт хийгдэж байгаа. Тэгэхээр түүхий эддээ суурилсан нь сайн хэрэг. Энэ ажил цаашдаа өргөжөөд явах байх. Магадгүй бид үүнээс улбаалаад хэд хэдэн ч үйлдвэртэй болж болох юм.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн